Хоригдлуудын эрх зөрчигдөж байжээ
2013/03/22
Завхан аймгийн прокурорын газраас аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны баривчлах ял эдлүүлэх байрны ахуй нөхцөл хууль, журмаар тогтоосон стандарт шаардлагад нийцэж байгаа эсэхийг шалгажээ.
Энэ үеэр нэлээдгүй зөрчил илэрсэн байна. Тухайлбал, баривчлах байранд удаан хугацааны уулзалт хийх өрөөгүй, ялтнууд бие засах газаргүй байсан аж.
Мөн гар нүүр угаах, хувцас, цагаан хэрэглэлээ угааж хатаах, индүүдэх өрөөгүй, гал тогоо нь хоолны дээж хадгалах хөргөгчгүй байсныг тогтоов. Байрны болон зөөлөн эдлэлийн угаалга, цэвэрлэгээнд ариутгалын бодис зааврын дагуу хэрэглэдэггүй, цэвэрлэгээ халдваргүйжүүлэлт тогтмол хийгддэггүй, нэг ялтан хоригдогч нарт ногдох хоолны илчлэг 3082 килокалори байгаа нь хангагдах хоол хүнсний илчлэг бага, хорих өрөөний дулаан 17.2-17.40 хэм, чийглэг 27.1-28.5 хувьтай байсан нь стандарт зөрчсөн аж.
Түүнчлэн хорих өрөөнд тавигдах чийглэг, дулааны хэмжээ тогтоосон хэмжээнд хүрээгүй, агааржуулах автомат төхөөрөмжгүй, зарим ялтны үндсэн захиргаа, овог нэр, ял, хэргийн байдал зэргийг бичсэн хаяг байрлуулаагүй зэрэг зөрчил давамгайлсан байна.
Шалгалтаар баривчлах байрны ахуйн нөхцөл нь хууль, журмаар тогтоосон стандарт шаардлагад нийцээгүй аж.
Хоригдогсдын эрх зөрчигдөж байна гэх дүгнэлтийг албаныхан гаргажээ. Иймээс зөрчил гаргасан дээрх үйлдлийг арилгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шаардлага хүргүүлжээ.
А.Лхагва