Өнөөдрөөс 32 хоногийн өмнө ЗТХЯ-ны үүдний харуулын цэгт ажиллаж байсан Төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч ажлаа хийсэн бол Т.Гомбосүрэн гэх залуу амь насаа алдахгүй байлаа.

Дөрвөн хүүхэд нь энэ хорвоог аавгүйгээр туулах гашуун үнэнтэй эвлэрч ядан, аав нь инээд цацруулсаар гэртээ ороод ирэх юм шиг санаж, гэрийнхээ үүдийг харуулдахгүй байв.

Залуухан гэргий нь эр нөхөргүй болж өнчирч үлдэхгүй байлаа. Гэгээн сайхан амьдралыг бүтээж, бусдад үлгэр дуурайлал болсон нэгэн гэр бүл элэг бүтэн амьдарч, ээж, аав нь гашуудаж суухгүй байв. Мөн үл ойлголцлоос болж, талийгаачтай муудалцсан тус яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Махбал ч сэжигтэн болохгүй байлаа. ЗТХЯ-нд өнгөрсөн сарын 9-ний өдөр гарсан хүн амины хэргийн талаар албаны эх сурвалжууд бидэнд тодорхой мэдээлэл өгсөн юм.

Эх сурвалжийн хэлж буйгаар Талийгаач Т.Гомбосүрэн газрын дарга асан Б.Махбал нар яамны хоёр давхрын шатан дээр маргалдаж эхэлсэн гэнэ. Тэд бие биеийнхээ хувцаснаас зууралдаж, явсаар төрийн тусгай хамгаалалтын албан хаагчийн хажууд ирсэн гэдгийг гэрчүүд мэдүүлж байгаа аж.

Энэ үеэр Б.Махбал “Энийг надаас салгаад өгөөч. Хувцаснаас зуурчхаад тавихгүй байна’’ гэсэн байдаг. Харамсалтай нь төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч “Та нар эндээс rap. Гараад өөрсдөө учраа ол” гэх утга бүхий зүйлсийг хэлсэн гэнэ. Яамны хаалгаар зууралдаад гарсан залуус хэдхэн минутын дараа харилцан зодолдох болжээ.

Бусдыг өдөөн хатгасан доромжлолын үгс, зууралдааныг салгах гэж оролдсон жолоочийнхоо тэрий хадан газарт унаж байгаа, бас нүүрэндээ хүчтэй дэлсүүлсэн явдал нь хэдхэн секундийн дүрэлзсэн их уур омог болж, хүн амины хэрэг үйлдэгдэх гол шалтгаан болсон гэдгийг эх сурвалж онцолж байлаа.

Харамсалтай нь хэрэг гарах үед хамт байсан хэлтсийн дарга нар болоод гурван жолоочийн нүдэн дээр эрдэнэт хүмүүсийн амь нас үрэгдсэн байна. Бүр ЗТХЯ-ны хэлтсийн дарга н.Артурын жолооч “Би машиндаа утсаар кино үзэж байсан. Зодоон болсныг мэдээгүй” гэж цагдаа нарт мэдүүлэг өгсөн гэнэ. Хэрэв яаман дээр гарч байсан тусгай хамгаалалтын ажилтан зодооныг тэр даруй зогсоочихсон бол бүх асуудал маргаан төдийхнөөр дуусах ч байсан юм бил үү.

Хүний амь нас үрэгдчихээд байхад ажлаа хийгээгүй төрийн тусгай хамгаалалтын алба хаагчийг цалингийн хувиар торгоод өнгөрсөн гэв үү. ЗТХЯ-нд өрнөсөн хэргийн улмаас олон хүн ажлаасаа чөлөөлөгдсөн. Тодруулбал, ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ, дэд сайд Б.Цогтгэрэл, Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ болон газрын дарга нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар шийдвэрлэсэн. Мөн Төрийн тусгай хамгаалалтын газрынханд хариуцлага тооцсон.

Тодруулбал, Тагнуулын Ерөнхий газрын дарга Д.Гэрэлийн тушаалаар Төрийн тусгай хамгаалалтын газрын орлогч, хамгаалалтын хэлтсийн дарга дэд хурандаа Г.Баярмагнайг ажлаас нь чөлөөлсөн, орлогч дарга Д.Батбаатарын хамгаалалтын нэмэгдэл цалинг хасах, хошууч З.Ууганбаярт сануулах арга хэмжээ авах, ахлах ахлагч Л.Түмэнжаргалын Цалингийн 20 хувийг гурван сарын хугацаанд хасах сахилгын шийтгэл ногдуулсан.

Өөрөөр хэлбэл, тус яаманд гарсан “гал”-ыг холбогдох албаныхан нэн даруй “унтрааж”, олны хэл амнаас хурдхан зайлахын тулд дээрх шийдвэрүүдийг бараг амралтын өдрүүдэд гаргасан гэсэн үг. Хариуцлага алдсан хүмүүс хариуцлагаа хүлээх нь зүйн хэрэг. Гэхдээ энэ нь дээрх албан тушаалтнуудын албыг хүлээж авсан Төрийн ‘‘тусгай хамгаалалтын албаны алба хаагчдад цаашдаа итгэж болно гэсэн үг биш.

Тодруулбал, тэд үнэхээр төрийн тусгай хамгаалалт хийдэг, үүнд мэргэшсэн, энэ чиглэлээр тодорхой үүрэг хүлээсэн юм бол төрийн яаманд хүмүүс зодолдож байхад яагаад салгаагүй юм бэ, учирч болох эрсдэлийг урьдчилан харж яагаад газар дээр нь таслан зогсоогоогүй юм бэ. Тэд Б.Махбал, Т.Гомбосүрэн, н.Доржпүрэв нарыг зодолдож байхад яагаад хараад зогсож байсан юм бэ.

