Нийслэлийн эрчим хүч нэг л диспетчерийн гарт байж
2018/09/18
ОСЛЫН УЛМААС ХУВААРИЙН ДАГУУ ДУЛААН ТАВЬЖ ЧАДСАНГҮЙ
ДЦС-IV дээр гарсан ослын шалтгааныг урьдчилсан байдлаар шат шатандаа хариуцлага алдсантай холбоотой гэж албаны эх сурвалж мэдээллээ. Бямба гарагт 09.54 цагт станцын ил хуваарилах байгууламж-4 дээр 220 кВт-ын 3 дугаар системийг захиалгын дагуу хүчдэлээс чөлөөлөх үед гэмтэл гарч, станц бүрэн зогссон.
Эл ажлыг хариуцаж байсан диспетчер болон Диспетчерийн үндэсний албаны ажилтан нарын хяналтгүй, хариуцлагагүй байдлын улмаас алдаа гарч, нийслэлийнхэн 12 цагийн турш эрчим хүчгүй болсон билээ.
Ослын улмаас айл өрх, цэцэрлэг, сургуулиуд хуваарийн дагуу дулаанд холбогдож чадаагүйг Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК мэдээлсэн юм.
Тус компанийн ээлжийн жижүүр “Бямба гарагт хотын төв болон зүүн хэсгийн дулааныг хэсэгчлэн тавьсан. Харин баруун хэсгийг энэ сарын 15-нд дулаанаар хангах хуваарьтай байсан ч ослын улмаас хойшилсон. Тиймээс ням гарагт үргэлжлүүлэн ажиллаж байна” гэв.
Орон сууцны удирдах газрын ээлжийн инженер Э.Сувд “Ням гарагт багтаж бүх айл өрхийг дулаанаар хангах ажлыг дуусгах үүрэг даалгавар авсан. Одоогийн байдлаар (ням гарагийн 18.00 цаг) бүртгэлтэй 1732 байрны 1100-г нь халаалтад холбосон. Маргааш өглөө гэхэд бүх айл өрхөөс хий авч жигдрүүлэхээр ажиллана” гэлээ.
Түүнчлэн ослын улмаас олон айл өрх эрчим хүчний хазгаарлалтаас гадна усгүй болсон. Энэ талаар ус сувгийн удирдах газраас тодруулахад “Нийслэлийг ундны усаар хангадаг эх үүсвэрүүдийн гурав дээр нь нэмэлтээр дизель цахилгаан үүсгүүр тавьж ажилласан. Шугам хоолойг 50 орчим мянган шоо метр усаар дүүргэдэг тул цаг хугацаа их ордог. Тиймээс 20.00 цагаас хойш цэвэр ус ирсэн айлууд байгаа” хэмээн ерөнхий инженер Р.Атарсайхан хэллээ.
ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛ НЭМЭГДЖЭЭ
Харин Замын цагдаагийн газрын мэдээлж буйгаар эрчим хүчний хязгаарлалтын улмаас олон гэрэл дохио ажиллахаа больж, зам тээврийн ослын тоо ердийн өдрүүдтэй харьцуулахад нэмэгдсэн аж. Замын цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Бөхбат “Эрчим хүчний хязгаарлалтын үеэр замын цагдаагийн алба бүрэн бүрэлдэхүүнээрээ ажилласан.
Жирийн өдрүүдэд нийслэлийн зам тээврийн хөдөлгөөнийг замын цагдаагийн 572 алба хаагч зохицуулж ажилладаг бөгөөд амралтын өдрөөр тал бүрэлдэхүүнээр ажилладаг. Харин бямба гарагт нийслэлийн хагас сая тээврийн хэрэгслийг зохицуулахын тулд бүгдийг нь дуудаж ажиллуулсан” гэсэн юм. Мөн тэрбээр жолооч нар хоорондоо зохицоод уулзвар нэвтрэх боломжтой хэдий ч заавал замын цагдаа ирэхийг хүлээж, түгжрэл үүсгэдэг муу зантай болсон гэдгийг онцолсон юм.
ЭМХ ЗАМБАРААГҮЙ БАЙДАЛ ҮҮСЭХ ЭРСДЭЛ ОЙРХОН БАЙВ
Хэдийгээр томоохон сүлжээ дэлгүүр, үйлчилгээний газрууд зөөврийн эх үүсвэрийн тусламжтай үйл ажиллагаагаа хэвийн явуулж байсан ч ШТС, АТМ болон зарим үйлчилгээний төвд урт дараалал үүссэнээс иргэд бухимдалтай, эмх замбараагүй байдал үүсэхэд ойрхон байв. Тухайлбал, Яармагийн “Сансар” супермаркетад эрчим хүчнээс гадна нэмэлт эх үүсвэрээр ажиллаж байсан дотоод сүлжээ нь доголдсоноос касс дээр урт дараалал үүсэж, худалдан авагчид бухимдалтай байсан юм.
Дэлгүүрийн зохион байгуулагч хулгай дээрэм, эмх замбараагүй байдал үүсэхээс сэргийлж хаалгаа яаралтай барьсан байв.
Мөн “Өргөө” кино театрын зарим салбарын үзвэрийн цаг нэг цагаар хойшилсон бол “ухаалаг эрчим хүч” компани харилцагчдынхаа хэвийн үйл ажиллагааг хангахын тулд томоохон супермаркет, үйлчилгээний газрууд суурин 11, зөөврийн 10 генератор ажиллуулсан байна.
Мөн худалдаа үйлчилгээний ихэнх байгууллага зөөврийн эх үүсвэрээр эрчим хүчээ хангасан байна. Өглөө 09.54 цагт гарсан осолд хариу арга хэмжээг шуурхай авч ажилласны хүчинд хотын төв орчмоос эхлээд эрчим хүч түгээж эхэлсэн.
Энэ хугацаанд эмнэлгүүд зөөврийн эх үүсвэрээр эрчим хүчээ хангаж, үйл ажиллагаагаа хэвийн явуулж байсан бол харилцаа холбооны салбарынхны амьсгаа өндөр байсан юм. Мэдээлэл харилцаа холбооны операторуудын ассоциацаас “Үүрэн операторуудын сүлжээ түгээгч дэд станцууд гэмтэл гарснаас хойш өөрсдийн нөөц үүсгэврээр ажиллаж байгаа ч цахилгаан станцын гэмтлээ бүрэн засах хугацаа удаашрах тусам үүрэн оператор компаниудын сүлжээ доголдох эрсдэл өндөр байгаа.
Иймээс нийслэлийг хамарсан цахилгааны гэмтэл энэ хэвээр үргэлжилсэн тохиолдолд үүрэн операторуудын сүлжээний чанар муу байж болзошгүйг хэрэглэгчиддээ анхааруулж байна” хэмээн мэдэгдсэн юм. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар монгол улс эрчим хүчний хязгаарлалтад ороход харилцаа холбооны салбар ердөө гурван цагийн хугацаанд л амь тариа залгуулах боломжтой бөгөөд үүнээс хэтэрвэл улс даяар харилцаа холбоогүй болно гэсэн үг юм.
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар шуурхай арга хэмжээ авсны хүчинд осол гарснаас хойш 50 орчим минутын дараа станцын эхний зуухыг галлаж эхэлсэн бөгөөд тухайн өдрийн 14.00 цагийн байдлаар станцын үйл ажиллагаа хэвийн горимд шилжсэн. Харин хамгийн сүүлд буюу 22.00 цагийн орчимд 361 дүгээр гарам, 52-ын даваа зэрэг нийслэлээс алслагдмал суурингуудыг эрчим хүчээр бүрэн хангажээ.
ЗГМ: ТОДРУУЛГА
ШАТ ШАТАНДАА ХАРИУЦЛАГА АЛДСАНААС ОСОЛ ГАРЛАА
Бямба гарагт гарсан ослын талаар Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн салбарын яам болон ДЦС IV-ийн удирдлагуудтай ням гарагт 14.00 цагаас шуурхай зөвлөгөөн хийлээ. Зөвлөгөөний талаар ЭХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Б.Сандуйжаваас тодрууллаа.
-Ослын шалтгаан юу байсан бэ. Тогтоосон уу?
-Албан ёсоор лхагва гарагт ослын дүгнэлтийн акт гарна. Урьдчилсан байдлаар осол хүний өөрийн хайхрамжгүй байдал, техникийн удирдлагуудын хариуцлагагүй ажиллагаанаас болжээ гэж үзэж байна.
Гэхдээ яамны хэмжээнд шууд хариуцлага тооцохгүй.
Салбарын яам станцуудыг мэргэжил, арга зүйгээр хангадаг. харин ДЦС-IV ТӨХК-ийн удирдлагуудыг томилдог чиг үүрэг бүхий байгууллага нь төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар. Энэ удаагийн осол бол станцад хариуцлагын тогтолцоо суларсан гэдгийг харуулж байна. Харамсалтай нь үүнд хариуцлага тооцох эрх мэдэл яаманд байхгүй, ДЦС-IV хоёрдмол удирдлагатай байгаа учраас удаа дараагийн зөрчлүүд гарсаар байна.
-Тэгэхээр зөвлөгөөнөөр ослын хариуцлагыг нэхэх хүн тодроогүй гэсэн үг үү?
-Бидний зүгээс ослын шалтгаан бол сэлгэн залгалтын буруугаас үүдэлтэй гэж үзэж байгаа. Сэлгэн залгалт хийж байгаа техникийн ажилтны үйл ажиллагааг шат шатанд хянах ёстой. Гэтэл хяналтгүй залгаж, осол гаргаснаас нийслэлийн хэмжээнд эрчим хүчний дутагдал үүсгэлээ.
-Ослын улмаас нийслэлийн бүх хэсэг тоггүй болсон уу?
-ДЦС II-оос эрчим хүчээ авдаг таван шар орчим л цахилгаантай байсан. Өвөлжилтийн бэлтгэл ажил хийх явцдаа дамжуулахын сэлгэн залгалт хийх явцад Диспетчерийн үндэсний төв болон манай станцын диспетчерийн хариуцлагагүйн улмаас гарсан осол.
-Хохирлын хэмжээг урьдчилсан байдлаар тооцсон уу?
-УБЦТС-тэй гэрээтэй аж ахуйн нэгжүүд хэр зэрэг хохирол учирсан талаар өнөөдрөөс холбогдож, мэдээлэх байх. Төв цэвэрлэх байгууламжийн насос зогссон. Мөн өргөн хэрэглээний хүнсний үйлдвэрүүдийн үйл ажиллагаа эрчим хүчний хязгаарлалтын улмаас тасардаг учир хохирлын асуудал яригдаж эхлэх байх. Одоогоор тооцоогүй учир хохирлын хэмжээг урьдчилсан байдлаар хэлэх боломжгүй байна.
Засгийн газрын мэдээ
Зочин · 2018/09/18
Davaasureng ogtsruul
Зочин · 2018/09/18
Davaasureng ogtsruul
Зочин · 2018/09/18
Davaasureng ogtsruul