Тайландын нэгэн шоронд сэтгэл хөдөлгөсөн явдал болсон тухай Dailymail-д мэдээлжээ. Тус улсад залуу үеийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд сургуулийн ахлах ангийн сурагчдыг шоронтой танилцах хөтөлбөрийг хэрэгжүүлдэг байна. Районг мужид болсон уг хөтөлбөрийн үеэр доорхи явдал болсон тухай Аром Кунмунг гэдэг хөтөч цахим хуудсандаа бичжээ. Сурагчдыг шоронтой танилцаж байх үед нэгэн хүү нэгэн хоригдлыг хараад таг зогсжээ. Улмаар хүүгийн нулимс нь даган урсахыг хөтөч анзаарч учрыг нь асуусан гэнэ.  


-Чи яагаад уйлав ?


"Тэр хүн миний аав, энд таараад гайхаж цочирдоод... " гэжээ. 
Хүү аавтайгаа уулзахыг гуйсанд хөтөч харгалзагч нарт хүсэлтийг нь дамжуулж аав хүү хоёр уулзах боломж олджээ. Тэд биенээ ухасхийн тэвэрч уйлцгаасан гэдгийг хөтөч залуу онцолсон байна. 


- Аав нь хүүгээ үнсээд “Хүүгээ их санадаг, энд байгаадаа ч харамсдаг. Аав нь суллагдаад өөр хүн болноо” гэсэн. Мөн “Чи надаас ичиж байна уу?, аав чинь шоронд суугааг ангийн найз нар чинь харлаа шүү дээ” гэхэд хүү нь “Үгүй надад ичгэвэртэй биш байна” гэжээ. Улмаар "Тай" ёсоор аавынхаа өлмийд мөргөж хүндэтгэл үзүүлсэн байна. Тэдний уулзалтыг харж зогссон бусад хүмүүсийн сэтгэл ч маш ихээр хөдөлсөн байжээ.  

Хүү аавыгаа хэрэгт холбогдсоныг нь дуулсан ч шоронд орсныг нь мэдээгүй байсан аж.