Зах зээлийн харилцаанд ЭРЭЛТ НИЙЛҮҮЛЭЛТ гэсэн 2 гол тулгуур үзүүлэлт байдаг. Манай өнөөгийн нийгэмд  дээд  мэрэгжлийн болон тусгай мэргэжлийн улсын ба хувийн сургуулиудын  оюутнуудын элсэлтийн квотыг улсаас нэгтгэн тогтоож өгөхгүй байгаа нь эдийн засгийн энэ хуулийн агуулгыг бүрмөсөн алдагдуулж байна.

Өөрөөр хэлбэл эрэлтийг үл харгалзан нийлүүлэлтийн байнгын илүүдлийг бий болгож байна. Ардчилсан хувьсгалын эхний жилүүдэд хүн бүр л гахай үүрэн наймаанд явж, дараа нь хашаа орц бүрийн нүх сүв болгонд тохиролцооны дэлгүүр нээцгээсэн. Энэ бол зах зээлийн нийгмийн эхэн үеийн “зэрэглээт” үзэгдэл байлаа. Өнөө үед аав ээжийнхээ бүх насаараа хөдөлмөрлөж олсон хөрөнгөөр буюу ирээдүй үеээ золиослон өр зээл тавьж авсан мөнгөөр ямар  нэгэн дээд сургууль төгсөж диплом авсан охид хөвгүүд өөрийн олж авсан боловсролд тохирох ажил хайцгааж байна. Тэд хаа нэгтээ илэрсэн байгалийн баялаг, алтны илэрц даган “нинжа” болох буюу Солонгос явж хөдөлмөр эрхлэх урт дараалалд зогсоцгоож байна. Тэднийг төгсгөн гаргасан эрхэмсэг “доктор”, “профессор”, “академичид” л жил жилийнхээ сургалтын зардлыг үндэслэлгүйгээр нэмэх замаар ард түмний боловсролоор бизнес эрхлэн амар амгалан сууцгаана. Энэ байдлыг эцэс болгохын тулд жил жилд оюутан элсүүлэх квотыг; өмнөх 2 жилийн төгсөгчдийн мэргэжлийн ажил эрхлэлтийн хэмжээгээр болон Засгийн газрын бодлогын захиалгаар тогтоодог хууль боловсруулж мөрдүүлбэл зохино. Улс болоод хувийн  зардлаар гадаадад суралцах оюутны тоог ч өмнөх 2 жилийн төгсөгчдийн эх орондоо ирж ажил эрхэлж байгаа тоотой харьцуулсан хэмжээгээр тогтоож зөвшөөрөл олгож байваас зохистой. Хэрэв ийм хуулийг хэрэгжүүлж эхэлбэл боловсролын мөн чанар эдийн засгийн бүрэн агуулгаа олж, дээд ба тусгай мэргэжлийн сургуулиудын хүрээнд бизнессийн ашгийн төлөөх улайрсан тэмцэл хүчээ авч  байгааг таслан зогсоож чадна.

Л.Лхагва

sonin.mn