АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасангаас Стандарт, Хэмжил Зүйн газар (СХЗГ)-ынхантай холбоотой хэргийн талаар тодрууллаа.

-Олны анхаарлын төвд байгаа, албан тушаалтнуудын холбогдсон хэргийг шийдвэрлэх явц удаашралтай байна. АТГ-ынхныг ажлаа хийхгүй байна гэсэн шүүмжлэл ч гарах боллоо. Тухайлбал, СХЗГ-ын дарга Г.Гантөмөртэй холбоотой хэргийг дурдаж болно.

-АТГ-ынхан авлига тэмцэх бус, дүр үзүүлсэн төрхтэй байна. Олон нийтийн зөвлөл нэг жил гаруй ажиллахдаа иргэдээс мэдээлэл авч, түүнийгээ нягтлалаа. АТГ-ынхан шалгаад, таслан зогсоож болохуйц гэмт хэргүүдийг нэлээд орууллаа. Харамсалтай нь, амжилт олсонгүй.

АТГ-т авлига, албан тушаалтны гэмт хэрэг олон ирж байна. Манайд л олон ирж байгаа юм чинь АТГ-т бүр л их ирж таараа шүү дээ. Гэтэл шийдвэрлэхгүй байна. шийдвэрлэж болохуйц хэрэг олон бий. Жишээлбэл, СХЗГ-т болж буй асуудал байна. 2015 оноос хуурамч бичиг баримт үйлдэн, ус, цахилгааны тоолуурыг баталгаажуулж, төрийн нэр барьж мөнгө олдог гэдгийг ШШҮХ тогтоосон. Төрийн нэрийн өмнөөс олгодог бичиг баримтыг хуурамчаар үйлддэг хүмүүс тэнд ажиллаж байна. Өнөөдөр хэчнээн хүн орон сууцанд амьдарч, баталгаажуулалт хийлгэж байгаа билээ. 6-28 төгрөг олон хүнээс авахаар их мөнгө гарна. Гурав, дөрвөн жил ингээд явчихсан болохоор 60 тэрбумаас илүү ч гарсан байж мэднэ. Монгол Улсад ус, цахилгаан хэрэглэж байгаа том том байгууллага, уурхай байна. Тэгэхээр хуурамч бичиг үйлдэж байна. Монгол Улсад төр, хууль хяналтын байгууллага, тэр дундаа АТГ-ынхан ажлаа хийж байгаа юм бол эрт таслан зогсоох боломжтой байсан. Гэтэл тэгсэнгүй. Тус байгууллагад ажиллаж байсан А гэх эмэгтэй АТГ-т энэ асуудлаар гурван удаа хандсан. Гэтэл энэ эмэгтэйг “Хүн гүжирдсэн” гээд торгож, энэ талаар бичсэн сэтгүүлч, нийтэлсэн байгууллагыг торгож байна. Гэтэл ШШҮХ (Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэн) гэрчилгээнүүлийг шинжлээд цаас, түмэн наст хээ, төрийн соёмбоны өнгө будаг нь өөр байна гээд тогтоочихсон. Мөн нууцлалын хэмжээ, лого, дүрслэл бүгд хуурамч байгааг тогтоосон. Албан ёсоор шүү. ШШХГ гэдэг газар хаана худлаа юм байна гэдгийг судалдаг. Гэтэл судлаад өгчихсөн байхад нь бүтэн гурван жил хууль бус үйлдлийг зөвшөөрч, эвлэрээд, дэмжиж байгаа нэг хуулийн байгууллага нь АТГ гэж хэлэхэд хилсдэхгүй. Манай олон нийтийн зөвлөл ирсэн гомдлын дагуу 2018 оны гуравдугаар сарын 28-ны өдрийн бичгээр яг энэ асуудлыг оруулсан. Гэтэл бидэнд одоо болтол хариу өгөөгүй байна. Тэгэхээр энэ байгууллага авлига тэмцэхгүй байна гэдэг нь тодорхой харагдана. Үүнээс болоод шудрага хүмүүс хэрэгт орж байна. Түүнээс гадна дотоод аудитын шалгалт хийсэн дүн шинжилгээ байна. 2015 оны гуравдугаар сар, 2015 дөрөвдүгээр сарын ШШҮХ-гийн шинжилгээ, 2016 оны дөрөвдүгээр сарын дотоод аудитын ажлын хэсгийн дүгнэлтээр ч хуурамч гэдэг нь гарсан. Ингээд гурван удаагийн шалгалтаар нотлоод байхад АТГ үүнийг зогсоож чадаагүй байна.

Бидэнд АТГ-ын Мөрдөн шалгах албаны дарга, комиссар Ц.Энхбаяр гэдэг хүнээс  бичиг ирсэн л дээ. СХЗГ-ын дарга Г.Гантөмөрт холбогдолтой А-гийн гаргасан гомдол нотлогдоогүй учраас хаах саналтай байна гэсэн. Ийм ичмээр. Ийм ил зүйлийг харж чадахгүй бол АТГ юу хийх юм. Үүнээс далд, нарийн зохион байгуулалтай гэмт хэргийг яаж тогтоох юм. Нотлох баримтыг нь өгчихөөд байхад тогтоож чадахгүй байна.

-Тогтоохыг хүсэхгүй байна уу?

