Монголын хошин урлаг болоод кино ертөнцөд өөрийн авъяас билэг, өвөрмөрц жүжиглэлтээрээ хэдийнэ өөрийн орон зайг бий болгож, тайз дэлгэцийн олон арван бүтээлүүдэд гол болон туслах дүрийг бүтээж үзэгчдийн хайр хүндлэлийг хүлээсэн "Амар медиа" продакшны захирал, жүжигчин Р.Адъяатай цөөн хором ярилцсанаа уншигчиддаа хүргэж байна.

   Сур.асуулт: Өөрийг тань үзэгчид хошин мэдрэмжтэй, элдэвтэй хичээнгүй жүжигчин гэж таньж хүндэлдэг. Тэгвэл шинэ кино продакшн байгуулж Продюсер болсон тухай мэдээлэл сонирхол татлаа. Гэнэтийн явдал байв уу, эсвэл?

    Р.Адъяа: Үнэндээ ухаад ч малтаад ч барагдашгүй оюун сэтгэлгээний далд уурхай бол Кино урлаг биз дээ. Ил далд уурхайнууд бүгдийн анхаарлыг татаж байгаа энэ цаг үед би энэ зүйрлэлийг хэлсэн юм. Харин Монголын үржил шимтэй сайхан хөрсөнд цэцэглүүлэн хөгжүүлэх талаар хамтдаа бяцхан эрэгцүүлэл  хийе. Мэргэжлийн судлаач шүүмжлэгч биш жирийн нэгэн жүжигчиний хувьд энэ он жилүүдэд танхим дүүрэн үзэгчтэй болгосон Монгол киноны залуу ассуудад баярлалаа гэж хэлэх цаг болсон.Тиймдээ ч мөр зэрэгцэн зүтгээд үзье гэж бодсон юм. Гэнэтийн явдал биш л дээ. Бидний хүндэлдэг Болд-Эрдэнэ, Навчаа, Урнаа, Ундармаа гээд олон жүжигчид өөрсдийн мэдрэмжээрээ продакшн байгуулаад, дуртай сэдвээрээ киногоо хийж найруулж, продюсерлээд зовлон жаргалыг нь үүрээд л нөгөө оюун сэтгэлгээний далд уурхайг ухах ажилтай явна. Миний хувьд ухахын зэрэгцээ сайн үр суулгаж байя гэсэн олон жилийн бодолдоо хөтлөгдсөн хэрэг. Продюсер гэдэг чинь буянтай цэцэрлэгч юм болов уу гэж ойлгосон л доо.

   Сур.асуулт: Сайхан зүйрлэл байна. Мэдээж Адъяа гэдэг цэцэрлэгчийн бүтээсэн олон шоу, киноны дүрүүд нь үзэгчдийн сэтгэл оюунд хоногшин ургасан байж таарна. Зөвхөн сайн үр суулгая, ургуулая гэсэн тэмүүлэл тань удахгүй нээлтээ хийх гэж буй “Анирлагч” уран сайхны киногоор тань илэрхийлэгдэх нь ээ?

  Р.Адъяа: Зөвхөн сайн үр гэж зөв ойлгожээ.Аливаа бүтээл бүхэн сэдэв санаа сонгохоос, түүнийгээ өөрсдөө баталж,таашааж,омогшиж бүтээхийг шаарддаг. Мэдээж хөндөөгүй,улиглаагүй санаа байх ёстой. Энэ л үүднээс бидний амьд явах учир утгыг тодорхойлсон Байгал дэлхий, уул ус, ургамал амьтан бүхэнтэй хүмүүн бид өнөөдөр ч өчигдөр ч хэрхэн харьцаж байж  вэ гэдэг том санаа үрийг би олзуурхсан. Хоёрт хайр дурлалынхаа насан дээр ирсэн дэрсхэн охидоо бусдын нүдний хороос харамлахын хажуугаар хангай дэлхийнхээ хамгаалагч болсон Ойн цагдаа Ээж бас мундаг байгаа биз. Энэ чинь л нөгөө үзүүлэх гээд байгаа Сайн үр чинь шүү дээ.За тэгээд л амьдралын тэмцэл болсон хойно дурлан шунагчид, хайрын дуудлагаар ирэгсэд, олон жилийн улбаатай өш хонзон, ээдрээ бүхэн энэ киног таашгүй адал явдлаар дүүргэсэн. Би ч, манай найруулагчид ч, үзэгч кино эхлэв үү үгүй юу, төгсгөлийг нь таачихдаг тийм найруулга драмаас зугтахыг хичээдэг. Манай киноны уран бүтээлчдийн хэлээд байгаа Анирлах эрхийг нь үзэгчдэд олгосон тийм л бүтээл бид хийчихлээ. Мэдээж өнгө будаг, зохиол найруулга, жүжигчдийн ур чадвар,дүрслэл аялгуу бүхэн жинхэнэ “Анирлагч”-ыг харуулна.

   Сур.асуулт: Энэ кино бодит үйл явдлаас сэдэвлэсэн байх аа?

  Р.Адъяа: Тиймээ... Манай зохиолч найруулагч Д.Энхбаатар хэдэн жилийн өмнө Замд гаръя нэвтрүүлгээ хөдөө хийж яваад тайгынхан Хундай гэж авхайлдаг нэг эмээгээс өөрийх нь түүхийг сонссон юм билээ. Үнэндээ манай гол дүрийн нэр шиг Хунсар гэдэг содон нэртэй тэр хөгшин,яг зайран ч биш гэхдээ далд мэдрэхүйтэй, ойн савдаг, тэнгэр энэ тэртэй ярьдаг, галзуу ч гэмээр хүн байж л дээ. Тэгэхдээ их нууцлаг. Хөвсгөлийн далай ээж гэдэг шиг хаяа гэнэт гараад ирдэг, бараг л нөгөө харагдах хүндээ харагддаг гэдэг шиг л. За тоголсон шүү. Тэр нь ч юу юм. Тэр хөгшин залуудаа бараг 60-аад онд алс бөглүү тайгад эмгэнэлт явдалтай учирч ээжээсээ өнчирсөн тухай болсон явдал юм. Ромео Жулетта гэдэг шиг хайрын аймаар түүх. Энэнээс сэдэвлэж, бас аль ч цаг үед  байж болохоор мөнхийн сонгодог хэлбэрийг агуулсан найруулгатай кино байгаасай гэж зорьсон. 

   Сур. асуулт: Сонирхолтой байна. Нэгэн мэдээлэл дээр Анирлагч бол Үзэгчдийг нэрлэж  байгаа гэж тэмдэглэсэн байна лээ. Магадгүй киноны тань менежмент байж болох юм?

   Р.Адъяа: Яахав тэгж ойлгож болох юм.Зүгээр л үзээд гарах биш.Нэгийг бодоод,зүрх сэтгэлдээ Анирлаад гарах юм бол сайхан ш дээ.Би дээр хэлсэн.Танхим дүүрэн үзэгчид алга ташаад л амьд харьцаа үүсчихсэн ,уран бүтээлийг хүндэлдэг болсон цаг үе гэж.Хөнгөн хошин жанр ч бай, залуусын хайр дурлалын драм ч бай хошуурдаг байсан бол одоо үзэгчид маань  зүрх сэтгэлийг нь хөндсөн, уянгын бас сэтгэлгээний нарийн хийцтэй киног таашаадаг болжээ.Аль аль нь л хэрэгтэй бүтээлүүд.Би ч гэсэн өөрийгөө сорьж,” Амар медиа “ продакшн байгуулж. Энэ киног продюсерлэхийн зэрэгцээ урьд өмнө оролдож байгаагүй эсрэг дүрийн үйлийн үрт эрийн гол дүрд тоглож үзлээ.Бэрхшээл байсан ч манай зохиолч   Р. Оюунгэрэл, Ерөнхий найруулагч Д.Энхбаатар,Д.Сангибат,найруулагч жүжигчин Х.Батбаяр,Б. Батзориг,болон дотно найз нөхөд Б.Баярхүү Б.Анхбаяр Д.Соёл-Эрдэнэ нар маань санал болгож,жүжигчиний карьертаа  нэг алхам хий гэсэн санал намайг зоригжуулсан.Туршлагатай зураглаач Ж.Отгондаваа Өсөхөө.,зураач Митэвдорж,дууны найруулагч С.Нэргүй,Б.Өлзий- Орших,нүүр хувиргагч Д.Дагирмаа нар маань ч зураг авалтын явцад санал солилцон дэмжиж байсанд их урамшсан.Мэдээж хамтран тоглосон жүжигчдийн багтаа талархахгүй байхыг аргагүй.Хүндэлдэг эгч драмын Ц.Баясгалан,туршлагатай гавъяат жүжигчин Д.Гүрсэд,дотно найз Э.Ууганбаяр,хайртай дүү нар жүжигчин  П.Шүүдэрцэцэг Б.Бадамцэцэг нар маань ч ур чадвараа харамгүй гаргаж, бодитой харилцахад амар болгосон.Ингээд Алтан ургийнхан,Эвлүүлэгч,графикч нар арын албаныхан,Бугант тосгоныхон, ах дүү,найз нөхөд, гэр бүлийхэндээ талархалаа илэрхийлж, ирж буй сар шинийн мэнд дэвшүүлье.  

   Сур. асуулт: Кино нээлтээ хийх бэлтгэл ажлынхаа хажуугаар цаг заваа гарган ярилцсан танд баярлалаа. Ингээд нөгөөдөр буюу 2-р сарын 5-аас нээлтээ хийх “Анирлагч” уран сайхны кинон дээр дахин уулзая. Таны “Амар медиа” продакшны ажилд амжилт хүсье.              


Таныг урлагийн тэнгэр ивээг...