Хүүхдээ хаясан эхийг шүүх “цагаатгалаа”
2018/09/17
Тээж төрүүлсэн үрээ эмнэлэгт орхих тохиолдол гарсаар байгаа. Тэгвэл энэ нь гэмт хэрэгт тооцогддог. Хэрвээ үнэхээр хүүхдээ өсгөх боломжгүй бол улсын асармжинд өгөөд өөрөө дараа нь буцааж авах боломтой байдаг. Харамсалтай охид бүсгүйчүүд энэ талын мэдлэггүйгээсээ болж гэмт хэрэгтэн болсоор байгаа юм.
Харин зарим нэг нь өршөөлийн хуулийн ачаар цагаатгагдсан. Тухайлбал, 2014 онд төрүүлсэн хүүхдээ ЭХЭМҮТ-д орхисон бүсгүйн хэргийг шүүх хэдэн жилийн дараа хэлэлцэж, гэм бруутай гэхдээ цагаатгасан байгаа юм.
М.П нь 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Дутуу тээлт судлалын тасагт 2 килограмм 350 грамм жинтэй хүүхэд төрүүлсэн боловч 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр төрүүлсэн хүүхдээ хаяж явсан байна. Тэрбээр энэ тухайгаа
“Миний бие 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Эх нялхасын төвд 13-14 цагийн орчим төрөхөөр очоод дутуу тээлтийн тасагт хэвтсэн. Намайг эмч үзээд төрөх болчихсон. Ус нь гарсан байна гээд төрөхийн орон дээр хэвтүүлээд төрүүлсэн. Би хүндрэлгүй нярайлж 2.350 грамм жинтэй охин төрүүлсэн. Төрөөд 2 цаг орчим болоод намайг төрсний дараахь тасагт шилжүүлсэн. Манай платанд надаас гадна 2 ихэр хүүхэд гаргасан нас тогтсон нэг эгч байсан. Би хэвтэж байсан платныхаа дугаарыг одоо санахгүй байна. Намайг хүүхдээ төрүүлсэний дараа эх баригч нь миний хүүхдийг надад харуулчихаад цааш нь нярайн өрөө рүү авч явсан. Хэсэг хугацааны дараа хүүхдээ амлуулаарай гэхээр нь би манай хүүхдээс гадна олон хүүхэд хамт байсан. Нярайн өрөө рүү орж хүүхдээ амлуулчихаад буцаж платандаа очсон. Түүнээс хойш цагийн баримжааг сайн санахгүй байна. Ямарч гэсэн харанхуй болохоос өмнө төрүүлсэн хүүхдээ эмнэлэгт нь орхиод би эмнэлгээс зугтааж яваад Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд түр амьдарч байсан хамаатны ах М.Баяраагийнд очсон. Тэгээд сургуулиа төгстөл тэнд байсан. Тухайн үед миний аав М миний хоёр дүү Хөвсгөл аймгийн Их-Уул суманд хөдөө амьдарч байсан ба амьдралын боломж дундаж ээж маань нас барчихсан болохоор би аавыгаа болон дүү нарыгаа өрөвдсөн. Мөн би “Сэрүүлэг” дээд сургуулийн 4 дүгээр курсын нягтлан бодох бүртгэлийн ангид суралцаж байсан болохоор хүүхдээ өөрөө өсгөх боломж тааруугаас төрүүлсэн хүүхдээ эмнэлэгт орхисон. Гэхдээ амьдралын боломж сайжрахаар хүүхдээ авна гэж дотроо бодож байсан. ... Гэнэт төрөх болчихсон өвдөөд байхаар нь манай “Сэрүүлэг” дээд сургуулийн хойхон талд байдаг Эх нялхасын төв рүү очиход намайг шууд хэвтүүлсэн. Би тухайн үед бичиг баримтгүй тус эмнэлэг дээр очсон. ... Би хүүхдээ төрүүлээд орхиж явснаас хойш 2014 оны 07 дугаар сарын орчим хүүхдийнхээ сургийг гаргах гээд 1 удаа очсон боловч айгаад орж чадаагүй буцаад явчихсан, дахиж хүүхдийнхээ талаар сураг сонсоогүй тул хаана хэний асрамжинд байгааг мэдэхгүй. Миний хүүхдийн эцэг манай сумын харьяат Гантулга гэдэг залуу байдаг. Овгийг нь мэдэхгүй, нэг сумынх болохоор харилцаатай байж байгаад жирэмсэн болсноосоо хойш харилцаагаа тасалсан. Гантулга архи уугаад байдаг болохоор би хүүхэд төрүүлсэн талаараа хэлээгүй. Гантулга намайг хүүхэд төрүүлсэнийг мэдэхгүй. ... Би ажил орон байртай болчихоод хүүхдээ буцааж авъя гэж бодож байгаа. Одоогоор тогтсон ажилтай болохоор хүүхдээ өсгөн тэжээнэ” гэж мэдүүлсэн байгаа юм.
