Нэгэн жишээ: Одоогоос арваад жилийн өмнө 60 настай Даваа элэгний хорт хавдрын хүнд шатанд орсон, нэг жилийн настай гэдгээ мэджээ. 

Үүнийг сонссон ар гэрийнхэн нь түүнийг эдгээхийн тулд байгаа бүх аргаа хэрэглэж үзэхээр шийдсэн байна. Харин эмнэлэг бараадахын оронд сайн гэсэн үзмэрч, лам, бөөгийн эрэлд эхлээд гарав. Эхний очсон үзмэрч түүнд шившлэгтэй үрэл болон өргөлийн зүйлс өгсөн байна. “Үүнийг өглөө наранд, орой одонд өргөөрэй. Тэгвэл нас чинь уртасна” гээд явуулж. Гэвч нэмэр болсонгүй, бие нь муудсаар байлаа. Дараа нь олон жил бясалгал хийсэн нэгэн ламыг гэртээ залж, ном хуруулав. Мөн л арц, хүж, рашаан өгөөд үзмэрчтэй төстэй зүйл хэлээд явжээ. Энэ хугацаанд Даваагийн бие улам муудсаар байсан тул бөөгийн зүг хүлгийн жолоо залав. Өнөөх бөө бүтэн гурван цагийн турш бөөлсний эцэст “Та онгодтой хүн байна. Онгод тэнгэрээ аваагүйгээс болж өвчин туссан байна” гэжээ. Үүнийг сонссон гэр бүлийнхэн нь ерөөс эмнэлэгт үзүүлэх нь дээр юм байна гэж шийдэв. Харамсалтай нь бөө, үзмэрч гэж явах хооронд бие нь улам муудсан байжээ. Эмнэлэгт ирэх үед хөл дээрээ ч зогсож чадахгүй байсан гэнэ. Гэхдээ тэдний хамгийн сүүлд зорьсон эмч нарын ачаар өвчтөн дахин нэг жил амьдарсан юм.

Нэгэн жишээ: Дунд сургуулийн үеэл дүү маань бие нь өвдөж, олон өдөр хичээлдээ явж чадсангүй. Гэртээ хэд хоног эмчилгээ хийлгэж үзсэн ч дээрдээгүй тул хамаатны эгчийнхээ зөвлөснөөр бөөд хандахаар болов. Ингээд хүчтэй цасан шуурга шуурч байсан нэг орой нэлээд олон хүний ард дугаарлан зогссоны эцэст арай гэж үзүүллээ. Чонын арьс нөмөрсөн, айдас төрүүлэм төрхтэй зайран утаа баагиулсаар тэднийг угтав. Тэгээд “Чи сахиустай юм байна. Үүнийгээ авахгүй бол хоёр сарын дараа чулуу дэрлэнэ” гэв. Сахиус хэрхэн авах ёстойг асуухад амьд амьтнаар тахил өргөнө, өмсгөл нь заавал чоно юм уу булганы арьс байх ёстой гээд баахан юм тоочсон аж. Нийт зардал бараг гурван сая төгрөг болох аж. Үеэлийн маань гэрийнхэн хэсэг бодоод энэ саналаас татгалзсан. Харин бөө хайж явсан энэ хугацаа амралт болсон бололтой, дүүгийн маань бие ч удалгүй бүрэн эдгэсэн. Эмнэлэгт үзүүлэхэд ядаргаанаас болж өвдсөн гэх энгийн онош тавьсан юм. Үүнийг уншиж буй танд, эсвэл хамаатан садан, танилууд дунд чинь иймэрхүү явдал тохиолдсон гэдэгт эргэлзэхгүй байна. Учир нь анагаахын шинжлэх ухаанаас илүү бөө, ламд итгэх энэ хандлага монголчууд дунд түгээмэл. Өвдөхөөрөө, ямар нэг зовлон тохиолдоход, амьдралын чухал шийдвэр гаргахын өмнө, насны ханиа сонгохдоо гээд бүх зүйлд лам, бөө, зөнч, зурхайчдыг зорьж очдог болов. Үүгээрээ би бусдын шашин шүтлэг, итгэл үнэмшлийг үгүйсгэх гэсэнгүй ээ. Харин эрүүлээр сэтгэн бодох чадвар улам алдагдаж, мухар сүсгийн шинжтэй шийдвэр гаргалтад хэт их анхаарах болоо юу даа гэж бодогдох юм. Монголчууд яагаад эмнэлэг зорихын оронд бөөг илүүд үзэх болов. Амьдрал үзсэн туршлагатай хүмүүсээс зөвлөгөө авахын оронд мэргэ төлөгчдөд өөрсдийн амьдралаа даатгах болов. амьдрал хэцүү байна, мөнгө алга гэж халагладаг мөртлөө тэдний хэлсэн заслын зүйл, сахиус сэлтийг авах гэж хэдэн саяар нь мөнгө үрэх болсны учир юу вэ?

