Сувилагчдын цалинг нэмэхгүй бол өвчтөнг сувилах хүн олдохгүй нь
2013/03/21
Нийслэлийн хэмжээнд сувилахуйн мэргэжлээр боловсон хүчин бэлтгэдэг дөрөв, таван сургууль бий. Эдгээр сургууль жилийн жилд тодорхой тооны боловсон хүчин бэлтгэн төгсгөдөг.
Гэвч төгсөгчид мэргэжлээрээ ажиллах сонирхолгүйгээс болж эмнэлгийн байгууллагууд боловсон хүчнээр дутагдах болжээ. Тэд мэргэжлээрээ ажиллахгүй байгаа шалтгаан маш олон. Тухайлбал ажлын ачаалал их хэрнээ цалин хөлсний хэмжээ бага гэх мэт.
Нийслэлд үйл ажиллагаагаа явуулж байгаа эрүүл мэндийн 30 гаруй байгууллага байдаг. Эдгээр байгууллагад өнөөдрийн байдлаар гурван мянга гаруй сувилагч ажилладаг ч өвчтөндөө хүрч ажиллаж чадахгүй байна. Тэднийг ажлаа муу хийж байгаа гэвэл худлаа болох биз. Тэд хамаг хүчээ дайчлан эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийн төлөө идэх хоол, унтах нойроо хагаслан гүйж яваа. Гэвч тэд үнэхээр хүчрэхгүй байгаа нь эмнэлэгт үзүүлэх өвчний тоо утгаа алдаж, нэг сувилагчид ногдох өвчтөний тоо даруй хоёроос гурав дахин өссөнтэй шууд холбоотой. Мөн залуу боловсон хүчний хүрэлцээ хангалтгүй, сувилагч мэргэжлээр төгсөх залуусын тоо болон тогтвор суурьшилтай ажиллах боловсон хүчний тоо буурсантай холбон тайлбарлаж болно.
Ямартай ч эрүүл мэндийн салбар тэр дундаа сувилагчдын цалин мөнгө болон нийгмийн асуудлыг шийдвэрлэхийн тулд ямар арга хэмжээ авч байгаа талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын Сувилахуйн тусламж үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Сонгиносүрэнгээс тодруулсан юм.
-Эмнэлгийн байгууллагуудад сувилагчийн хүрэлцээ маш муу байна. Үүнийг нэмэгдүүлэх талаар ямар арга хэмжээ авч байна вэ?
-Манай байгууллага эмнэлгүүдийн хүний нөөц болон сувилахуйн албаны дарга нартай хамтраад төгсөлтүүд дээр очиж байгууллагаа сурталчлах ажлыг зохион байгуулахаар ажиллаж байна. Хүний нөөцийн асуудлыг яавал нэмэгдүүлэх вэ, ямар боломж бололцоо байна гэдгийг судалж байгаа. Ямар ч байсан эхний ээлжинд ямар орон тоон дээр хэчнээн хүн дутуу байна гэдгийг гаргачихаад дараа дараагийн ажлаа хийх болно. Ерөнхийдөө сувилагчдын цалин маш бага байдаг. Иймээс цалингийн сүлжээг давхар судалж байгаа.
-Нэг сувилагч өдөрт хэчнээн өвчтөнг сувилах ёстой юм бол. Өнөөдрийн байдлаар нэг сувилагч хэдэн өвчтөнг сувилж байгаа вэ?
-Тухайн байгууллагынхаа үйл ажиллагааны онцлогоос хамаарч янз янз байдаг. Дүүргүүдийн сэхээн амьдруулах тасагт таван оронд нэг сувилагч, энгийн тасагт 15 оронд нэг сувилагч байх ёстой. Гэвч өнөөдрийн байдлаар энэ стандартын дагуу ажиллах ямар ч боломжгүй байгаа.
-Сувилагч нар хэдэн төгрөгийн цалин авдаг вэ?
