Хүүхэд бизнесийн хэрэгсэл биш
2014/02/03
Хүүхэд бол гэр бүлийн үнэт хөрөнгө. Хамгийн нандин, гэнэн итгэмтгий, эмзэг нэгэн. Манайд хүүхдийн төлөө ажиллах чиг үүрэгтэй засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Хүүхдийн төлөө үндэсний газар” болон төрийн бус байгууллагууд олон бий.
Мөн хүүхдийн эрх ашгийг хамгаалах хууль тогтоомжууд нэлээд байдаг. Гэвч хүүхдээ төрөхөөс нь эхлээд насанд хүрэн хүртэл нь бизнесийн хэрэгсэл болгосоор байна. Үүний гол учир нь ямар ч эцэг эх төрсөн үрээсээ мөнгө харамладаггүй, гар татдаггүйд л байгаа юм. Яг энэ сэтгэхүй дээр л ашиг хонжоо хайгчид хөөрхөн тоглолт хийчихнэ. Энд нэлээн хэдэн жишээ дурдъя.
1. Хүүхдийн боловсрол бизнесийн маш том салбар.
- Энэ жил сурагчийн дүрэмт хувцас дотооддоо үйлдвэрлэнэ, чанартай гээд л хичээлийн шинэ жил эхлэхтэй уралдан гоё сайхан үгээр бишгүйдээ л рекламдсан. Гэтэл өнөөх нь аваад арав ч хонолгүй бөөсөрч, зарим нь бүр оёдлоороо урагдчихсан гэж байгаа. Өндөр үнээр толгой гашилган байж авсан юм болохоор эцэг эхчүүд ундууцах нь мэдээж. Харин ҮХААЯамныхан “бөөсөрсөн бол бөөсийг нь түүхээс өөр аргагүй” хэмээн хариулж суух юм.
- За тэгээд хүүхдэд тань давтлага өгнө, давтлага авах шаардлагатай гэсэн нэрийдлээр эцэг эхчүүдээс бага сага мөнгө халаасална. Яг үнэн хэрэгтээ давтлага өгч байгаа нэртэй л болохоос тийм ном унш, үүнийг хуулан бич гэчхээд өөрөө гараад явчихдаг багш нар олон.
- Цаашлаад сурах бичгийн бизнес хүчээ авсаар...
Жил болгон шинээр ном гаргаж түүнийг л ав гэж шавдуулна. Хүүхдээ бусдад адлуулахгүйн тулд, бусдаас дор байлгахгүй гэсэндээ ээж аав нар нь авч өгөхөөс яахав. Тэгээд болоогүй ээ. Хажуугаар нь бас шахааны ном шургуулах гэж оролдоно. Бүр болохгүй бол дүнгээр нь барьцаална гэж нэг сайхан арга бий.
- Үдийн цай хөтөлбөр хэрэгжих сургаар хүн бүр л баярлаж байсан цаг саяхан. Гэсэн ч удалгүй бас л бизнес болон хувирсан.
2. Хүүхдийн эрүүл мэнд мөн л бизнес. Хүүхдийн эм тариа, вакцин үнэтэйн дээр ямар ч чанарын баталгаагүй. Хэн дуртай нь орцны подвол юм уу, аль нэг өргөтгөтгөлд эм найруулан зарах жишээтэй. Саяхан буюу 10 сард өрхийн эмнэлэгтээ вакцин хийлгэснээс болоод охин нь хэвтэрт орсон гэх мэдээ нэг хэсэгтээ л шуугиулсан. Эх нялхаст үзүүлтэл түүнийг “west syndrome” буюу тархины архаг дутмагшил гэж оношилжээ. Энд хэнтэй хариуцлага тооцох вэ?
Гарахаас нь өмнө аборт хийж мэргэжлийн болон мэргэжлийн бус эмч нар мөнгө олох, гарсных нь дараагаар эцэг эх нь би группын хүн гээд хүүхдээрээ гуйлга гуйлгах, хөдөлмөр эрхлүүлэх, хурдан морь унуулахаар бусдад хүүхдээ худалдах гээд бор хоногийг аргацаах хэдхэн төгрөг олох аргаа олж ядах юм даа. 2011 оны Үндэсний Статистикийн Хорооны судалгаагаар 7000 орчим хүүхэд хөдөлмөр эрхэлж байгаагийн 10 гаруй хувийг нь гуйлга гуйдаг, ачаа үүрч тэрэг түрдэг хүүхдүүд эзэлдэг гэсэн дүн мэдээ гарчээ. Түүнчлэн гуйлга гуйдаг хүмүүс ихэвчлэн нярай хүүхдээ тэвэрч гуйлга гуйдаг байна. Энэ нь хүүхдээ ашиглан мөнгө олох бас нэг арга бололтой.
Энэ мэт хүүхдийг тойрсон бизнес, хүүхдээр бизнес эрхлэгчид ямар их болоо вэ?
Цаашдаа энэ хэвээрээ байсаар байх уу, эсвэл хүүхдийг мөнгө олох хэрэгсэл болгосоор байгаа эцэг эх, хувь хүмүүстэй хариуцлага тооцох механизмтай болох уу?
Бид төр л мэднэ гээд дээшээ хараад суумааргүй байна. Харин ч төрийг ичтэл, ичсэндээ ажлаа хийтэл нь ямар нэгэн зүйл хиймээр байна. Одоо л бидний дуу хоолой хэрэгтэй байна. Одоо л биш бол хэзээ ч биш гэдгийг хаа хаанаа ухамсарлацгаая ард түмээн!