Их эрдэмтэн С.М.Пржевальскийн шагналыг Монголоос академич Д.Доржготов хүртэв
2018/08/30
ОХУ-ын Газарзүйн нийгэмлэгийн дээд шагнал болох Оросын их эрдэмтэн С.М.Пржевальскийн нэрэмжит хүндэтгэлийн Алтан медалийг Монгол Улсаас анх удаа академич Д.Доржготов хүртлээ.
Н.С.Касимов: Манай нийгэмлэгийн дээд шагналыг Азиас хүртэж буй хоёр дахь хүн нь Д.Доржготов академич юм
Түүнд энэ эрхэм хүндэт шагналыг ОХУ-ын Газарзүйн нийгэмлэгийн тэргүүн дэд ерөнхийлөгч, Москвагийн Их сургуулийн Газарзүйн факультетийн Ерөнхийлөгч, академич Н.С.Касимов өнөөдөр ШУА-ийн Тэргүүлэгчдийн газарт гардуулж өглөө. Тус шагналыг гардуулахаар ОХУ-аас ирж хүндэтгэл үзүүлсэн тэрээр хэлэхдээ, “Монгол Улсад хөрсний газарзүйн судалгааг үндэслэгчийн нэг, энэ мэргэжлээр Москвагийн Их сургуулийг төгссөн Монолын анхны 3 хүний нэг эрхэм хүндэт доктор, академич Д.Доржготов таны олон жилийн нөр их ажлыг хүндэтгэн үнэлж, тэртээ 150-аад жилийн өмнө Монголд мөрөө гаргасан их эрдэмтэн С.М.Пржевальскийн үйл хэргийг үргэлжлүүлж буй таны хөдөлмөрийг үнэлж энэхүү хүндэт шагналыг олгож буйдаа гүн талархаж байна. Өнөөдөр бид дөнгөж сая Монгол Улсын ШУА-тай Газарзүйн нийгэмлэгийнхээ зүгээс хамтран ажиллах талаар нөхөр Ерөнхийлөгч Д.Рэгдэлтэй гарын үсэг зурлаа. Энэ бүх хамтын ажиллагааны эхлэлийг тавихад нөхөр Д.Доржготов таны гаргасан мөр, хувь нэмэр их бийг хэлэхэд таатай байна. Манай нийгэмлэгийн дээд шагналыг Азиас хүртэж буй хоёр дахь хүн нь та болж байна.” гэлээ.
Д.Доржготов: Энэ бол Монгол Улсын газарзүйн шинжлэх ухааныг олон улсын түвшинд тодорхойлох шагнал юм
Академич, Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор, профессор Д.Доржготов, “Миний бие газар зүйн шинжлэх ухааны салбарт 56 жил ажиллаж байна. Монгол орныхоо хөрсний бүтцийг судалж, очоогүй газар үлдээгүй. Монгол орны хөрсний зургийг зохиож, бүтээл бичиж байлаа. Олон арван сайхан шавь нартай. Эрдмийн ажлыг нь удирдсан 20 эрдэмтэн, дэд эрдэмтэн, доктор хоёр хүн байна. Эд маань намайг байхгүй болчихсон ч хөдөлмөрийг минь гэрчлэнэ. Энэ бүх ажлыг минь үнэлж энэхүү шагналыг олгож байгаад баяртай байна. Газарзүйн судалгаа их эртний түүхтэй. С.М.Пржевальский 1870 онд Монгол Улсад анх ирж байснаас хойш 150 гаруй жил манай улс оросуудтай хамтраад судалгаа хийж, судалгааны арвин нөөц материал цуглуулсан. Энэ бол зөвхөн миний судалгааны ажилд олгож байгаа шагнал биш. Монгол Улсын Газарзүйн шинжлэх ухааныг олон улсын түвшинд тодорхойлох шагнал юм” хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцсан юм. Тэрээр одоо Монгол орны газар зүйн экосистемийн атласыг хэвлүүлэхээр судалгаа хийж байгаагаа хэлж байв.
Дэлхийд нэр хүндтэй дээрх шагналыг Монгол эрдэмтэн хүртсэн ёслолын ажиллагаанд ШУА-ийн Ерөнхийлөгч Д.Рэгдэл, тэргүүн дэд Ерөнхийлөгч Г.Чулуунбаатар, академич Р.Барсболд, Т.Ган-Эрдэнэ нар болон ШУА-ийн Тэргүүлэгч гишүүд, академич доктор профессорууд, Москвагаас ирсэн эрдэмтэн зочдын төлөөлөл оролцлоо.
Тодруулга: Газарзүйн шинжлэх ухаанд шинэ нээлт хийсэн, онцгой бүтээл туурвисан эрдэмтэн судлаачдад 2 жилд нэг удаа хүртээдэг С.М.Пржевальскийн нэрэмжит шагналыг олгодог ОХУ-ын Газарзүйн нийгэмлэгийг тус улсын Батлан хамгаалахын сайд С.Шойгу тэргүүлж, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин дэд ерөнхийлөгч бөгөөд Ивээн тэтгэгчдийн зөвлөлийн даргаар ажилладаг байна.
Б.Болд
Гэрэл зургийг Н.Батбаяр
Эх сурвалж: Монцамэ агентлаг