Халтуурчдад орон зайгаа алдсан такси үйлчилгээг хэзээ сэргээх вэ
2018/09/20
Нийслэлийн иргэдийг аймшигтай бухимдуулж буй авто замын түгжрэлийн хэргийн эзэн, хэнгэргийн дохиураар нийтийн тээврийг “өргөмжлөхөд” нэг их буруудахгүй.
Олон зүйл нуршилгүй, судалгаа сөхье. Тээврийн цагдаагийн албаны судалгаанд “Нийслэлийн замын хөдөлгөөнд өдөр тутамд оролцож буй 350 мянган тээврийн хэрэгслийн дөнгөж 0.4 хувь нийтэд үйлчилж байгаа нь иргэд хувийн унаагаа сонгож түгжрэл үүсгэх шалтгаан болж байна.
Мөн нийтийн тээврийн хэрэгслийн эвдрэлээс үүдэлтэй түгжрэл замын хөдөлгөөний урсгалыг зогсоодог.
Өнгөрсөн онд гэхэд нийтийн тээврийн хэрэгсэл эвдрэлийн улмаас 920 цаг нэгдүгээр эгнээнд зогссон” гэжээ.
Нийслэлийн замын түгжрэлийн шалтгааныг тогтоох тус судалгаа нийтийн тээврийн хүртээмж багаас замын түгжрэл огцом нэмэгдэх үндсэн шалтгаан болсон гэх дүгнэлттэй. Харин Нийслэлийн тээврийн газрын Судалгаа шинжилгээний мэргэжилтэн Н.Хонгорзул “Ажлын өдрүүдэд 948, амралтын өдөр 674 тээврийн хэрэгсэл 89 чиглэлд үйлчилдэг.
Зорчигчийн урсгал ихэссэнтэй холбогдуулж том оврын автобусны тоог 10 хувиар нэмэгдүүлж, ачаалалтай дундын зогсоолуудаас тээвэрлэлт хийх зохицуулалт хийгээд байгаа. Тухайлбал, долоон буудал, Саппоро, 25 дугаар эмийн сан, Н.шастины нэрэмжит III эмнэлэг гэсэн зогсоолоос богино эргэлтийн автобус үйлчилгээнд нэмэлтээр гаргаж байгаа. Автобусны хүрэлцээ дутагдаагүй.
Нийтийн тээврийн хэрэгслийн жилийн дундаж хурд 15-20 км/цаг байх ёстой ч сүүлийн нэг сарын хугацаанд зургаан км/цаг болж буурсан. Энэ нь автобус зорчдог нэгдүгээр эгнээг чөлөөлж чадахгүй байгаатай холбоотой. Үүнээс болж автобуснууд нэг талдаа овоорч зорчигчдыг хүлээлгэх шалтгаан болдог” гэв. Мөн тэрээр “Зорчигч тээврийн хамгийн их ачаалалтай Энхтайваны өргөн чөлөөнд 19 гэрлэн дохио, 45 орц, гарц байдаг нь автобусны хөдөлгөөн, хуваарийн дагуу үйлчлэхэд хүндрэл учруулдаг. Үүн дээр мэдээж зам тээврийн осол нийтийн тээврийн үйлчилгээнд саад болдог” гэж тайлбарлав.
1.4 сая хүнтэй хотын такси үйлчилгээ 3000 хүнд л албан ёсоор үйлчилж байна
Замын цагдаагийнхны судалснаар нэг зам тээврийн ослоос үүдсэн түгжрэлийг хэвийн болгоход хоёр цаг зарцуулдаг гэнэ. Өдөрт нийслэлийн хэмжээнд дунджаар 300 авто осол бүртгэгддэгийн тал хувь нь ачаалал өндөртэй Энхтайваны болон Чингисийн өргөн чөлөөнд гардаг аж.
Замын хөдөлгөөний ачаалал үүсгэгч гол хүчин зүйлийн нэг нь сургууль, цэцэрлэгийн хүүхдээ зөөвөрлөж буй зорчигчийн урсгал. Нийтийн тээврийн газрын судалгаанд ч үүнийг нотолжээ. Өдөрт 620 мянган зорчигч нийтийн тээврээр үйлчлүүлдгээс 60 хувь нь цэцэрлэг, сургууль цуглах болон тарах цагаар зорчдог аж.
Энэ байдлыг бууруулах үүднээс Тээврийн цагдаагийн албанаас нийслэлийн удирдлагуудад сургуулийн автобус хөтөлбөр хэрэгжүүлэх санал тавиад буй. Амжилттай болсон жишээ ч бий. Тухайлбал, “Шинэ Монгол” хувийн сургууль сурагчдаа автобусаар зөөж эхэлснээр сургуулийн орчны замын түгжрэл эрс багасахын зэрэгцээ зам тээврийн осол буурч, хүүхэд хамгааллын цогц үйлчилгээ болсон байна.
