“Aзгүй” 32 мянган хүүхэд цоожтой хаалганы цаана уйлаад л байж байг уу
2018/09/07
Хуучин бол хичээлийн шинэ жилийн нээлт гэдэг чинь сурагч, багачуудын дуу хуур, инээд цалгисан их л сүртэй, эрдмийн баяр, томоохон ёслол байлаа. Харин одоо баяр биш, цэцэрлэггүй үлдэж азгүйгээрээ дуудуулсан багачуулын гуниг уйтгартай харц, гэртээ цоожлогдсон бяцхан үрсийн ганцаардмал төрхтэй нулимстай өдрүүдийн эхлэл болж дээ.
Өнөө жил нийслэлд төрийн өмчийн 222, төрийн бус 450, нийт 672 цэцэрлэгт ойролцоогоор 114 мянган хүүхэд хамрагдахаар болоод байгаа бол цаана нь 32 мянган хүүхэд цэцэрлэггүй үлдээд байна. Харин Ерөнхий боловсролын 241 сургуулийн нэгдүгээр ангид зургаан настай 34 мянган хүүхэд элсэнэ.
Улаанбаатар хотод цэцэрлэгт хамрагдах ёстой нийт 146 мянган хүүхэд байгаагаас 32 мянга нь сугалаагаар нэр нь гарч ирээгүйгээс “азгүй”гээрээ дуудуулан хаалганы цаана үлдэж байгаа нь цэцэрлэгт хамрагдах ёстой хүүхдүүдийн 22 хувь болж байна.
Энэ оны хоёрдугаар сарын 2нд Монгол Улсын Ерөнхий сайд, МАНын дарга У.Хүрэлсүх Д.Сүхбаатарын мэндэлсний 125 жилийн ойн өдрөөр өөрийн төгссөн II дунд сургуульд зочлох үеэрээ “Энэ Засгийн газар боловсролын салбарт урьд өмнө байгаагүй их хөрөнгө зарцуулж энэ жил 127 цэцэрлэг, 93 сургууль барина. Ингэснээр гурван ээлжээр хичээллэдэг сургуульгүй болж, хүүхдүүд азын сугалаагаар цэцэрлэгт ордгоо болино” гэж ярьж байсныг ард түмэн санаж байгаа байх. Салбарын сайд нь ч 2018 оны төсвийг батлах үеэр сургуулиудын хөрөнгө оруулалтыг иж бүрэн шийдсэн учир 2018 оны есдүгээр сарын нэгэн гэхэд сугалаа сугалж, танил талаараа яриулж хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлдэг асуудал нэг мөр шийдэгдэнэ гэж хэлж байсан удаатай. Гэтэл өнөө жил улсын хэмжээнд 20хон цэцэрлэг шинээр үүд хаалгаа нээж байгаа юм. Өмнө нь хэн нь түрүүлж ирж дугаарлаж зогссон нь хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлдэг байсан. Энэ нь хэл ам таталснаар ийнхүү цахимаар бүртгэж хүүхдүүдийг цэцэрлэгт авахдаа хэр аз, ёндоотойгоор нь шалгадаг болоод удлаа. Наймдугаар сар гарах үеэс л цэцэрлэгийн багачуудыг “азтай”, “азгүй”-гээр нь ярих болж эцэг, эхчүүд “Миний хүүхэд азтай. Цэцэрлэгт орж чадсан”, “Манай хүүхэд азгүй. Дахиад л гэртээ бүтэн жил цоожлуулах нь дээ” гэх мэтээр хүүхдээ элдвээр цоллож сэтгэл зүйн асар их дарамтад оруулдаг боллоо. Багаасаа өөрийгөө азгүй, хийморьгүй, гологдмол гэж эцэг эх, эргэн тойрноосоо сонссон хүүхдийн сэтгэхүйд ямар ч байсан сайн ул мөр үлдэхгүй.