Тэгвэл хэрэг гарах үед түүнийг хүлээж авсан эмч : “Тухайн үед 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр намайг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эх баригч бага эмчээр ажиллаж байхад 13 цаг 14 минутад М овогтой П гэх бичиг баримтгүй төрөх хугацаа нь болчихсон хүүхдийн толгой цухуйчихсан байдалтай эмнэлгийн төрөх өрөөнд ганцаараа орж ирсэн. Энэ үед нь уг эмэгтэй эх барих их эмч Ариунцэцэг бид хоёр хүлээн авч төрөлтийг явуулсан. Төрөлт амжилттай явагдаж 13 цаг 59 минутад 2.350 грамм, 42 см өндөр, 3-5 балл, эмэгтэй хүүхэд хүндрэлгүй төрөх замаар төрсөн. Иймээс би Пыг 2 цагийн турш эмнэлгийн орон дээр хянаж биеийн байдал нь гайгүй учраас төрсний дараах тасагт эх баригч Жаргал, Цэрэнсүрэн нарт шилжүүлж 215 дугаарын платанд хэвтүүлсэн. Харин хүүхдийг төрмөгц нь жиндээ хүрэхгүй байсан учраас дутуу нярайн тасагт шилжүүлсэн. Тэгээд л би төрсөн эх Пыг төрсний дараах тасагт шилжүүлчихээд дараагийн ажлаа хийсэн л дээ. Гэтэл маргааш өглөө нь жижүүр хүлээлцээд явах гэж байхад төрсний дараах тасгаас төрсөн эх П нь хүүхдээ орхиод явчихсан байна гэж ярилцаад байсан. ... Би одоо хараад танихгүй байхаа. Тухайн үед надад хэлэхдээ П нь МҮИС-д сурдаг оюутан, нөхөр маань Солонгос улсад байдаг, эргэлт орох хүн байхгүй, Булган аймгийн Тэшиг суманд амьдардаг талаараа хэлж байсан. Түүнээс өөр ямар хувийн байдлынх нь талаар мэдэхгүй байна” гэж мэдүүлжээ.
Тиймээс шүүхээс хүүхдээ орхиод явсан ээжийг гэм буруутай гэж үзсэн. Гэхдээ 2015 оны 8 дугаар сарын 11-ны өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх заалтад заасан “Энэ хуульд ялаас өршөөн хасах болон өршөөлд хамааруулахгүйгээр зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн хүний ... шүүхээр хянан хэлэлцэх шатанд байгаа эрүүгийн хэргүүдийг тус тус хэрэгсэхгүй болгоно” гэж заажээ.
Тиймээс төрүүлсэн үрээ орхиж явсан эхийн хэрэг болох Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Дутуу тээлт судлалын тасагт 2 килограмм 350 грамм жинтэй төрүүлсэн хүүхдээ 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хаяж явсан гэмт хэрэг нь дээрх өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байх тул 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Хүн болох гэж зорьж ирсэн хүнийг хэвлийдээ байхад нь устгаагүйд баярламаар. Гэхдээ хүн болоод ирсэн хойно нь хөндий зан гаргаж орхиж байгааг нь харахад үзэн ядмаар. Өөртөө ч өрөөлд ч сэтгэлийн шаналан болгож байхаар ядаж улсынхаа асрамжинд үлдээх нь хамгийн зөв сонголт гэдгийг анхаарна уу.
Нөгөө талаас хариуцлагатай байж чадахгүй бол айл гэрдэж тоглох шаардлага байхгүйг залуус ухаармаар!!!