АНУ-ын Бостон хотын Зүүн хойд эргийн их сургуулийн нийгэм судлалын хүрээлэнгээс нэгэн сонихолтой судалгаа явуулсан байна.

Судалгаагаар хүн хүндээ бус нохойнд итгэх болсон ба гэрийн тэжээмэл амьтнаа илүүтэй хайрлах болсныг баталжээ. Эрдэмтэд сайн дураараа судалгаанд оролцохыг хүссэн 240 хүнд харж хандах хүнгүй, ядуу гуйлгачин, тэжээх эзэнгүй, золбин нохой хоёрын бичлэгийг үзүүлж, мөн гөлөг, хүүхэд хоёр руу халдаж, гэмтээсэн хэргийн тухай цагдаагийн материалыг уншуулж, туршилт хийсэн аж.

Гэтэл олонх нь хүн, хүүхдээс илүү нохойг тэр дундаа гөлгийг өрөвдөж зарим нь нулимс унагаж байгааг судлаачид анзаарсан байна. Энэ нь дэлгэцийн бүтээл болон сошиал ертөнцөд нохойтой холбоотой дүрс бичлэг олширсонтой холбоотой гэнэ. Гэрийн тэжээмэл амьтдын тухай уянгын бүтээл үзэгчдийн сэтгэлд хүрдэг учраас уран бүтээлчид энэ төрлийн сэдэвт кино олноор хийх болсон. Энэ нь хүүхдийн оюун ухаанд хүнийг бус нохойг хайрлах далд ухамсар суулгасныг судлаачид онцолжээ.

Х.Заяа

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин