АТГ-аас хөрөнгө орлогын мэдүүлэг жил бүр авдаг бөгөөд  төрийн дунд шатны зарим алба хаагчдийн хувийн ашиг сонирхол хөрөнгө орлогын мэдүүлгийг нийтэд зарладаг. Тэр дундаа Улсын ерөнхий прокурорын газрын алба хаагчдийн хөрөнгө орлогыг анх удаа нийтэд дэлгээд байгаа. Аль хэргийг хэрхэн шалгаж, ямар хэргийг хэрэгсэхгүй болгох вэ, хэнд хэдэн жилийн ял төлөвлөх вэ гэдгийг шийддэг эрх мэдэл прокурорт бий.  Ялангуяа ерөнхий прокруроос аль ч хэргийг татаж шалгаж болдог. Ийм эрх мэдэлтэй хүмүүсийн хөрөнгө орлогод хардаж болох цөөнгүй мэдээлэл байгааг уншигч та бүхэнд хүргэж байна.

Улсын ерөнхий прокурорын газраас хамгийн өндөр орлоготой эрхэм бол Хяналтын прокурор Ш.Эрдэнэбилэг. Тэрээр жилд 199 сая 151 мянган төгрөгийн орлоготой бол гэр бүл нь 18,9 сая төгрөг олдог. Тэгвэл ерөнхий прокурорын газрын хяналтын прокурорын сарын цалин 2,5 сая төгрөг. Өөрөөр хэлбэл жилийн цалин нь 30 сая төгрөг болно. Тэгэхээр үлдсэн 160 гаруй сая төгрөгийн эх үүсвэр тодорхой бус байна. Учир нь түүнд улсын их дэлгүүрийн 149 ширхэг хувьцаанаас өөр орлого олох эх үүсвэр хөрөнгө орлогын мэдүүлэгт алга. 2014 оноос хойш хяналтын прокуророор ажиллаж байгаа эрхэм 232 сая төгрөгийн таван үл хөдлөх хөрөнгөтэй. 221 сая төгрөгийн мал аж ахуй эрхлэдэг. 240 сая төгрөгийн нэг ширхэг ланд 200 маркийн машин хөлөглөдөг байна. Хууль зүй дотоод хэргийн сайдын унаатай өрсөлдөх хэмжээний унаатай гэсэн үг.

Орлогоороо хоёрдугаарт жагсаж байгаа хүн бол хяналтын прокурор Б.Өнөрмаа. Тэрээр жилд 159 сая 787 мянган төгрөгийн орлоготой. Харин гэр бүл нь ямар нэг орлогогүй. Мөн л цалингаас 110 гаруй сая төгрөг илүү олдог. Түүнд хөрөнгө оруулагч үндэстэн компанийн 2000 ширхэг хувьцаа буюу компанийн 2 хувийг эзэмшил бий. 100 сая төгрөгийн дүрмийн сантай компанийн орлогын 2 хувь 100 гаруй сая төгрөг олох боломжгүй гэдгийг эдийн засагчид хэлж байна. 2015 оноос хойш хяналтын прокуророор ажиллаж байгаа тэрээр ганцхан орон сууцтай. Тэр нь 381 сая 600 мянган төгрөгийн үнэтэй.

УЕПГ-ын хяналтын прокурор Б.ӨНӨРМАА

Жилийн орлого                                             159 сая 787 мянган төгрөг              

Гэр бүлийн орлого                                        ----------

Орон сууц                                                      381 сая 600 мянган төгрөг              

Тээврийн хэрэгсэл                                        23 сая төгрөг 

Мал аж ахуй                                                  ---------

Газар                                                               15 сая төгрөг

Хадгаламж                                                     50 сая 476 мянган төгрөг

Тэгвэл хамгийн их хадгаламжтай прокурор бол хяналтын прокурор Бямбацогт. Түүний хадгаламжид 336 сая 792 мянган төгрөг байгаа. 2012 оноос хойш ерөнхий прокурорын орлогч хийж байсан түүний хадгаламж жилд 10-80 сая төгрөгөөр нэмэгдсээр энэ хэмжээнд хүрчээ. Гэвч түүний жилийн орлого 29 сая төгрөг. Гэр бүлийн гишүүдийн орлого 3 сая төгрөг байна. Тэрээр 508 сая төгрөгийн 7 үл хөдлөх хөрөнгөтэй гэж мэдүүлжээ.

УЕПГ-ын хяналтын прокурор Ц.БЯМБАЦОГТ

Жилийн орлого                                             29 сая төгрөг             

Гэр бүлийн орлого                                        3 сая төгрөг

Орон сууц                                                      508 сая төгрөг

Тээврийн хэрэгсэл                                        ----------

Мал аж ахуй                                                  ----------

Газар                                                               0 төгрөг

Үнэт эдлэл                                                     70 сая төгрөг

Хадгаламж                                                     336 сая 792 мянган төгрөг

Авлага                                                            43 сая 980 мянган төгрөг

Хяналтын прокурорууд дунд 5 орон сууц, үйлдвэр үйлчилгээний 5 газартай, бусад 6 обьект нийтдээ 16 үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг хүн байгаа нь хяналтын прокурор Пүрэвжавын Эрдэнэбат. Түүний үл хөдлөх хөрөнгө 4 тэрбум 451 сая төгрөгөөр үнэлэгдэж байна. 2017 оны 4 сард хяналтын прокуророор томилогдсон энэ эрхэмийн жилийн орлого 36,3 сая төгрөг. Гэр бүлийн орлого нь 421 сая төгрөг гэжээ. Бас сонирхолтой баримт байгаа нь тэрээр 1 аж ахуйн нэгж,  15 хүнээс 4 тэрбум 1 сая төгрөгийн авлагатай. Хамгийн их авлагатай прокуророор шалгарсан эрхэм Дансандаа 182 сая төгрөг байршуулж, 173 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, 164 сая төгрөгийн тээврийн хэрэгсэл эзэмшдэг байна.

УЕПГ-ын хяналтын прокурор П.ЭРДЭНЭБАТ

Жилийн орлого                                 36 сая 354 мянган төгрөг                            

Гэр бүлийн орлого                            421 сая төгрөг           

Орон сууц                                          4 тэрбум 451 сая 500 мянган төгрөг          

Тээврийн хэрэгсэл                            164 сая 700 мянган төгрөг  

Мал аж ахуй                                      21 сая 100 мянган төгрөг    

Газар                                                   4 сая төгрөг   

Үнэт эдлэл                                         173 сая төгрөг           

Хадгаламж                                         182 сая төгрөг           

Авлага                                                4 тэрбум төгрөг        

Улсын их хурлын зарим гишүүнээс өндөр орлоготой, их хадгаламжтай, илүү тансаг орон сууцанд амьдардаг цөөнгүй хүн улсын ерөнхий прокурорын газарт ажилладаг болохыг уншигч та бүхэнд зөвхөн зах зухаас нь танилцууллаа. Цагдаа болон авлигатай тэмцэх газрын мөрдөгч нар Прокурорт ажлаа шалгуулдаг. Өөрсдийгөө хаан мэт өргөмжилдөг прокурорууд хэрхэнхөлжсөн эсэхийг нь шалгах байгууллага нь АТГ.  Харин АТГ нь прокуроруудыгаа шалгаж чадах болов уу?

А.Баярмаа