Мөн угтагч багш сурагчдыг автомашинаас нь тосч авдаг болсон нь түгжрэлийг бууруулах шийдэл болжээ. Энэ мэт туршлагыг замын хөдөлгөөн ихтэй сургууль цэцрэглэгийн орчинд хэрэгжүүлбэл болох л санж. Замын түгжрэл үүсгэж буй олон хүчин зүйл байгаагийн нэг нь такси үйлчилгээний дампуурал.
Нийслэлийн нийтийн тээврийн газар ч үүнтэй санал нэгдэж байна. Одоогоор 10 компанийн 609 такси Нийтийн тээврийн газарт бүртгэлтэй ч өдөрт хэдэн такси хичнээн хүнд үйлчилж байгаа тоо алга.
Такси компаниудаас нийслэлийн Нийтийн тээврийн газарт долоо хоног бүр өгдөг тоо баримтад өдөрт дунджаар 3000 хүнд үйлчилдэг гэсэн байна.
Нийтийн тээврийн газар такси үйлчилгээний стандарт шаардлага хангасан бүртгэлтэй таксинуудад зориулалтын 24 зогсоолоос үйлчүүлэгч авах эсвэл утасны дуудлагаар үйлчлэх гэсэн хоёрхон үйлчилгээ үзүүлэхийг шаарддаг байна. Монгол хүний сэтгэлгээнд суугаагүй, Улаанбаатар хотын нөхцөлд тохирохгүй энэ “агаар”-ын мэт гэмээр стандарт шаардлагаас болж такси үйлчилгээ хууль бус хэлбэрт шилжээд буй.
Үүнийг хэзээ залруулах нь ч тодорхой бус байна. Стандартын шаардлага хангасан гэдэгт зөв талдаа жолооны хүрдтэй байхаас эхлээд Стандарт, хэмжил зүйн газраар баталгаажсан тоолууртай байх гээд хэд хэдэн шаардлага бий. 1.4 сая гаруй хүн амтай хотод 3000 хүнд үйлчилгээ үзүүлэх хэмжээний стандартын шаардлага хангасан 609 такси байдаг гэхээр энэ салбар яаж дампуурсныг тод харуулчихаж байна.
Гурван мянган хүнээс бусдыг нь хувийн таксичид зөөж байгаа гэсэн үг. Тээврийн цагдаагийн албаны судалгаанд нийслэлийн замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн бараг 40 гаруй хувь буюу 150 мянга орчим тээврийн хэрэгсэл “халтуур” хийдэг гэснээс үзэхэд Нийтийн тээврийн салбарын такси үйлчилгээ тэдний нуруун дээр явж байна.
Тэдгээр хууль бусаар такси үйлчилгээ эрхлэгчдийг нэгдсэн зохион байгуулалтад оруулахаар Нийслэлийн нийтийн тээврийн газар судалгаа хийсэн. Бүр сүүлийн үед иргэдийн таашааж эхлээд буй гар утасны апплекэйшн ашиглаж үйлчилгээ үзүүлэх хэлбэрийг ч туршихаар санал дэвшүүлжээ.
Гэтэл ихэнх тээврийн хэрэгсэл буруу талдаа жолооны хүрдтэй байдаг нь нийтийн тээврийн үйлчилгээний стандартыг зөрчихөөс гадна хэрэглэж буй аппликэйшнийг Стандарт, хэмжил зүйн газраас баталгаажуулах боломжгүй гэсэн хариу өгчээ. Хувийн такси үйлчилгээ үзүүлж байгаа хууль бус хэлбэрийг зогсоох боломж байхгүй гэдгийг Нийслэлийн нийтийн тээврийн газрын Тээврийн хяналтын албаны дарга З.Цэвээндорж хэлж байна.
Тэрээр “Хуульд хууль бус такси үйлчилгээ үзүүлэхийг хориглох, цаашлаад хүлээлгэх хариуцлагыг тодорхой тусгасан ч таслан зогсоох хориглох боломж алга. Нэгдүгээрт, нийслэлийн хэмжээнд 22 хяналтын байцаагч ажиллаж байгаа нь нутаг дэвсгэрийн хэмжээнд хувийн такси эрхэлж буй явдлыг хянах боломжгүй байна.
Хоёрдугаарт, төсөв хөрөнгө багатайгаас текник, технологийн дэвшилтэт төхөөрөмжийг ашиглах замаар хяналт тавих боломж хомс байгаа” гэсэн юм. Уг нь Нийслэлийн тээврийн газраас боловсруулж такси үйлчилгээний үйлчилгээг сайжруулах хөтөлбөрийг 2017 онд боловсруулан НИТХ-д оруулж хэлэлцүүлсэн боловч дэмжээгүй байна.
Тус хөтөлбөрт стандартын таксины тоог 2000 хүргэж, Нийслэлийн өмчийн оролцоотой 400 такси бүхий бааз байгуулах, албан ёсны такси үйлчилгээ авсан иргэдэд буцаан олголт өгөх, урамшуулах систем бий болгох зэрэг одоо тулгамдаад байгаа бэрхшээлүүдийг бүрэн шийдэхээр тусгажээ.
Одоо ч мэргэжилтний ажлын шүүгээнд эл төсөл хэвтэж л байна. Нийтийн тээврийн үйлчилгээ түгжрэлийг бууруулах бус гол шалтгаан болж буйн учир үүнд бий. Ийм тохиолдолд Тээврийн цагдаагийн албанаас хийх зохицуулалтад найдлага тавьж сэтгэлээ хуурахаас аргагүй болж байна.
ЗГМ: ТОДРУУЛГА
М.МӨНХГЭРЭЛ: БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛУУД ДУУСАХААР АЧААЛАЛ БАГАСНА ГЭЖ ТООЦОЖ БАЙГАА
Тээврийн цагдаагийн албанаас түгжрэлийг бууруулахаар ямар ажил хийж буйг тус албаны Замын цагдаагийн газрын Урдьчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн М.Мөнхгэрэлээс тодрууллаа.
-Нийслэлийн замын түгжрэлийг бууруулахаар танай албанаас ямар ажил хийж байгаа вэ?
-Жил бүрийн намар хичээл сургууль цуглах үеэр замын хөдөлгөөний ачаалал, түгжрэл сарын хугацаатай нэмэгддэг.
Өдөрт 300 гаруй зам тээврийн осол бүртгэгддэг.
Энэ жилийн хувьд авто замын бүтээн байгуулалтын ажлын хүрээнд зарим зам хаагдаж, ачаалал өмнөх жилүүдийнхээс илүү байгаа. Үүнийг бууруулах зорилгоор өнгөрсөн долоо хоногт Замын ачаалал бууруулах ажлын хэсэг хуралдсан.
Тэндээс заримзамын хөдөлгөөний чиглэлд өөрчлөлт оруулах, замын зорчих хэсгийг өргөтгөх зэрэг ажлууд хийгээд явж байна. Тухайлбал, төв замын ачааллыг бууруулах зорилгоор нэгдүгээр сургуулийн зүүн талын замыг Цэцэг төвөөс урагш нэг чигийн хөдөлгөөнтэй болголоо. Мөн зарим байгуулагын авто зогсоолыг замын эгнээ болгож өргөтгөх зэрэг ажлууд хийж байгаа.
-Нийслэлийн тээврийн газраас замын нэгдүгээр эгнээг чөлөөлж чадахгүй байгаа тул нийтийн тээвэр түгжирч, иргэд хувийн автомашинаар зорчихыг илүүд үзэж байна гэсэн шүүмжлэлд тайлбар авъя?
-2012 оноос хойш хэрэгжсэн нэгдүгээр эгнээгээр нийтийн тээврийн хэрэгсэл зорчих ажил хэвийн үргэлжилж байгаа. Замын ачаалал ихтэй үед зарим тээврийн хэрэгсэл нэгдүгээр эгнээнд орох явдал гардаг. Үүнийг хуулийн дагуу хяналтын камераар шүүж, торгууль, хариуцлагыг нь хүлээлгээд л байгаа.
Бидний зүгээс аль болох нийтийн тээврийн хэрэгслийг саадгүй явуулахыг эрмэлзэж байгаа. Нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн удаашралтай байгаад зам тээврийн осол, техникийнх нь бүрэн бус байдлаас болсон эвдрэл гэмтэл гээд олон шалтгаан нөлөөлж байгаа.
-Замын хөдөлгөөний ачааллыг цаашид тогтвортой бууруулахад ямар санаачилга гаргаж байгаа вэ?
-Манай алба холбогдох байгууллагуудад замын ачааллыг бодитой бууруулах тодорхой саналуудыг байнга дэвшүүлдэг. Дэмжих эсэх нь иргэдийн болон Нийслэлийн удирдлагын шийдэх асуудал болдог.
Том замууд хаагдсан хугацаанд ачааллыг яаж бууруулах вэ гэдэгт анхаарч ажиллаж байна. Цаашдаа түгээлтийн автомашинуудыг оройн цагаар явуулахаас эхлээд сургуулийн автобусны чиглэл гаргах зэрэг тодорхой саналуудыг тавьж байгаа. Ер нь зам, гүүрийн бүтээн байгуулалтын ажлууд дуусахаар ачаалал багасна гэж тооцож байгаа.
Засгийн газрын мэдээ
Zochin · 2018/09/21
Ulsaas zohitsuulalt heregtei shdee,huuli durmiin gargaj ogoh heregtei bna,yamar hoorond n alaltsuulaltain bish