Хэрвээ тус яаманд хэн нэгэн иргэн ороод аль нэг мэргэжилтэнтэй нь ам мурийсан бол цаашлаад заамдалцсан бол хэрхэн сүр хүчийг үзүүлж. хэд гурваараа чирч гулдран, гарыг нь өчиж, хөлийг нь газар хүргэхгүйгээр хаалгаараа гаргаж хаях байсан бол. Тэгсэн атлаа хариуцсан яаманд нь хүмүүс зодолдож, бүр нэгнийхээ аминд хүрч байхад “Өөрсдөө учраа олог” гэсэн байртай нүд, чихнийхээ хажуугаар өнгөрүүлж чадна гэдэг бол эмгэнэл.

Хэн нэг цэвэрлэгч бус, зөвхөн төрийн тусгай хамгаалалтын бүсэд амар амгалан, аюулгүй байдлыг бий болгох үүрэг хүлээсэн албан хаагчид ийм хариуцлагагүй, хэнэггүй байна гэдэг Монголын аюулгүй байдал ийм хэмжээнд байгааг илтгэж байгаагаас ялгаагүй.

ТӨРИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТЫГ ЧАДАВХЖУУЛАХААС ГАДНА СЭТГЭЛЖҮҮЛМЭЭР БАЙНА

Төрийн тусгай албан хаагчаар дурын нэг хүнийг анкет бүртгүүлээд ажилд авчихдаггүй. Тодорхой сургалтад нь хамрагдсан 20 нас хүрсэн, эрүүл мэнд, бие “бялдар, ёс зүйн шаардлага хангасан, зохих боловсрол, ажлын туршлагатай, ял шийтгэлгүй, Монгол Улсын иргэнийг Төрийн сүлдэнд Төрийн тусгай хамгаалалтын алба хаагчийн тангараг өргүүлж байж албанд томилдог.

Тодруулбал, “Монгол Улсын иргэн Би, төрийн тусгай хамгаалалтын үүрэг гүйцэтгэхдээ төрөө хүндэтгэн, хууль ёсыг дээдэлж, төрийн нууцыг чанд хадгалан, хүлээсэн үүрэгтээ үнэнч байж, амь биеэ үл хайрлан ажиллахаа батлан тангараглая. Би энэ тангаргаасаа няцваас төрийн хуулийн цээрлэл хүлээнэ” гэж тангараг өргөдөг. Үүнээс хойших ажлын байран дээрх алхам бүр нь Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулиар зохицуулагдаж, хүлээсэн үүргээ ягштал биелүүлэхийг шаарддаг.

Гэвч өнгөрсөн сарын 9-нд Зам тээврийн хөгжлийн яаманд болсон хүн амины хэргийг үйлдэгдэхээс өмнө тэд юу ч хийсэнгүй. Хэрвээ хамгаалалтын албаны хүн хүссэн бол Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн 15.2-т “Төрийн тусгай хамгаалалтад байгаа барилга, бусад зүйл, тэдгээрийн орчинд сэжиг бүхий этгээд илэрвэл түүний бие, эд зүйл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийх, уул этгээдийг хоёр цаг хүртэл хугацаагаар түр саатуулах, зэвсэг, зэвсгийн чанартай зүйл, тэсэрч дэлбэрэх, хордуулах бодис илэрвэл хураан авах, холбогдох байгууллагад шилжүүлэх” гэж заасан заалтын дагуу ажиллаж болох байсан.

Хүлээсэн үүргээ биелүүлэхээс гадна төрийн тусгай хамгаалалтын албаныханд сэтгэл дутуу байгаагийн илэрхийлэл дээрх хүн амины хэрэг яах аргагүй мөн. Тиймээс дэргэд нь зодолдох нь битгий хэл, биенээ хөнөөж байхад жишим ч үгүй зогсож байдаг сэтгэхүйтэй, хүйтэн сэтгэлтэй албан хаагчдаа бусдыг өрөвдөж, хайрладаг нинжин сэтгэлтэй байхад уриалж, үлгэрлэнэ үү, төрийн тусгайгийнхаан.

Энэ төрлийн сургалтад хамруулсан ч буруудахааргүй “дөжирсөн”-ийг нь харсан биз ээ. Учир нь хамгаалалтын албаныхан тэр дундаа Төрийн тусгай хамгаалалтынхан ард иргэдэд хэрхэн эр бяраа гаргадаг тухай муу мэдээлэл хэвлэлийн хуудаснаас тасардаггүй. Тэр ч бүү хэл биенээ зодож, хүнд гэмтээсэн, амь насанд нь хүрсэн гэх мэт гэмт хэрэг ч сүүлийн жилүүдэд цөөнгүй гарсан.

Ганцхан жишээ хэлэхэд, одоогоос арав гаруй жилийн өмнө Санхүүгийн зохицуулах хорооны дарга агсан Д.Бадраа мөн л төрийн тусгай хамгаалалтын ажилтны өмнө “Гэр хорооллын барилгажилт” ХЗХ-ны захирал Ц.Түмэнгэрэлийг хутгалж амь насыг нь хөнөөж байсан онц ноцтой хэрэг гарч байсан. Талийгаач харуулын ажилтны ширээг түшиж зогсоод амь насаа алдаж байсан гэдэг билээ.

Б.Энх

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин