Эрдмийн баяраараа эрүүлжүүлэхэд хоносон оюутны тоо өсчээ
2018/09/19
Эрдэм сурах хэмжээлшгүй хүсэл тээж их, дээд сургуульд суралцагчдын тоо жил ирэх тусам нэмэгдэж байна. Сургалтын төлбөр өсч, чанар муудсан ч их, дээд сургууль руу хошуурагчдын идэвх буурахгүй байгаа юм. Тэгвэл хот, хөдөөгийн энэ их нүүдлийг дагасан таагүй мэдээлэл ч тасардаггүй.
Оюутнууд архидан согтуурсан, танхай, дээрмийн гэмт хэрэгт холбогдсон тоо сүүлийн жилүүдэд тасралтгүй өсч иржээ. Үүний ганцхан жишээ нь эрдмийн баярын өдрөөрөө хоносон үргэлжлүүлсэн оюутны тоо сүүлийн гурван жилийн хугацаанд тав дахин өссөн байна. Хичээлийн шинэ жилийн нээлт ажил, амралтын өдөр давхцахаас шалтгаалж есдүгээр сарын эхний гурван өдөрт согтуугаар гэмт хэрэг зөрчилд холбогдсон оюутнуудын тоо хоёр жилийн өмнө 23 байсан бол энэ жил 94 болж огцом өсчээ. Мөн өнгөрсөн жил улсын хэмжээнд 87 мянган хүн эрүүлжүүлэх байранд орсноос 1000 гаруй нь насанд хүрээгүй хүүхэд, оюутан залуус байжээ. Өөрөөр хэлбэл, эцэг, эхчүүдийнхээ хөлсөө дуслуулж, хамаг мал хуйгаа зарж үрэн байж олсон хэдэн төгрөгийг оюутнууд зугаа цэнгэлд зарцуулж байна гэхэд хилсдэхгүй.
Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэнээр улсын хэмжээнд 2016 онд эрүүлжүүлэхэд 23 оюутан саатуулагдаж байсан бол 2017 онд 61, 2018 онд 94 байна. Гэхдээ энэ зөвхөн эрүүлжүүлэхэд орсон тоо гэдгийг тодруулах ёстой. Үүний цаана гэмт хэрэгт холбогдсон, хулгай дээрэм, танхайн хэрэг үйлдсэн нь хэд байгааг тооцвол илүү их тоо гарна. Тухайлбал, энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 50 оюутан гэмт хэрэгт холбогдсон бол гудамж талбай, олон нийтийн газар 81 оюутан зөрчил гаргаж, 311 оюутан замын хөдөлгөөний дүрэм зөрчжээ. Нийслэлийн цагдаагийн газрын оюутан залуусын дунд явуулсан судалгаагаар таван жилийн хугацаанд 730 оюутан 654 гэмт хэрэгт холбогдсон мэдээлэл ч бий.
Ийнхүү оюутнууд согтууруулах ундаа хэрэглэх, цаашлаад гэмт хэрэгт холбогдох тохиолдол буурахгүй байгаа учраас цагдаагийн байгууллага энэ жилээс эхлэн урьдчилан сэргийлэх зорилгоор сургуулийн захиргаанд нь мэдэгдэл хүргүүлдэг болж байгаа юм. Энэ талаар ЦЕГ-ын тасгийн дарга, хошууч Д.Будзаан “Эрүүлжүүлэх байранд хүргэгдэж ирсэн оюутан, сурагчид нэмэгдэж байгаа судалгаа гарсан тул гэмт хэрэг зөрчилд дахин холбогдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор сургуулийн захиргаанд нь мэдэгдэл хүргүүлдэг болж байна. Ингэснээр оюутан, сурагчид архи согтууруулах ундаа хэрэглэж байгаа асуудалд боловсролын байгууллага давхар анхаарал тавьдаг болох юм. Хөдөө орон нутгаас оюутнууд ирэхээр сургуулийн орчинд гэмт хэрэг гарах нь ихэсч, залуус архидан согтуурах, дээрэмдэх зөрчил ихэсдэг. Тухайлбал, өнгөрсөн жил улсын хэмжээнд 1000 гаруй насанд хүрээгүй хүүхэд, оюутан залуус эрүүлжүүлэхэд орсон байна. Үүнээс 400 орчим нь согтуугаар гэмт хэрэгт холбогдож, 25 залуу амь насаа алдсан. Тиймээс энэ жил согтууруулах ундаа хэрэглэж эрүүлжүүлэх байранд орсон оюутан, сурагчдыг харьяалагддаг сургуульд нь албан тоотоор хандана” гэлээ.
С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин