Хөшигийн хөндий "хөшгөө" татаж, нисгэгчдийг сандаргажээ
2018/08/30
Хөшигийн хөндийд барьсан нисэх буудлаа ашиглаж эхлэхээр монголчууд тэсэн ядан хүлээж байгаа. Монголд боссон юм бүхэн хугацаандаа ашиглалтад ордоггүйтэй адилхан энэ буудал ч гэсэн анх төлөвлөсөн хугацаанаасаа даруй хоёр жилээр хойшилж, ирэх жилээс үйл ажиллагааг нь эхлүүлэх яриа өдгөө хөвөрч буй.
Тиймээс МИАТ компани өнгөрсөн дөрөвдүгээр сард хөшигийн хөндийн нисэх буудлын шалгах нислэгийг В737-800 агаарын хөлгөөр хийж, олон улсын нисэх буудлын хэрэглэлийн нислэгийн журмыг нислэгээр шалгаж, баталгаажуулсан юм байна. Тэд энэ нислэгээрээ уламжлалт навигацид тулгуурласан нарийвчлалтай болон нарийвчлалтай бус ILS RWY 29, LOC RWY 29, VOR/DME RWY 29, VOR/ DME RWY 11 ойртолтын журмуудыг шалгажээ. Мэдээж нислэгийг амжилттай үйлдэж, дүгнэлт гарган холбогдох газруудад танилцуулсан аж.
Гэвч туршилтын нислэгийн үеэр хөшигийн хөндий дээгүүр нэртэй нь адилхан “хөшиг” татаж, нисэх багийг гайхшируулсан төдийгүй багахан сандаргаад авчээ. Бүр дөрөвхөн цагийн шалгах нислэг үйлдэж байхад л цэлийсэн тал дээгүүр гэнэт сааралтан дуниартаж, үзэгдэх орчныг нь хязгаарласан юм байх.
Уг нь шинэ нисэх буудал барихдаа мэддэг чаддаг хүмүүс нь хамгийн боломжтой гэсэн долоон газрыг судалсны үндсэн дээр хөшигийн хөндийг сонгож, долоо хэмжиж нэг огтолсон ухаантай юм билээ. Даанч урагшгүй хэдэн нөхөр ул үндэслэл муу судалгаа хийснээс үүдсэн гоомой сонголтыг нь балаг тойрч эхлэх нь бололтой. Нэгэнт баригдаж дуусгаад өнөө маргаашгүй ашиглах гэж байхад ийм саар зүйл сонсогдож байгаа нь тун харамсмаар. угтаа бол нислэгийн аюулгүй байдалд үзэгдэх орчин, цаг агаарын нөхцөл, буух, хөөрөх зурвас тун чухал.
Гэтэл байнга шахам гэнэт манантан хөшиг татаж, байгалийн давагдашгүй нөлөөллөөр нислэгт хүндрэл учруулдаг газрыг товлочихож. Уг нь бүр дээр үед Монголын иргэний нисэхийн анхны онгоцууд хөөрч, нислэг үйлддэг газар байсан юмсанж. Тэр үед л хөшиг татдагийг нь мэдээд тухайн үеийнхэн уг байршлыг өөрчилж, “Буянт-ухаа” нисэх буудлыг буюу одоогийн “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлыг анх 1956 онд ОХУ-ын тусламжаар барьсныг хэлэх хүн байна.
Даанч энэ түүхийг үл хайхарсан том толгойтнууд дахин хөшигийн хөндийг сонгожээ. Угтаа бол Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт орших энэ газрыг “хөшигтэй хөндий” гэдэг байсан нь яван явсаар ярианы хэлэнд “хөшигтийн хөндий” болж өөрчлөгдөн дуудагддаг болсон гэх хууччуулын яриа байна. Харин энэ дуудлагыг эдүгээгийн бид өөрчлөн хөшигийн хөндий болгочихоод байгаа. Ухаад үзвэл эрт үед л хөшиг татдаг болохоор нь ухаант өвгөд маань “хөшигтэй” гэж нэрлэсэн нь дамжиггүй.
Хөшиг татдаг болохоор нь ухаант өвгөд маань “Хөшигтэй” гэж нэрлэсэн нь дамжиггүй
Уг нь энэ буудлын ерөнхий зураг, архитектур нь маш гоё. Монголчуудын дэлхийг чичрүүлж явсан нум сумны зэвийг дүрслэн бүтээсэн цогцолбор бөгөөд Ази, Европыг холбосон агаарын хамгийн дөт замд байрлаж буй гээд магтах зүйл олон. Тиймээс ч босгосон бүтээн байгуулалтыг гоочлох гэсэнгүй, гагцхүү байгалийн сонин үзэгдэл байнга гардгийг нь дуулгахыг зорив. Монголын нисгэгчдийн ур чадвар дэлхийн хэмжээнд үнэлэгдэхээр мундаг гэдгийг бид мэднэ. Тэднийг авхаалж самбаа, өндөр ур чадвар гарган цаг агаарын хүнд нөхцөлд хамгийн богино зурвастай нисэх буудалд ч газардаж, хөөрч чаддаг гэдэг.
