Б.Шоовдор Минскийн дэвжээнд түрүүлсэн анхны эмэгтэй тамирчин боллоо
2018/09/16
Б.ШООВДОР МИНСКИЙН ДЭВЖЭЭНД АВАРГАЛЖ, Э.ДАВААЧИМЭГ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
Хуучнаар ЗХУ болон Беларусийн алдарт бөх Александр Медведийн нэрэмжит ОУТ өчигдөр Минскт эхэлсэн билээ. Тэмцээний хоёр дахь өдөр манай улсаас эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Баатаржавын Шоовдор алт, 55 кг-д “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Эрхэмбаярын Даваачимэг хүрэл медаль хүртэв.
Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, Иван Ярыгиний “Алтан Гранпри”, Польшийн нээлттэй тэмцээн, Сассари, “Mongolia Open” ОУТ-ий аварга, ОУХМ Б.Шоовдор манайхнаас Александр Медведийн ОУТ-д түрүүлсэн анхны эмэгтэй тамирчин болж байна. Хамгийн сүүлд 2000 онд ДАШТ-ий хошой мөнгөн медальт, Азийн наадам болон Азийн аварга, гавьяат тамирчин О.Пүрэвбаатар тус тэмцээнд аваргалж байв.
Тэрбээр Минскт 1/4 шигшээд “Ташкент-2014” ДАШТ-ий хүрэл медальт, 2013 оны Европын аварга, Беларусийн Анастасья Хучокыг 6:0-ээр, хагас шигшээд залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт, өсвөр үе, залуучуудын Европын аварга ОХУ-ын Юлья Албороваг 6:3-аар, алтан медалийн төлөөх барилдаанд 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл, ЕАШТ-ий хошой хүрэл медальт Азербайжаны Татьяна Омельченког 4:0-ээр тус тус ялснаар аваргын тавцанд зогссон юм.
55 кг-д Азийн АШТ-ий хүрэл, залуучуудын ДАШТ-ий алт, хүрэл медальт, “Mongolia Open” ОУТ болон улсын дөрвөн удаагийн аварга Э.Даваачимэг эзэн орны Залина Сидакова, БНХАУ-ын Луо Ланнуаныг ялсан ч хагас шигшээд 2014 оны Европын аварга ОХУ-ын Мария Гуровад 6:7-гоор ялагдсан. Тэгвэл хүрэл медалийн төлөөх барилдаанд эзэн орны Анастасья Ямененкаг оноогоор цэвэр (13:2) ялсан.
Түүнчлэн сүүлийн өдөр бую маргааш 57 кг-ын жинд “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Алтанцэцэгийн Батцэцэг алтан медалийн төлөө барилдана.
Зочин · 2018/09/17
medal yaah vee gol ni heden dolla daguulj ogson bol ene l tamuirchdad chuhal bolson shuu dee