АНУ-ын мэдээллийн технологийн салбарт тэргүүлэгч үйлдвэрлэгчдийн нэг болох “Apple” компани лхагва гарагт Калифорни муж улсын Купертино хот дахь “Стив Жобс” театрт “iPhone” загварын шинэ гар утаснуудаа танилцууллаа.

Энэ удаа “iPhone” загварын утасны 10 жилийн ойг тохиолдуулан өнгөрсөн онд худалдаанд гарсан “Х” цувралын залгамж халаа болох 5.8 инчийн дэлгэцтэй “iPhone Xs”, 6.5 инчийн дэлгэцтэй “iPhone Xs Max” болон 6.1 инчийн дэлгэцтэй “iPhone Xr” загварын ухаалаг гар утаснуудыг тус компанийн гүйцэтгэх захирал Тим Кук олон нийтэд танилцуулсан байна.

Шинэ загварын гар утаснууд нь өнгөний дүрслэлийг сайжруулсан “OLED” дэлгэцтэй, камерын сайжруулсан тохиргоотой юм байна. “iPhone Xs Max” загварын ухаалаг гар утасны үнэ 1100 ам.доллар орчим байх бөгөөд баасан гарагаас эхлэн урьдчилан захиалга авч эхлэх бол энэ сарын 21-нээс эхлэн худалдаанд гарах ажээ.

Харин “iPhone Xr” загварын ухаалаг гар утасны хувьд зургаан өнгөний сонголттой ба түүний үнэ 749 ам.доллараас эхлэх юм. Энэ загварын утсыг ирэх аравдугаар сарын 19-ны өдрөөс эхлэн захиалж болох юм байна.

Э.Хулан

Эх сурвалж: Монцамэ агентлаг