Цагдаагийн байгууллага хууль зөрчөөгүй гэв
2018/09/10
Иргэн Ц.Цэрэндаш болон түүний өмгөөлөгч Ч.Энхээ нар 2018 оны есдүгээр сарын 4-ний өдөр МN мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийж “Ц.Цэрэндаш нь Худалдах, худалдан авах гэрээний дагуу иргэн Н.Гантулгаас 90 сая төгрөгөөр гурван өрөө байр худалдан авсан ч, эд хөрөнгө сэтгэл санаагаараа хохироод байгаа бөгөөд Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсээс түүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Цагдаа, хуулийн байгууллага хууль зөрчиж байна” гэж мэдээлсэн.
Уг мэдээлэлтэй холбоотойгоор цагдаагийн байгууллагаас дараах тайлбар мэдээллийг хүргэж байна.
Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид иргэн Ц.Цэрэндашийн эзэмшлийн орон байранд Н.Гантулга 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр “оршин суух зөвшөөрөлгүй нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан” гэх гомдлыг хүлээн авч прокурорын хяналтад, хуулийн дагуу шалгалтын ажиллагаа явуулж байгаа юм. Харин 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр иргэн Н.Гантулгаас “Ц.Цэрэндаш нь намайг залилан мэхэлсэн” тухай гомдлыг тус цагдаагийн газарт гаргасныг шалгахад “Н.Гантулга, Ц.Цэрэндаш нар нь орон сууц худалдах, худалдан авах гэрээг Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороонд байрлах нотариатын газар үйлдсэн болох нь тогтоогдсон тул уг гомдлыг харьяаллын дагуу Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтэст шилжүүлэх саналтайгаар дүүргийн прокурорын газарт хүргүүлжээ.
Иймд уг хэрэгтэй холбоотойгоор иргэнээс ирүүлсэн гомдлыг цаг тухай бүрт нь хүлээн авч, шалгаж, хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэрлэж байгааг мэдэгдье.