-Хүсэхгүй байна. Төрийн нэрийн өмнөөс төр түмэндээ үйлчилнэ гэж юу юм бэ, ингэхийн тулд хуулиа дээдэлж, түүний дагуу ажиллана гэж юу болохыг АТГ мэдэхгүй байна. Авилгачдад үйлчилдэг, авлигыг арилгая гэхээр дарамтлаад байдаг хууль, хяналтынхан дунд ашиг сонирхлын том зөрчил байна.

-2015 онд хуурамч гэрчилгээний асуудал гарч байх үед СХЗГ-ын хуулийн зөвлөх нь байсан Ө гэгч одоо Стандартчилал, тохирлын үнэлгээний бодлогын газрын дарга дарга болчихсон. Хүний нөөцийн мэргэжилтэн байсан Н гэх залуу Дотоод хяналт, шалгалт, үнэлгээ, аудитын газрын дарга болчихсон байна.

-Төрийн албанд орох, албан тушаал сахих шалгуур бий. Хуулийг биелүүлэгдэггүй дарга олон байна. Түүний нэг нь Г.Гантөмөр. Г.Гантөмөр өөрийнх нь хууль бус үйлдлийг хаацайлдаг хүмүүст давуу эрх олгож байна. Сүлжээгээр гэмт хэрэг хийдэг, түүнийгээ нуун дарагдуулдаг хүмүүсээ багаар нь дээш нь татаж төрийн ажлыг гутааж байна. Үүнийг дардаг хуулийн байгууллагын хүчин чадал муудсан байна. Энэ авлигатай холбоотой. Авлигын сүлжээ ихсэж, оройд гарахаар төр хүчин чадлаа алддаг. Авлигад бүрэн идигдэхээр төрийн хүч сулардаг.

-ШШҮХ-гийн дүгнэлт хуулийн байгууллагын ажлыг зааж өгдөг. Гэтэл энэ байгууллагын дүгнэлтийг үл ойшоож буй нь иргэдийн итгэлийг үгүй хийж байна.

-Ганц үндэслэдэг зүйл нь тэр. Ер нь АТГ шудрагаар ажиллах гэж байгаа бүхэнд халгаатай байна. УИХ-ын гишүүн Оюун-Эрдэнэ монголын хөгжлийн шинэ шат руу гаргахын тулд бохир юмнаас нь салгахаар эр зориг гаргаж 60 тэрбумын асуудлыг хөндөхөөр өөрийг нь шалгаж байна. Хаана, хэн болохгүй байгааг хэлсэн хүн бүрийг барьж байна. Хаздаг нохой шиг.

- СХЗГ нь Европын холбооны төслийн санхүүжилтээр боловсруулагдсан стандартын номыг зараад, мөнгийг нь Төрийн сангийн дансанд тушаадаггүй,  бэлнээр авч хууль бусаар зарцуулсан байж болзошгүй тухай мэдээлэл байсан.

-Баримт ирсэн. Монголын улстөрийн хүчин бол гадаад, дотоодгүй бүх сувагт гар хөлөө оруулаад баглачихсан байна гэж харж байгаа. Жишээлбэл, Монголд байх трансприс интернэйшнл гэх олон улсын авлигатай тэмцэх газрын төлөөлөл болсон байгууллага авлигачтай нийлж монголын төрийг хардаг нүдтэй болчихоод байна уу гэдгийг би анхаарч байгаа. Яг үүнтэй ижил олон улсын төслөөр орж ирсэн зүйлийг дундаас нь ашиг хайж байна. Олон улсын байгууллагаас хариу заавал авах хэрэгтэй. Ер нь гаднаас ирж буй санхүүжилт ч маафын шугамаар орж ирж байгаа юм биш биздээ гэсэн хар буучхаад байна.

-Олон нийтийн зөвлөлд СХЗГ-тай холбоотой ямар асуудал өгсөн бэ?

-Стандартын ном, гэрчилгээ, ШШҮХ-гийн дүгнэлтийг авч хэлэлцэхгүй байна гэх зэрэг олон асуудал ирсэн. Нийслэлийн Прокурорын газраас иргэн А-д таны гомдлыг “Хүлээж авч танилцсан. Татгалзсан. Та оролцогч биш. Тиймээс энэ хэрэгтэй танилцуулахгүй” гэсэн хариу өгсөн байна. Уг асуудлыг гаргаж тавиад, ажлаасаа халагдсан А оролцогч биш гэж. Тэгэхээр шударга улсуудаас прокурорууд ч айж байна. Бүгд амаа тал үдүүлчихсэн. Авлигын хэргийг ил болгоход прокурорын зөвшөөрөл хэрэггүй биз дээ. Г.Гантөмөр үүнээс болоод л гаарч байна. Бид хуулиар олгосон эрхийнхээ хүрээнд ажлаа тасралтгүй явуулна. СХЗГ-ын хэргийг шалгуулна.

Дашрамд дурдахад: СХЗГ-т өрнөж буй хууль бус үйлдлийг шалгуулахаар 2017 оны 10-р сараас АТГ-т гомдол гаргасан иргэн А-г 2017 оны 12-р сард ажлаас нь халсан байдаг. Хууль бусаар халагдсан А нь шүүхэд нэхэмжлэл гаргаад, одоо шүүхийн шатанд явж байна. Мөн тэрбээр СХЗГ-ын хууль бус үйлдлийн талаар нэмэлт нотлох баримтууд цуглуулсан бөгөөд удахгүй хэргийг сэргээн шалгуулахаар хуулийн байгууллагад өгөх гэж байгаа тухайгаа АТГ-ын дэргэдэх ОНЗ-д мэдэгдсэн байна.

А.Баярмаа