- ИРГЭНИЙ ӨНЦӨГ - 

Бурхан минь, Азийн цээжинд аргагүй хийморьтой мундаг нэг үндэстэн аагаа багтаан амьдарч байгаа юмаа даа. Тасархай ховор гентэй л гэнэ, юмыг сурах, хүлээн авч байгаа байдал, дасан зохицох тал дээр бол бусад үндэстэн хол хоцорсон юм байх. Дэлхийд өөр хаана ч байхгүй онгон дагшин байгальтай, газрын баялгаараа тэргүүлж бусад улс шүлсээ гоожуулсан оронд хүнд зарцлагдвал хийморь сүлд нь унаж мэдэх цээжээ дэлдсэн хэдхэн монгол амьдрах...

За эхнээс нь явья, бариад идчихэв ээ.

Биеийн физиологи бүтцийн хувьд ёстой хөөрхий, илүү юм даанч байхгүй дээ. Азид байдаг л нэг бие хаа, эр эмгүй. Африк эрчүүдээ байг, европ шиг бие хаа байхгүй ээ үнэндээ, араб хөмсөг, өндөр хамартай кавказ эрчүүдийн дэргэд бол төлөг л гэсэн үг.  Монгол бүсгүйчүүд хөөрхөн сайхан л гэдэг, уучлаарай даа. Ёстой монголчууд нь нь л тэгэх байх даа, дэлхийгээ байг, Казакстаны бүсгүйчүүдийн дэргэд өөрсдөө зогсвол зугтах биз. Ер нь л нийтээрээ жаахан халтардуухан гээд л орхичихьё. Худлаа гэвэл хэдхэн хоног өөр орнуудаар явж байгаад Буянт-Ухаад буугаад үзээрэй.

Ховор ген, ухаалаг гэдэг дээр.. ккк адилхоон адил. Олон юм яривал еврэйчүүдээс эхлээд гомдох үндэстэн гараад ирэх биз. "Хоёр монгол явж байжээ" гээд "чугча" шиг онигоо бусад үндэстэн ярьдаггүй л бол болоо ш дээ. 

За ерөнхий мэдлэг сайтай, боловсрол өндөр энэ тэр гэж хэдэн өвөрмонголчууд, уулзсан ганц нэг тосгоны хужаагаар өөрийгөө дөвийлгэж байгаа бол бүтэхгүй, АНУ-ын оюутан МУИС-ийн дурын оюутан хоёр суугаад байгалийн болон нийгмийн ухааны ерөнхий мэдлэгээр тест өгвөл хол хоцорно.

30 настай европ залуу, монгол залуу хоёр эссе бичвэл, эсвэл илтгэл тавибал хэцүүднэ биз.

Тийм ээ, бид дөрвөн улиралтай, хүйтэнд дажгүй тэснэ. Гэхдээ энэ нь бүх зүйлд дасна зохицох өндөр чадвартай гэсэн үг биш, тэвчээр нь бусад үндэстнээс арай илүү юм билээ гэж энхийг сахиулахад Сьерра Лионд байсан манай цэргийн хошууч надад ярьж байсан, үнэн байх.

За тэр хаана ч байхгүй, тэргүүлдэг газрын баялагтай энэ тэр бол худлаа шүү, архины ширээний ард сүүмийсэн нөхдийн бахархалт яриа. Алтаар ч, мөнгөөр ч, зэсээр ч, нүүрсээр ч , байгалийн хий, бусад баялгаар ч дэлхийн топ тавд лав байхгүй. Хаана ч байхгүй их баялгийг хязгааргүй гаргаж савлаад байгаа юм байхгүй. Оюу толгой, Эрдэнэт том нь үнэн, гэхдээ топууд бол биш. Нэг хүнд ногдох энэ тэр гэж балайрахгүйгээр шүү дээ, угаасаа нэг ашигт малтмалыг нэг иргэнд ногдуулж гаргах учиргүй. 