-Төрийн үйлчилгээний албаны хоёр гэсэн шатлалаар цалинждаг. Өнөөдөр бага эмч, эх ба-ригчаар төгссөн хүмүүсийн цалин сувилагчийн цалингаас нэг шатлалын дээр байдаг. Иймээс сувилагчийн цалингийн шатлалыг дор хаяж нэг шатлал ахиулах хэрэгтэй байгаа юм.
Түүний хэлж буйгаар сувилагчийн ажлын ачаалал маш их, дээрээс нь цалин бага учраас сувилахуйн мэргэжлээр төгссөн залуус мэргэжлээрээ ажиллах сонирхол багассан байна. Дээр нь шинээр ажилд орж байгаа залуу боловсон хүчнүүдийн мэргэжлийн ур чадвар муу байгаа талаар өгүүлж байсан юм. Мөн сувилахуйн тусламж үйлчилгээний стандарт нь анх батлагдсан цагаасаа хойш өдийг хүртэл шинэчлэгдээгүй байгаа болохоор боловсон хүчний орон тоог нэмэх гэхээр цалингийн сан нь хүрэхээ байчихдаг гэдгийг онцолж байсан юм.
Ямартай ч сувилагчийн хүрэлцээ ямар байгааг мэдэхээр нийслэлийн Нэгдүгээр амаржих газрын Сувилахуйн албаны дарга Л.Амаржаргалтай уулзсан юм. Тэрбээр “Өнөөдрийн байдлаар манай эмнэлэгт 76 сувилагч ажиллаж байгаа. Монгол Улсын Амаржих газрын бүтэц үйл ажиллагааны 61.88.2010 стандартад 15 өвчтөнд нэг сувилагч ногдоно гэсэн заалт байдаг. Гэвч нэг сувилагч өдөрт дунджаар 40-55 эх нярай ногдож байгаа. Иймээс сувилагчийн ажлын ачаалал маш их байдаг” гэв.
Тус эмнэлгийн сувилагчид Монгол Улсын Амаржих газрын стандартаас даруй гурав, дөрөв дахин илүү ачаалалтай ажилладаг хэрнээ Төрийн үйлчилгээний хоёрдугаар шатлал буюу 388 мянга 571 төгрөгөөр цалинждаг. Харин олон жил ажилласан туршлагатай сувилагч сардаа 438 мянга 869 төгрөг авдаг гэсэн. Тэд энэхүү цалингаа хоёр хувааж авдаг. Дээрээс нь янз бүрийн татвар төлнө. Тэгэхээр 15 хоногтоо хэдэн төгрөг авдаг нь тодорхой биз дээ. Манай улс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 140 мянга 400 төгрөг гэж тогтоосон байдаг. Энэ хэмжээний цалинг мэргэжил боловсролгүй нэгэн авдаг. Гэтэл гурав дөрвөн жил сурч, хүний “алтан” амийг хамгаалах үүргийг хүлээсэн сувилагчид энэ хэмжээний цалин авч байгаа нь үнэхээр харамсалтай. Тэдний цалинг нэмэх талаар жил болгон холбогдох яам агентлагууд ярьдаг ч төдийлөн шийдэж чаддаггүй гэнэ.
Манай эмнэлгийн байгууллагуудын ажиллах орчин, нөхцөл муу, ажлын ачаалал их, ажлын цаг урт, хөнгөлөлт, цалингийн нэмэгдэл үнэлгээ бага. Мөн цалин хангамж бага учраас залуу боловсон хүчнүүд мэргэжлээрээ ажиллах сонирхол нь буурснаас нийслэлд үйл ажиллагаагаа явуулж буй эмнэлгүүд сувилагчаар дутаж байна. Энэ нь үнэхээр том асуудал, бараг гамшиг ч гэсэн болно. Учир нь эмч өвчтөнүүдээ үзэж оношилчихоод бусад ажлаа сувилагчдаа даатгачихдаг. Тэгэхээр сувилагч үгүй бол эмнэлгийн үйл ажиллагаа зогсонги байдалд орж, эрдэнэт хүний амь эрсдэж ч болох юм.
Ж.Баттуул