Тэгэхгүй бол буцаад нисчихвэл компани нь алдагдал хүлээж, зардал чирэгдэл болдог учраас баргийн хүнд давааг давдаг чадвар эзэмшсэн нь тодорхой. Хөшигийн хөндийд татдаг хөшиг манай нисгэгч нарт торойгоод байх зовлон биш ч гэсэн гадаадын олон авиа компанийн нисгэгч нарт чамгүй чирэгдэл болох талтай. Хэсэгхэн хугацаанд хэрэглэх бус олон жилийн турш ашиглах энэ буудал жилдээ гурван сая хүртэл зорчигч хүлээн авах хүчин чадалтай. Цаашид жилдээ 12 сая хүртэл зорчигч хүлээн авах хэмжээнд өргөтгөж болохоор зай талбайг нь бодолцож байгуулсан гэдэг.
Мөн цаг агаарын тааламжгүй байдал, салхины чиглэлээс үл хамааран 24 цагийн турш агаарын хөлөг хүлээн авах хоёр талын оролт гаралт бүхий зурвастай ч алсын хараалалд нөлөөлөх саад гарч л байвал сайнгүй гэсэн үг. Мэдээж “Чингис хаан” ОУНБ-ын утаанаас хавьгүй дээр байх нь тодорхой. Одоогийн байдлаар 20-иод авиа компани манай шинэ нисэх буудлаар дамжин өнгөрөх хүсэлтээ гаргаад байна.
40 жилийн хугацаатай 65.6 тэрбум иен буюу 2010 оны үеийн ханшаар тооцогдох 300 сая ам.долларын зээлээр барьсан энэ том бүтээн байгуулалт нэг хэсэг улстөржилтөд нэрвэгдэж байсан цаг саяхан. Үүн дээр нэрмээс болох гэж ийм сөрөг зүйл нуршихыг ч хүссэнгүй. Харин ч стандарт, чанарыг ягштал баримталдаг япончуудаар бариулсан нь яамай даа гэж олзуурхдагаа нуух юун. Эцэст нь хэлэхэд хөшиг татаж айдаст автуулсан хөшигийн хөндийн нисэх буудлын тэнгэр нь ямагт цэлмэг, буулт нь зөөлөн байж, сүүн зам татуулаасай.
Засгийн газрын мэдээ сонин
Эх сурвалж: zgm.mn
Zochin · 2018/09/01
Zohiohoo bolildoo
Zochin · 2018/08/30
Saihan zohioh uymaa daa
Zochin · 2018/08/30
500 saya $ horongo oruulsani daraa iim uym bicheed yah ve dee,odoo bandan pad.
Зочин · 2018/08/30
За за яахав ээ. Хөшиг хөөдөг байгууламж нэмж барихаас даа
Хүннү · 2018/08/30
2005 оны зун хээрийн тодруулалтын ажлаар явж орой болхоор нь Зуунмод хотоос баруун урагш жижиг толгойн өвөрт хоносон юм. Маргааш өглөө эрт босоод хартал бидний хоноглосон газраас урагш бүтүү мана буусан байсан. Бид гайхаад малдаа явж байсан хүнээс энэ газрыг асуутал тэрээр " Энэ газрыг Хөшигтийн хөндий гэдэг юм ямарч тохиолдолд ийм мана буудаг газардаа би ямар сайн даа энэ маныг хөөрхийг хүлээж байгаад л хэдэн морьдоо олхоос" гэсэн юм. Манайхан ийм л юм хийэ дээ.
Зочин · 2018/08/30
Өвөг дээдэс маань газрын нэрийг их учиртай өгдөг байжээ гэж боддог. Байгалийн баялагтай газруудын нэрийг харахад тодорхой. Манай нутаг Салхит, Нөөлөгт гэдэг газрууд нэрэндээ яг тохирсон байдаг. Бодууштай л юм байж дээ
Ван · 2018/08/30
МАН-ын хужаагийн эрлийзүүд монголчуудыг хорлох л юм хийнэ. Монголчуудын төлөө ажиллана гэдж боддог бол том эндүүрэл.
Зочин · 2018/08/30
Ардын хүүхдүүдэд хаалттай зондоо .авилга ах дүүсээрээ ажилладаг энэ бол үнэн