Бадар хундага нуураас хулгай хийсэн этгээд ОБЕГ-т шумбагчаар ажиллаж байжээ
2018/09/12
2018 оны 09-р сарын 09-ны өдрийн 14:35 минутад Завхан аймгийн цагдаагийн жижүүрийн утсанд иргэн “Э”-ээс Завхан аймгийн Отгон сумын Буянт багийн нутаг Отгонтэнгэр ай савыг хамгаалах газрын хамгаалалтын постон дээр хоёр иргэнийг ТОЗ-8 маркийн буугаар буудчихаад нэг залуу цагаан өнгийн Ланд-200 маркийн автомашиныг нь дээрэмдээд аваад явчихлаа гэсэн дуудлага ирсэн байна.
Уг мэдээллийн дагуу Завхан аймгийн цагдаагийн газраас бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарч ажиллаж, хэргийн газрын үзлэгийг хийж у хэргийг үйлдсэн сэжигтэй этгээд болох Баян-Өлгий аймгийн харъяат 31 настай эрэгтэй Т, 22 настай Т нарыг баривчилж саатуулсан байна. Мөн Ланд-200 маркийн автомашиныг авч зугтаасан Баянгол дүүргийн 9-р хороонд оршин суух хаягтай 25 настай эрэгтэй Д-г шуурхай эрэн сурвалжилж Завхан аймгийн Отгон сумын нутаг дэвсгэрээс баривчилжээ. Одоогоор гэмт хэрэг үйлдэхэд ашигласан галт зэвсэг болох ТОЗ-8 маркийн бууг түр хураан авч тэмдгэлэл үйлдэн шинжээч томилоод байгаа юм байна.
Хохирогч болох О, Б нар нь хүзүү, баруун гарын бугалаг хэсэгтээ бэртэл гэмтэл авч эмнэлгийн байгууллагад хэвтэн эмчлүүлж байгаад юм. Тэднийг өчигдөр нийслэлд хүргэж ирсэн.
Энэ гэмт хэргийг үйлдсэн сэжигтэн Д нь Онцгой байдлын албанд шумбагчаар ажиллаж байсан бөгөөд 2016 онд өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн байна. Тэрбээр нуураас хоёр шуудай мөнгөн эдлэл хулгайлсан байна. Тэрбээр өмнө нь 2010 онд хоёр удаа ял шийтгэл эдэлж байсан нэгэн юм.