• Амьдрал үзсэн туршлагатай хүмүүсээс зөвлөгөө авахын оронд мэргэ төлөгчдөд өөрсдийн амьдралаа даатгах болов.

• Эрүүлээр сэтгэн бодох чадвар алдагдаж, мухар сүсгийн шинжтэй шийдвэр гаргалтад хэт анхаарах болов.

• Амьдрал хэцүү байна, мөнгө алга гэж халагладаг мөртлөө заслын зүйлийг авах мөнгө хэд ч байсан гаргана. 

Энэ талаар Гэр бүл, хүүхдийн сэтгэл зүйн боловсролыг дэмжих төвийн сэтгэлзүйч Б.Сайнзаяа “Бидний мухар сүсэг гэж нэрлээд байдаг зүйл бол итгэл үнэмшил юм. Итгэл үнэмшил хамгийн хүчтэй зэвсэг. Тухайн хүн юунд итгэж байгаагаас их зүйл шалтгаална. Хүн мэдэхгүй зүйлээсээ айдаг шүү дээ. Харин айдсыг даван туулах арга нь хоёр зүйлээс шалтгаалдаг. нэгд, тухайн зүйлийн талаар бодит, үнэн зөв мэдлэгтэй болох. Хоёрт, аливаа зүйлд хандах хандлага, сэтгэлгээгээ өөрчлөх. Магадгүй шинжлэх ухаанаар нотлогдоогүй, ардын дам яриа болон шууд өөрт нөлөөлж мэдрэгдэхүйц айдсын нөхцөл бүрдсэн бол энэ тал дээр мэргэжилтний туслалцааг авах нь зүйтэй. Хамгийн гол нь даван туулах арга нь тухайн зүйлдээ тохирсон байх ёстой. Ер нь сул дорой, энерги багатай хүний өөрийгөө хамгаалах чадвар, сэтгэлийн дархлаа багасдаг. Тэгэхээр хамгийн хялбар,хүч хөрөнгө бага шаардах, хамгийн ойр аргыг ашиглаж өөрийгөө хамгаална хэмээн бодож, итгэл үнэмшлээ болгохыг оролддог” хэмээн тайлбарлав. Европ тив одоо л хөгжил дэвшлийнхээ оргилд хүрчихээд байгаа болохоос дундад зууны үед бол харанхуй, бүдүүлэг хүмүүсээр дүүрсэн, хогийн сав шиг газар байв. Тэдний хажууд Дорно дахиныхан илүү гэгээрсэн, юмны учир зүй, логик дарааллыг мэддэг байсан билээ. Нэгэнт л харанхуй бүдүүлэг улс болохоор юманд амархан итгэнэ.

Эрүүлээр сэтгэж, дүн шинжилгээ хийх чадвар холдсоор 

Хэчнээн хүнийг шулам, чөтгөр хэмээн цаазалсан юм, бүү мэд. Ийм улсын дунд нэг цуурхал дэгдээхэд хуурай өвсөнд ассан гал мэт л газар авна. Чухам тэр цаг үед санваартан нар шиг нөлөөтөн байсангүй. Тэгвэл дундад зууны Европын дүр төрх өнөөгийн Монголоос харагдаад байдаг юм. Хятадууд гадил жимсээр дамжуулан ДОХ-ын халдвар тарааж байна, тарвасаар дамжин вирусийн халдвар орж ирлээ гэх хүн үнэмшмээргүй цуурхалд итгэх нь наад захын асуудал. Зуд болоход нохой зоолно гэгчээр нийтээрээ ийм харанхуй байхын хэрээр элдэв сэтэртэй лам, бөө, үзмэрч, зурхайч Монголоор нэг дүүрэв. Нэгэнт хүмүүс тэднийг зорин очсоор байгаа нь бодит үнэн. Өөрөөр хэлбэл зах зээл, үйлчлүүлэгч нь байгаа учраас “их мэдэгч”-ид олшрохоос ч яахав. Монгол Улс Үндсэн хуульдаа “Төр нь шашнаа хүндэлнэ, шашин нь төрөө дээдэлнэ” гэж заагаад өгчихсөн. Мөн өөр урсгалын шашин шүтэх эрхийг ч нээж өгсөн. Тиймээс ямар шашнаа шүтэж, хэн гэдэг бөөд очих нь танд ямар хамаатай юм гэж бодож магадгүй. Тэр ч үнэн. Гэхдээ аливаа зүйлд хэмжээ хязгаар гэж бий.

Ямар ажилд орохоо, хэнтэй гэрлэхээ хүртэл үзмэрчээс асуухдаа тултал доройтсон улс гэж үү, бид. Өөрий нь хайрлах зүрх, шийдвэр гаргах тархи гэж алга уу. Эрүүлээр сэтгэж, аливаад дүн шинжилгээ хийж, оновчтой шийдвэр гаргах чадвар маань улам бүр холдон одсоор байна. Энэ янзаараа бол юу идэж, хааш алхахаа хүртэл бусдаар заалгуулдаг болох нь. нэг үеэ бодвол манай эрүүл мэндийн салбарт ахиц дэвшил гарсан. Өмнө нь заавал гадаадад очиж хийлгэдэг байсан хүнд хэцүү цөөнгүй хагалгааг Монголдоо хийж байна. 100 гаруй сая төгрөгийн өртөгтэй элэг шилжүүлэн суулгах хагалгааг улс үнэ төлбөргүй хийх болсон гээд гэрэл гэгээтэй мэдээ олон бий. Харин бид өвчин зовлон тусахаараа эмнэлэг бараадахын оронд сургаар сонссон лам, бөөг зорьсоор байгаа нь яавч эрүүл үзэгдэл биш. Өвдсөн хүн шууд эмнэлэгт ирэхийн оронд өөр газраар явсаар байгаад өвчнөө хүндрүүлдэг тухай эмч нар халаглан ярьдаг нь эмгэнэл. Энэ бүхэн өнөөгийн монголчуудын боловсрол мэдлэг, сэтгэн бодох чадварын шууд тусгал гээд хэлчихэд нэг их буруудахгүй болов уу. Юм уншиж судалсан, аливааг эргэцүүлэн боддог хүн баргийн зүйлд цочроо авахааргүй дархлаатай болсон байдаг. Харин энэ дархлаа улам бүдгэрсээр буйг алхам бүхнээ бусдаас асуудаг, тэргэл сар руу хэтэвчээрээ далладаг, өөрсдийгөө хутагт хувилгаанаар өргөмжилсөн нөхдийг дагаж хуйлардаг бидний төрх байдал бэлхнээ харуулна. 

С.Энэрэл

Засгийн газрын мэдээ