Төрийн гурван өндөрлөг Монгол түмэндээ зовлон дуудаж, буурлуудаа “үх” хэмээлээ
2014/02/03
Ялгуусан хэмээх модон морин жилийн шинийн нэгэнд Төрийн гурван өндөрлөг Монгол улсын хамгийн өндөр настай арван бууралтай золгосон. Үүнээс өмнө төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдлэн золгосон.
Энэхүү золголтууд Төрийн ордонд өөр өөр танхимд болсон. Харамсалтай нь энэхүү золголтыг зохион байгуулсан Төрийн ёслолын алба ахмадын золголтын үеэр анзааргагүй алдаа гаргаж, Монголчуудын эгдүүцлийг хүргээд авлаа. Тодруулбал төрийн гурван өндөрлөг ахмадуутай 9 хөлт цагаан тугны хажуугийн “давчуу, бүгчим” өрөөнд золгосон. Энэ үеэр хэд хэдэн тавгийн идээ зассан байсан бөгөөд тэдгээр нь бүгд сондгой бус тэгш үеэр зассан байсан юм. Энэ нь зовлонг уриалан дуудсан билэг дэмбэрэлгүй үйлдэл юм.
Монголчууд ажил явдалтай байгаа үед тавгийн идээг ингэж тэгш тоотой үеэр засдаг бөгөөд талийгаачийг хөдөөлүүлсний дараагаар аз жаргалыг урин дуудаж байна гэсэн билэгдлээр тэгш тоотой зассан тавгийн идээний нэг үеийг авдаг.
Монголын 90 хүрсэн буурайнууд тавгийн идээгээ хамгийн дээд тал нь есөн үеэр засдаг. Өөрөөр хэлбэл тавгийн идээний эхний үе нь жаргал, дараагийн үе нь зовлон гэж ээлжилсээр жаргал буюу сондгой тоотой үеэр засдаг.
Тэгтэл Төрийн ёслол хүндэтгэлийн алба төрийн гурван өндөрлөгөөрөө дамжуулан ахмадуудаа үхэж, түмнээ дааж давшгүй зовлонд уна гэдгийг билэгдээд авлаа.
Жич: Энэхүү зургууд нь фото эвлүүлэг биш бөгөөд эдгээрийг Засгийн газар, Ерөнхийлөгчийн тамгын газраас албан ёсоор тараасан зураг болно.
А.Баярмаа