Бүх цэргийн их хар сүлдийг цагаалах тайлгын ёслол боллоо
2014/02/03
Бүх цэргийн их хар сүлд”-ийг цагаалах тайлга Ялгуусан хэмээх модон морин жилийн Билгийн тооллын шинийн дөрвөний морин цагт Бүх цэргийн их хар сүлдний өргөөнд боллоо. Их Хар сүлд цагаалах тайлгын ёслолд Батлан хамгаалах яамныхан болон Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг, Цагдаа, Дотоодын цэргийн бие бүрэлдэхүүний төлөөлөгчид оролцлоо.
Тэнгэрээс заяат үлэмжийн их Чингис хаан Монгол туургатныг нэгтгэж, төр улсаа төвхнүүлэн сүр хүчээ бадруулахаар мөнх тэнгэрээс илгээсэн Цэргийн Хар сүлдээ бүх Монголын ард олон, цэрэг эрсийн оюун санааг нэгтгэн, зориг хүчийг бадруулагч, хандсан зүгтээ харгалдах дайсангүй болгогч шүтээн болгон тахиж, туг түмэн цэрэг, дайчин баатар эрсийнхээ манлайд залж явсны учир, түүнийг өдгөө бид уламжлан авч, Монгол Улсын тусгаар тогтнолыг батлан хамгаалагч цэрэг эрсийн оройн дээд шүтээн Бүх цэргийн Их хар сүлд болгон залж, жил бүр цагаалах тайлгыг зохион байгуулдаг уламжлалтай юм. Эрт дээрээс үеийн үед дамжин ирсэн энэхүү уламжлал нь өдгөө Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн болон тив дэлхийд энхийг сахиулах эрхэм хүндтэй үүргийг гүйцэтгэж буй энхийг сахиулагчдынхаа үйл хэрэг, буян заяаг даатгадаг юм.
Энэхүү хүндэтгэлийн уламжлалт арга хэмжээ нь жил бүрийн хаврын тэргүүн сарын шинийн 4-ний өдөр тохиодог юм. Энэхүү төрийн ёслол нь Төрийн хонжин “Бүх цэргийн их хар сүлдний цагаалах тайлга эхэл” хэмээх команд өгснөөр эхэлж, Тайлгын их бага хэнгэрэг, хашхираа их хатан улаан бүрээг эгшиглүүлж, Цэргийн Их Хар Сүлдний хүндэтгэлийн аялгуу тоглож өрнөдөг. Энэ үед Төрийн хонжины “Бүх Цэргийн Их Хар Сүлдний өчил дууд" гэсэн командаар их сүлдэч Бүх Цэргийн Их Хар Сүлдний өчил дуудсаны дараа тайлгад оролцогчид “Хурай Хурай Хурай” хэмээн гурвантаа уухайлдаг. Тэгээд уг ёслолын хүндэт зочид, ахмад настнууд тахилгын шүүсийг хөндөн дээжийг нь сүү, рашааны хамт Бүх Цэргийн Их Хар сүлдэнд өргөн, хүндэтгэлтэйгээр мөргөнө. Үүний дараа Бүх Цэргийн Их Хар Сүлдний хадгийг дэлгэхэд тайлгад оролцогчид адис авч, Их хар сүлдийг нар зөв тойрон хүндэтгэл үзүүлсэнээр “Бүх Цэргийн Их Хар Сүлд”-ний цагаалах тайлгын ёслол өндөрлөдөг уламжлалтай.