Давхар иргэншлийг зөвшөөрөхгүй бол хоёр аймгийн хэмжээний иргэнээ алдана
2018/09/21
Гадаадад аж төрдөг монголчуудын чуулга уулзалт болж байна. Харьд амьдарч буй элэг нэгтнүүд маань санаа зовоосон асуудлуудаа чуулж суугаад ярьцгаалаа. Эх хэл, өв соёлоосоо алсарч байна гэх зовнил нь тод анзаарагдсан. Хэзээнээс ярьсаар ирсэн сэдэв л дээ.
Тойрч суугаад ярьсан дараагийн том асуудал нь давхар иргэншил. Өмнөхтэй ялгаагүй, эртнээс ярьж, хэлж, ултөржүүлж, мэтгэлцэж, маргасаар өнөөдөртэй золгосон хуучин сэдэв. Монголын 200 гаруй мянган иргэн гадаадад амьдардаг гэсэн статистик бий. Гурван сая монголчуудын 15 хувь нь гэсэн үг. Цөөхөн хүн амтай үндэстний хувьд онцолж тодотгохоор том хэсэг. Бүр тодруулбал Монголын төр давхар иргэншлийг шийдэж өгөхгүй бол хоёр аймгийнхаа дайны иргэдийг алдана. Насны эцэст нутгаа гээд тэмүүлээд ирнэ энэ тэр гэсэн яриа мэр сэр дуулддаг л даа. Гэхдээ харамсалтай нь тийм юм болохгүй. Тэд эргэж ирэхгүй. Тэгэхээр амьдран суугаа улс орнууд нь зөвшөөрч л байвал давхар иргэншил өгчих хэрэгтэй. Тэгж байж л бид гадагшаа зорьсон элэг нэгтнүүдээ аргамжиж чадна. Хэрвээ ийм шийдвэр гарвал Азийн жижигхэн Монголд дэлхийд гарах нэг том үүд нээгдэнэ. Давхар иргэншлийг зөвшөөрдөггүй төрийнхөө шийдвэрээс болж гадны улсад данслагдсан олон монгол дунд дэлхийн хүн болчихсон гялалзаж яваа мундагууд өчнөөн бий.
Монголчуудын гадагш чиглэсэн нүүдэл бүр эртний улбаатай. Өнө холын түүхийн шарлаж хуучирсан хуудсыг эргүүлээд харахаар Монголын тал хээрээс харьд одсон монголчууд лав эргэж ирсэн түүхгүй. Хүннү, Сүннүгийн үе гэж хэтрүүлээд яахав. Монголын нутаг дээр амьдарч байсан нь үнэн ч яг монголчууд мөн эсэх нь бүдэг талдаа. Дэлхийн хэмжээний гүрэн байгуулсан эртний тэр улсууд яг монголчууд мөн эсэхийг мэдэхгүй учраас түүхийн хүрдийг мэдэмхийрч урагшлуулаад яахав. Багцаа, баталгаатайгаар нь Их Монгол Улсаар жишээ авъя. Чингис хаан хөвгүүддээ нутаг хувааж өгөхдөө ууган хүү Зүчидээ Эрчис мөрнөөс баруун тийш, Хорейзмоос хойш монгол цэргийн морин туурай хүрсэн газрыг өгсөн байдаг. Зүчи Урал мөрнөөс зүүн тийш Кипчакийн тал нутгийн зүүн хэсэг Амур, СырДаръяа мөрний доод урсгалын Хорейзмийн нутгийг эзэмшсэн бол хүү нь бүр цаашилж эзлээд явж өгсөн. Тэгэхээр хамгийн анх гадаадад “харласан” эртний монгол гэвэл Зүчи болж таарах гээд байна. Зүчийн араас гадагш явсан олон монгол дэлхийгээр тархан суурьшсан. Хэн нь ч эргэж ирээгүй. Монголоо гэсэн сэтгэлтэй ч цагийн эрхээр ирэх боломжгүйд хүрсэн, өнөө ч эх нутгаа санасан сэтгэлээ дуугаар илэрхийлж суудаг энэ тэр гээд өчнөөн яриа хөөрөө хөвөрдөг. Гэхдээ хатуу ширүүн уур амьсгалтай, нүүдэлчин аж ахуйтай талын зэлүүд Монголоос таатай дулаан цаг агаартай, соёлжсон суурьшсан улсад очсон хэн ч нутгаа зорихыг төвдөхгүй нь бодитой үнэн. Өдгөө Америкт амьдардаг монголчууд эх нутгаа санаж бэтгэрч яваа. Гэхдээ сурч, боловсорч, ажиллаж амьдрахад таатай орчин тэднийг уяж байгаа нь бас үнэн. Энэ мэтээр дурдвал Монголоос гараад нутагтаа буцаагүй монголчуудын түүх барагдахгүй. Дахиад хэлэхэд Их Монголоос Иран, Ирак гээд дэлхийгээр тарсан монголчууд нутагтаа ирээгүй. Өнөөдөр дэлхийн олон улсад суурьшин амьдарч буй монголчууд ч эргэж ирэхгүй. Бүр тодруулж хэлбэл гадаадад амьдарч байгаа 200 мянган иргэнээ үүрд алдах эрсдэл ирчихээд байна. Тэднийг алдахгүйгээр аргамжъя гэвэл давхар иргэншлийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй.
Дэлхийн 33 улс давхар иргэншлийг хүлээн зөвшөөрдөг. Австрали, Барбадос, Бельги, Бангладеш, Канад, Кипр, АНУ, Их Британи, Швейцарь, Румын, Өмнөд Солонгос, Өмнөд Африк, Египет, Ирак, Итали, Израиль, Ирланд, Унгар, Швед, Серби, Армен, Ливан, Мальт, Испани, Тонга, Филипин, Румын, Сьерра Леон, Шри Ланк, Пакистан зэрэг улсууд давхар иргэншлийг зөвшөөрч байна. Португаль, Туркийн хувьд харилцан адилгүй заалтаар давхар иргэншил олгодог юм билээ. Хүн олонтой улсын эдийн засаг том эргэлттэй байдаг, тэр хэрээрээ тэлж хөгждөг. Ийм шалтгаанаар дэлхийн улс орнууд давхар иргэншилд толгой дохидог. Давхар иргэншлийг хүлээн зөвшөөрдөг өөр нэг шалтгаан нь гадны сайн боловсон хүчнийг татах. Бэлэн мөнгөөр хөрөнгө оруулалт хийвэл иргэнээ болохыг зөвшөөрдөг Австри, Кипр, СантКиттс, алдартай дуучин, оддыг иргэнээ болгодог Австри, Испани гэж ирээд харвал улс орон бүр өөр өөрийн эрх ашиг сонирхлын үүднээс давхар иргэншилд ханддаг. Ойрын жишээ гэвэл хойд хөршийн төрийн тэргүүн татварын дарамтаас зугатсан Францын жүжигчин Жерар Депарьдед иргэншил олгож л байсан. Даяарчлагдаж, хавтгайрсан дэлхийд энэ тийм гайхаад байх үзэгдэл биш. Европын орнуудын иргэд бүхэл бүтэн тивийн хорь хол давсан улсаар ямар ч визгүй зорчдог болсон өнөө цагт давхар иргэншил гэдэг гайхахаар, айхаар асуудал хэтээсээ биш. Дайн дажин, элдэв үймээн самуунгүй хэр нь хүн амынх нь 15 хувь гараад явчихсан улсын хувьд “Үндэсний аюулгүй байдал” гэж хөмсгөө зангидаж шанаагаа тулаад суумааргүй байгаа юм.
Социализмын үед л дэлхийн орнууд руу чиглэсэн иргэдийн урсгалыг хэсэг зуур барьсан байх. Тэр жилүүдийг алгасаад харвал Монголын түүхэнд иргэд нь гадагшлах үзэгдэл байсаар ирсэн нь бодитой үнэн. Зүчийн үеийг бодвол энэ цагийн өнгө тэс өөр болсон. Түрүүн хэлсэнчлэн бөөрөнхий дэлхий хавтгай болчихлоо. Бид нэг улс нь нөгөөгүйгээрээ орших аргагүй болсон ертөнцөд амьдраад удаж байна.
Хуучин нийгмийн хөшиг хаагдсан 1989 оноос хойш өнөөдрийг хүртэл монголчууд гадагшилсаар байгаа. Цаашид ч энэ цуваа тасрахгүй. Өнөөдөр хоёр аймгийн хэмжээний хүн гадаадад ажиллаж амьдарч байгаа бол маргааш гурав, дөрвөн аймагтай тэнцэхүйц хүнээ бид алдаж мэднэ. Тийм магадлал маш өндөр. Зах зээл эхэлснээс хойш хил давсан залуусын үр хүүхэд өдгөө нас, бие гүйцэцгээж байна. Амьдарч буй улс орнууд нь “Нэг бол манай иргэн бол, эсвэл эх орон руугаа марш” гэж шахаад эхэлчихсэн. Харь улсын иргэн болохгүй бол өчнөөн жил амьдарч дассан орчноосоо хөөгдөхөөс өөр гарц дэлхийн улс орнуудаар тархсан монголчуудад байхгүй. Мэдээж хэн ч дассан газар, таатай тухтай орчин, өндөр хөгжилтэй нийгмээс татгалзахыг хүсэхгүй. Унасан газрынхаа иргэн нь болохыг илүүд үзнэ. Хэрвээ Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрчихвөл ийм шахаанд орсон олон залуус эх орондоо данстай байх сонголтыг хийх нь гарцаагүй.
Нийгэм солигдсоноос хойш гадагш гарсан монголчуудын үр хүүхдүүд яг хийж бүтээх насандаа ирчихсэн тухай сая хөндлөө. Америкт төрсөн Бат ээж, аавыгаа дагаж эх нутагтаа ирдэг учраас “Би монгол хүн” гэсэн бүдэг ч гэлээ төсөөлөл бодолтой амьдарч яваа. Монгол Улсынх нь төрөөс давхар иргэншилд толгой дохивол эх орондоо чөлөөтэй ирж буцаад амьдрах хүсэл Батад мэдээж бий. Тэгж гэмээнэ Батын хүүхдэд “Би монгол хүн” гэсэн бодол нь өвлөгдөнө. Хэрвээ Монголын төр давхар иргэншил дээр өнөөдрийн байр сууриа өөрчлөхгүй бол Батын хүүд лав өөрийгөө монгол гэж мэдрэх орон зай, боломж, сэтгэл зүрх, ер юу ч үлдэхгүй. Америкийн иргэн болоод аж төрнө.
Дэлхийн улс орнуудад амьдарч байгаа 200 мянга, ирэх жилүүдэд хэд ч болж өсч мэдэх монголчуудын ирээдүй ийм л болно. Тийм учраас хавтгай дэлхийд амьдарч байгаагаа ухаж нэг бодоод цаг алдалгүйгээр давхар иргэншилд толгой дохьё. Казахуудад давхар иргэншил өгөх нь гэх мэт элдэв айдас, эргэлзээ дуулдаж л байдаг. Өг л дөө, тэглээ бид юу алдана гэж. Дэлхийгээр нэг тарсан 200 мянган Монголоо Улсынхаа нэр дээр дансалчихвал харин авах зүйл маань хэмжишгүй том. Давхар иргэншлийг зөвшөөрсөн шийдлийн цаана бидний төсөөлөмгүй их өгөөж бий.
Эх сурвалж: Өдрийн сонин
Монгол · 2018/09/23
Монголчууд буцаад ирвэл ирнэ л биз давхар 2 нутагтанг Монголд нутагшуулж болохгүй 3сая Монголыг Хятадад уусгах бодлого тагнуулууд явуулсаар байгаад анхаар эх орончидоо
Зочин · 2018/09/21
Зөв санаа гэж ыодож байна
Зочин · 2018/09/21
Зөв санаа гэж ыодож байна
Зочин · 2018/09/21
Зөв санаа гэж ыодож байна
Зочин · 2018/09/21
Зөв санаа гэж ыодож байна
Зочин · 2018/09/21
дэлхий дээр монголд давхар иргэншил авхыг зорьдог ганц улс байгаа тэр нь хятад. гадаадад байгаа монгол иргэдэд иргэншлийн асуудал тулгардаг гэж бодохгүй байна хамгийн их байдаг солонгос америкт байгаа монголчуудад лав тийм асуудал байхгүй. энэ асуудлыг байнга нэг худлаа шалтаг заан гаргаж тавьж байгаа нь цаанаас захиалгатай үйлдэл. монголд яг хэдэн гадны иргэн байгааг бүртгэж хянаж чадахгүй байж иргэншлийн асуудлыг одоогийн төрд байгаа хулгайгаас өөр зүйл мэдэхгүй адгуусууд шийднэ гэдэг байж боломжгүй хэрэг.
Лу.Болд гэж тэнэг · 2018/09/21
Лу.Болд гэж хүний эрх, ардчиллын тухай аман дээрээ ярих жинхэнэ утга учрыг нь олйгоогүй хүн энэ хуулийг унагаасан шүү дээ.
Лу.Болд гэж тэнэг · 2018/09/21
Лу.Болд гэж хүний эрх, ардчиллын тухай аман дээрээ ярих жинхэнэ утга учрыг нь олйгоогүй хүн энэ хуулийг унагаасан шүү дээ.