Улсын хэмжээнд 2015-2016 оны хичээлийн жилд 1288 цэцэрлэгт 225 мянган хүүхэд хамрагдаж байсан бол 20162017 онд 1354 цэцэрлэгт 243 мянган хүүхэд, 2017-2018 онд 1416 цэцэрлэгт 256 мянган хүүхэд тус тус хамрагджээ. Сүүлийн дөрвөн жилд улсын хэмжээнд жилд 62-66 цэцэрлэг шинээр баригдаж ашиглалтад орж байсан ч олон хүүхэд цэцэрлэггүй үлдсээр байсан. Гэтэл өнөө жил бүхэл бүтэн улсын хэмжээнд 20хон цэцэрлэг шинээр баригдсан нь өмнөх үзүүлэлтүүдийг доош татлаа. Энэ нь чамлах байтугай харамсмаар үзүүлэлт мөн биз дээ.
Сургууль, цэцэрлэг хүрэлцээгүй байхад барилгын ажил, засвар гэж бөөн тээг бий. Шинээр цэцэрлэг, сургууль барихаар бол сонгон шалгаруулалтыг хурдан явуулаад хаврын улиралд, цаг уярах үеэр барилгын ажлыг нь эхлүүлчихвэл есдүгээр сарын нэгэн гэхэд ашиглалтад орчих боломжтой. Гэтэл шинэ сургууль барих, өргөтгөх, засвар хийх ажлаа сунжруулсаар наймдугаар сар хүргэдэг нь гэм биш, зан болчихож. Барилгын ажил дуусаагүйгээс олон хүүхэд цэцэрлэггүй хоцорч, сурагчид нэг ширээнд чихэлдэж хичээллэх болчихоод байна.
Их болон урсгал засвар дуусаагүй байгаа сургууль, цэцэрлэг нийслэлийн хэмжээнд 25 байгаа бол засварын ажил дуусаагүй гэх шалтгаанаар 15 нь шинэ хичээлийн жилд хүүхэд хүлээн авах боломжгүй байна. Сүхбаатар дүүргийн 54 дүгээр цэцэрлэг, Хан-Уул дүүргийн 121, 41 дүгээр цэцэрлэг, Баянгол дүүргийн 47 дугаар сургууль, 164 дүгээр цэцэрлэг, Баянзүрх дүүргийн 126, 53 дугаар сургууль, 146 дугаар цэцэрлэг, Чингэлтэй дүүргийн 102, 19, 174 дүгээр цэцэрлэг, Сонгинохайрхан дүүргийн 127 дугаар цэцэрлэг засварын ажлаа дуусгаагүй байна. Тэгэхээр сургуулийн сурагчдыг гурван ээлжээр ч болтугай чихээд, ийш тийш шилжүүлэх замаар зохицуулалт хийх нь тодорхой боллоо. Харин цэцэрлэггүй үлдсэн 32 мянган хүүхдийн хувь заяа маш хүнд байдалд орж байгаа юм. Тэднийг одоо яах вэ. Гэрт нь уйлуулаад түгжээд байх уу, гудамжинд тоглоод ээж, аавыгаа хүлээгээд зогсч байг уу.
Ойролцоогоор 5000 орчим нь хүүхэд харах үйлчилгээнд хамрагддаг гэдэг тоо байдаг бол дийлэнх нь өвөө эмээ дээрээ, хамаатан садныхаа гэрт өдрийг бардаг. Цэцэрлэгт хамрагдах ёстой 10 хүүхэд тутмын 23 нь гэртээ цоожлуулдаг гэдэг бас нэгэн судалгаа бий. Эцэг эх нь хүүхдээ өгөх цэцэрлэг, газар олдоггүйгээс гэртээ цоожлохоос өөр сонголтгүй. Өглөө цоожлуулсан хүүхэд зурагтын өмнө нүдээ чилтэл суудаг. Халуун хоол, цай идэх боломжгүй ийм хүүхдүүд хүйтэн хар цай, талх төдийхнөөр гол зогоож өдрийг барна.
Гэмтэл согог судлалын үндэсний төвд түлэгдсэн гэх оноштойгоор хүргэгдэн ирдэг хүүхдүүдийн 85 хувь нь бага насныхан буюу 1-5 настай багачууд байдаг нь мэргэжилтнүүдийн сэтгэлийг эмзэглүүлдэг. Түлэнхийн нөхөн сэргээх эмч нар “Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэхээр хүүхдийн түлэгдэлт багасдаг. Эцэг эхийн хараа хяналтгүй, гэртээ цоожлуулдаг хүүхдүүд түлэгдэх нь хамгийн түгээмэл” гэдэг хариулт өгдөг. Цэцэрлэгт хамрагдаагүй, гэртээ байдаг хүүхдүүд түлэгдэхээс гадна бэртэж гэмтэж их ирдэг юм байна. Түүнчлэн юм залгих, тог цахилгаанд цохиулах нь элбэг. Тиймээс хүүхдээ гэртээ цоожлохоор болвол зориулалтын манежинд хийх юм уу, уяж хөдөлгөөнийг нь хорьж байвал гэмтэж бэртэх эрсдэл нь буурна гэж аргаа барсандаа уламжлалт юм ярьдаг. XXI зуунд, мэдээллийн эрин зуунд үр хүүхдээ хүмүүжүүлж, нийгэмшүүлж, эрдэм сургаж, ертөнцтэй танилцуулж байх байтал манайхан шиг ингээд гэрт нь уяад байж байдаг улс өөр байх болов уу. Хүүхдээ түлэхгүй байхын тулд аль болох цэцэрлэгт хамруулах шаардлагатай бөгөөд цэцэрлэгт хамрагдсанаар түлэгдэлтээс гурав дахин хамгаалдаг гэдэг судалгааг гаргажээ. Хүүхдээ түлсэн айлын хүүхдүүд ихэвчлэн цэцэрлэгт хамрагдаагүй байдаг нь тогтоогдсон юм байна. Үүнээс гадна гэртээ цоожлуулдаг, цэцэрлэгээр хүмүүжээгүй хүүхэд нэгдүгээр ангид ороод үеийнхнээсээ сурлага, зан харилцаа, өөрийгөө илэрхийлэх байдал, хамт олонч байх зэрэг олон шинж чанараараа хол хаягддаг.
Есдүгээр сарын нэгэн болоход сайд, дарга нар бүгд нэг, нэг сургуульд очиж хичээлийн шинэ жилийг нь нээж үг хэлдэг. Тэгж хэлэхдээ барьсан хэдэн цэцэрлэг, сургуулийнхаа тухай л яриад байхаас биш, хичнээн мянган хүүхэд цэцэрлэггүй, гэртээ, аюулд өртөх эмзэг нөхцөлд цоожтой байгааг дурддаггүй. Жил ирэх бүр нэмэгдэж байгаа хүн амын өсөлтийг давхар тооцоолж, хот, хөдөө гэлтгүй сургууль, цэцэрлэгийг хангалттай бариад өгчих нөөц бололцоо уг нь бий. Гэвч яагаад ч юм ирээдүйнхээ төлөө, ардын хүүхдүүдийн төлөө зангидсан гар шиг хамтарч нийтээрээ хөдөлдөггүй нь харамсалтай. Цэцэрлэг, сургууль барих нь БСШУСЯны асуудал биш, энэ бол улсын аюулгүй байдал, улсын орны ирээдүйтэй холбоотой чухал асуудал учир Засгийн газар бүхэлдээ хөдлөх ёстой. Сонгуульд ялалт байгуулах нэг чухал амлалт бол “Шинээр сургууль, цэцэрлэг барьж өгнө”. Тэр амлалтаа биелүүл. Та бүхний сэтгэлгүй байдлаас болоод “Азгүй”гээрээ дуудуулсан 32 мянган хүүхэд цоожтой хаалганы цаана дахиад нэг жилийг уйлж барах нь. Уйлаад л сууж байг уу?
Эх сурвалж : Өдрийн сонин
санал · 2018/09/08
Цэцэрлэгт хүүхдээс хоолны мөнгө авдаг болох ёстой. Цэцэрлэг төлбөртэй болбол өвөө, эмээтэй хүүхдүүд цэцэрлэг рүү тэмүүлэхгүй. Социализмын үед эцэг , эхээс төлбөр авдаг байсан. Одооч төлбөр авах нь зөв. Арай коммунизмд орсон биш төлбөр төлөх нь зөв шүү