“Ухаарч амьдрах хорвоо” дуугаараа ард түмний сэтгэлд хоногшсон Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Н.Төмөрхуяг бурханы оронд заларчээ. 

1980 оны сүүлээр монголын нийтийн дууны урлагт урт устэй, солгой гараараа гитар тоглон уянгалаг сайхан хоолойгоор “Амьдрал хайр дээр тогтдог” хэмээн дуулсаар ард түмний сэтгэлийн нандин өргөөнд дуутайгаа заларсан хүн бол яахын аргагүй, ард тумний дуучин Намдагийн Төмөрхуяг билээ. Аль 20 гаруй жилийн өмнө дуулж амьдруулсан уянгын дуунуудад нь төр хишгээ хүртээн 2014 онд Н.Төмөрхуяг дуучныг МУГЖ хэмээх цолоор мялаасан юм.

Намдагийн Төмөрхуяг нь 1959 онд Хэнтий аймгийн Өндөрхаан хотноо төрж, 1967-1974 онд Өндөрхаан хотын 8 жилийн дунд сургууль, 1974-1977 онд ХАА-н Техник мэргэжилийн сургуульд трактор комбайнчны мэргэжлээр тус тус төгссөн. Улмаар 1977-1979 онд аймгийн ТУГазарт жолооч, 1979-1982 онд ардын армид цэргийн албанд, 1983-1990 онд АДБ-ийн Хан Хэнтий чуулгад дуучин, 1971-1993 онд УБ хотын Хотын захиргааны дэргэдэх эстрад дуу бүжгийн “Варьете” чуулгад дуучнаар ажиллаж байгаад чөлөөт уран бүтээлч болсон юм.
Мөн тэрээр 1987 оноос Монголын радиогийн алтан фондонд “Амьдрал хайр дээр тогтдог”, “Саа мөнгөн хэрлэн”, “Халхын сайхан хүүхнүүд”, “Зүүдэн бороо”, “Насны намар”, “Ухаарч амьдрах хорвоо”, “Хорвоод ганцхан ээждээ”, “Намрын дурсамж”, “Зүүдэлсэнгүй явлаа”, “Ханийн минь нутаг”, “Өр өвтгөх юм бүхнийг дуул” дуунуудаа бичүүлж ард түмний хүртээл болгосон нь эдүгээг хүртэл эгшиглэж ард түмний сонорыг мялаасаар байгаа юм.
Түүний уран бүтээлүүд Монголын радиогийн “Цагаан лавай” , “Морин хуур” наадмын тэргүүн, дэд тэргүүн шагналуудыг удаа дараа хүртсэн төдийгүй Монголын орчин цагийн дууны урлагт томоохон хэмжээний шинэчлэлт өөрчлөлтийг хийсэн билээ.


Талийгаачийн монголын урлагт оруулсан үнэтэй хувь нэмэр болон уран бүтээлүүд ард түмний сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно. Гүн эмгэнэл илэрхийлье.