Сониноос дэлхийд тасархай тэргүүлдэг ганц зүйл бий нь нэг хүнд ногдох их, дээд сургууль л даа. Салбар бүрээр бол хавдар энэ тэр гээд дандаа муу зүйлсээр л гараад ирэх тул ингээд хаячихъя яршиг. 

Байгалийн баялаг, ашигт малтмалын хувьд бид зүгээр л хоосонгүй орон. Эрдэнэс дээр гуйлга гуйгаад сууж байсан чинь өмхий зальтай капиталист ирээд хэдхээн доллараар хайран эрдэнэсийг нь хагачаад зөөгөөд байгаа зүйл байхгүй, ер нь ч аль ч ашигт малтмалын өртөг олборлолтын зардалдаа байдаг, олборлолтын зардал гаргахгүй бол хэдэн зуун метрийн гүнд байгаа алт чулуу хоёр “өнгө ижил".

Зиа, хачин гоё байгалтай орон??? Өө тийм үү, уучлаарай хонгорууд аа. Би эх орноо муухай байгальтай гэж хэлэхгүй, гэхдээ дутахгүй, бүр илүү газар ус хорвоогоор нэг. Аль ч улсад шүүрс алдмаар газрууд бишгүй олон. Монголын тал, уул ус, хөдөө нутаг сайхан санагддаг нь бидэнд дотно санагддаг болоод л тэр. Ердөө л энэ. Харин гадныхан бол нүүдэлчин соёл, зан заншил, уламжлалаа өдий хүртэл хэдэн зууны өмнөхтэй ижлээр гадна музей шиг хадгалж ирсэн өвөрмөц байдлыг л сонирхож байгаа юм. Түүнээс биш уул ус харчихаад "Wow, wonderful....fantastic...beautiful view" гэдэг үгийг тэд Цагаан хэрмэн дээр гарчихаад ч хэлдэг .

За, зан ааш бол тэнэг мөртлөө ихэмсэг, сургаар ярьж салхиар шуугина. Надаас эхлээд дэндчихсэн залхуу, бүх зүйлд л бусдын гар харна, өөрөө биш улсаа хөгжихыг хүлээнэ, улс нь яг өөртэй нь адилхан хэдэн хүн болохоор бас л хөгжиж дээшилсэнгүй гэж бухимдана, бухимдлаа тайлж ууна, бүр нэвширтэл ууна. Жаахан чинээлэг, ажилсаг хүмүүст дургүй, бүр үзэн ядаж зүсэн зүйлээр доош нь хийнэ. Сошлд Монголын хөгжлийн ирээдүйн байдал гэсэн илтгэл пост хийвэл гурван лайк авч өдөртөө мартагдана, нэг баяны хүү гуйлгачин зоджээ гэвэл хэдэн өдрөөр дуртай авч хэлэлцэнэ. 

Хэлэх дуртай үг нь "Дээд хэдэн луйварчингаас болоод би ингэж амьдарч байна", гадны орноос баг ирээд удирдаж буй аятай. Уул нь өөрсдөө сонгоод гаргаад ирсэн өөрсдийнх нь хэсэг л дээ.

Үүнийг уншчихаад "чи дээд язгуурт монголчуудыг муу хэлдэг хэн бэ" гэж агсрахаасаа өмнө өөрөөсөө "үнэхээр л бид тийм мундаг байсан юм бол 60 сая малтай, асар том газар нутагтай, байгалийн хангалттай баялагтай энэ оронд гуравхан саяулаа амьдарч байж яагаад гуравны нэг нь гуйлгачин байгаа юм бэ" гэж асуугаад үзээрэй. 

Бид яагаад найман сая израйлчууд шиг, хоёр сая словенчууд шиг амьдарч чадахгүй байгааг хэлээд өгөөрэй. Яг үнэндээ зүйрлэвэл пээдэлзсэн том цээжнээс өөр юу ч чаддаггүй хоосон толгойтой, ядарсан халамцуу эр л дээ чааваас.

Эх сурвалж: Sejkhorol Gantogtokh