Ухаалаг утасны хэрэглээг уран зохиолын хичээлээр нөхье
2018/09/19
Хүүхэд бүхэн дөнгөж цэцэрлэгийн босго алхаад л “Болжмор, болжмор хөөрхөн дөө. Боов талханд дуртай даа…” гэсээр сурах эрдмээ эхэлдэг.
Харин сурагчийн ширээнд мөрлөхдөө “Аргалын утаа бургилсан малчны гэрт төрсөн би. Атар хээр нутгаа өлгий минь гэж боддог…” гэж их зохиолч Ч.Чимэдийн бичсэн эгшиглэнт яруу шүлгийг цээжилж, монгол хүн болж төрснөөрөө бахархах, омогшиж өсдөг.
Удалгүй уран зохиолд шимтэн “Ромео, Жульетта”-г уншиж, тэдэн шиг дурлаж, хайрлаж, хайр сэтгэлдээ үнэнч байх сэтгэл, итгэл, тэмүүллийг авдаг гэлтэй. Энэ бол уран зохиолын гайхамшиг. Ном уншсанаар хүний тархи цэнэглэгдэж, мэдлэг тэлж, хорвоо ертөнц, цаашлаад өөрийнхөө тухай эргэцүүлэн бодож, төлөв, төвшин бие хүн болох суурь тавигддаг юм. Тиймээс эцэг эхүүд хүүхдээ багаас нь номтой нөхөрлүүлж, номоор хүмүүжүүлэхийн ач тусыг мэддэг. Ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрт уран зохиолын хичээлийн цаг гэж бий. Гэхдээ тун хомсхон. Долоо хоногт хоёр удаа, зарим сургуульд нэг удаа л орж байна. Энэ хангалттай цаг биш. Хүүхэд бүр математикч болох албагүй ч эцэг эх болно гэсэн үг бий. Харин сайн эцэг эх болох нь суурь хүмүүжилтэй нь зайлшгүй холбоотой. Тэгвэл хүүхдийн суурь хүмүүжлийн хамгийн том түлхэц нь ном зохиол байдаг. Номонд дурласан хүүхэд аливааг тунгаан боддог, дүгнэлт хийж чаддаг, өөрийн үзэл бодолтой болж төлөвшдөг аж. Энэ талаар ахмад багш Д.Мядагбадам “Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөр дундаас уран зохиолын хичээл нэгдүгээрт байх ёстой юм. Гэтэл манай тогтолцоо эсрэгээрээ. Зарим сургуульд долоо хоногт ганцхан удаа орж байна. Энэ хугацаанд утга зохиолын тухай тогтсон мэдлэгтэй болж, номонд дурлах сэтгэл нь өдөөгдөнө гэвэл худал. Хэдийгээр бусад хичээлээ судлах үүрэгтэй ч энэ хичээлийг түлхүү судалснаар ирээдүйд зөв хүн болоход их тустай. Тиймээс долоо хоногт гурван цаг оруулдаг болгоосой гэж хүсч байна” гэв.
ЗААВАЛ ҮЗЭХ ЁСТОЙ ХИЧЭЭЛЭЭР УРАН ЗОХИОЛЫГ ҮЛДЭЭЕ
Ерөнхий боловсролын сургуулиудын ихэнх нь дэлхийн жишгийг дагаж хичээл сонголтыг эрхэмлэдэг болсон. Ингэснээр хүүхдүүд ахлах ангиасаа сонгосон мэргэжлийнхээ дагуу хичээл сонгох юм. Охидын ихэнх нь эмч болох хүсэл мөрөөдлийг тээдэг бол хөвгүүн бүхэнд ШУТИС-д орж, инженер болох гэсэн нууцхан хүсэл бий. Тэгэхээр хичээл сонголтын хувьд математик, хими, биологи, физик, нийгмийн ухаан гэсэн хичээл давамгайлдгийг сургуулиудын хичээлийн хуваариас харж болно. Хүүхдүүд эдгээр мэргэжлийг эзэмшихэд уран зохиолын хичээл ямар ч хэрэггүй тул сонгох шаардлагагүй гэж боддог. Гэвч хамгийн хэрэгтэй аж. Энэ талаар Ардын боловсролын тэргүүний ажилтан, багш Б.Оюунханд “Би насаараа орон нутгийн сургуулиудад уран зохиолын хичээл зааж байна. Анх Дундговь аймгаас ажлын гараагаа эхлүүлж байлаа. Сүүлд Ховд аймагт багшлах болсон. Энэ хугацаандаа хүүхдүүдийг ном зохиолд дурлуулахсан, ном уншихын ач тусыг мэдрүүлэхсэн гэж хүсч явна. Бүх мэргэжлийн үндэс суурь нь уран зохиолын хичээл байдаг. Учир нь сайн эмч, инженер болохын тулд эхлээд сайн хүн байх учиртай. Тиймээс уран зохиолын хичээлийг заавал үзэх ёстой хичээлийн нэгээр үлдээгээсэй гэж боддог” гэсэн. Ахмад багшийн яриа нэгийг бодогдуулсан юм. Хүүхдүүд элсэлтийн шалгалт өгөхдөө заавал монгол хэлний шалгалт өгч байгаа нь сайшаалтай. Харин сургуулиуд хичээл сонголтынхоо нэгдүгээрт уран зохиолын хичээлийг нэрлээсэй. Инженер болох хүсэлтэй хүүхэд эхлээд уран зохиолоо судалж байж, мэргэжлийнхээ хичээлийг үзэх эрх үүсдэг болгочихвол энэ хичээлийн үнэ цэнийг хүүхдүүд илүү ойлгох юм.
ЦАХИМ ДОНТОЛТЫН 35 ДУУДЛАГА БҮРТГЭГДЖЭЭ
Цахим хэрэглээ бидний өдөр тутмын амьдралын хэрэгсэл болоод удаж байна. Энэ нь мэдээллийн эрин зуун гэдгээрээ бидэнд олон ололттой зүйлийг өгсөн нь үнэн. Гэвч бяцхан үрсийг минь үгүй хийх аюулын хар аянга болж ч мэднэ. Цахим гэмт хэрэг өдрөөс өдөрт нэмэгдэж, түүний золиос нь хүүхдүүд байгаа нь харамсалтай. Тиймээс Засгийн газрын ээлжит хуралдаанаар сургуулийн орчинд ухаалаг утас хэрэглэхийг хориглосон тогтоол гарсан. Монгол Улсын нийт хүн амын 80.6 хувь нь интернэт хэрэглэгч, 99.7 хувь нь гар утас хэрэглэж байна. БСШУСЯ, Дэлхийн банктай хамтран 2017 онд явуулсан судалгаанаас үзвэл 8-17 насны 1278 сурагчаас 71.8 хувь нь гар утастай. Тэдний 54.6 хувь нь цахим орчинд аялах боломжтой ухаалаг гар утас хэрэглэдэг гэжээ. Он гарсаар Хүүхдийн тусламжийн 108 утасны төвд цахим дарамтад өртсөн 125, цахим донтолтын 35 дуудлага бүртгэгдсэн байна. Мөн Сэтгэцийн эрүүл мэндийн төвд цахим донтолттой 23 хүүхэд хэвтэн эмчлүүлсэн байна. Энэ бол сэтгэл түгшим тоо баримт. Тиймээс энэ тогтоол цаг үеэ олсон гэж эцэг эхчүүд ам сайтай байна. Цахим хэрэглээг хязгаарласнаар сургуулийн орчинд ч үргэлж дэлгэц ширтдэг хүүхдүүд багасч, цахим гэмт хэрэг буурна гэж сургуулийн захиргаа найдаж байгаа. Тиймээс багш нар болон эцэг эхчүүд хүүхдийнхээ ухаалаг утсанд зарцуулдаг байсан цаг хугацааг уран зохиолын хичээлд зориулахад нь туслах цаг нэгэнт болжээ.
Ч.Гантулга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Зочин · 2018/09/19
Харин сурагчийн ширээнд мөрлөхдөө “Аргалын утаа бургилсан малчны гэрт төрсөн би. Атар хээр нутгаа өлгий минь гэж боддог…” гэж их зохиолч Ч.Чимэдийн бичсэн эгшиглэнт яруу шүлгийг цээжилж, монгол хүн болж төрснөөрөө бахархах, омогшиж өсдөг.
Удалгүй уран зохиолд шимтэн “Ромео, Жульетта”-г уншиж, тэдэн шиг дурлаж, хайрлаж, хайр сэтгэлдээ үнэнч байх сэтгэл, итгэл, тэмүүллийг авдаг гэлтэй. Энэ бол уран зохиолын гайхамшиг. Ном уншсанаар хүний тархи цэнэглэгдэж, мэдлэг тэлж, хорвоо ертөнц, цаашлаад өөрийнхөө тухай эргэцүүлэн бодож, төлөв, төвшин бие хүн болох суурь тавигддаг юм. Тиймээс эцэг эхүүд хүүхдээ багаас нь номтой нөхөрлүүлж, номоор хүмүүжүүлэхийн ач тусыг мэддэг.