Жижигээ, Цогтоо нар бартерын эрхийн картаа Д.Батмөнхөд хандивлалаа
2018/09/22
Ээжийгээ алдсан дөрвөн бяцхан хүүхэд орох орон гэргүй болсон тухай мэдээлэл цацагдсан цагаас хойш галын аюулаас дөрвөн үрээ хамгаалж үлдсэн аав Д.Батмөнхөд туслах аян өрнөж байгаа билээ. Үүнд гадаад болон дотоодод суугаа элэг нэгт Монголчууд хандив өгч, эмчилгээ үзлэгт хамруулах, орон байртай болгох гэх мэтчилэн бүхий л бололцоогоороо туслан дэмжиж байна.
Аяны хүрээнд энэ баасан гарагт Д.Батмөнхөд зориулсан уулзалтыг “TV5” телевизийн байранд зохион байгуулсан бөгөөд энэ үеэр онцлох нэгэн үйл явдал болсон нь “+17” төслийн Жижигээ, Цогтоо нарын сэтгэлийн өргөл байлаа. Тэд “Номин”-гийн сурталчилгаанд тоглоод 1 сая төгрөгийн бартерын эрхийн карт авсан бөгөөд боломжтой зүйлээрээ дөрвөн охинд тус болъё гэсэн сэтгэлээр тус бүр 100 мянган төгрөгийн эрхтэй 10 ширхэг картыг аав Д.Батмөнхөд гардуулан өгсөн юм. Түүгээр ус буцалгагчаас эхлээд цахилгаан хэрэгсэл, магадгүй хүүхдийн памперс, хүнс гээд хүссэн бараагаа “Номин”-гоос авч болно гэж Жижигээ тайлбарлаж байлаа.
Цогтоогийн хэлж буйгаар бол Д.Батмөнхөд гэхээс илүүтэй дөрвөн охинд нь тус болъё гэж хүссэн байна. Тэрээр хүүхэд насандаа аавыгаа, оюутан насандаа ээжийгээ алдсан тул өнчрөл хагацалын зовлонг мэдэрсэн нэгэн гэдгээ нэвтрүүлгийн үеэр ярьсан юм. Хэдийгээр өөрөө нас биед хүрсэн ч охин дүүгээ өсгөж хүмүүжүүлэх өндөр хариуцлага, хатуу үүрэг түүнд оногдсон ч хүсэл мөрөөдөл, зорилго, сэтгэлийн хүч нь түүнийг өдий зэрэгт хүргэсэн тухай энэ үеэр бусадтай хуваалцлаа. Ингээд Д.Батмөнхөд зориулж үг хэлэхдээ “Дөрвөн хүүхэд нь эхээс өнчирч үлдлээ гэхэд хамгийн түрүүнд аав нь ямар хүн байдаг бол гэж бодогдсон. Эр хүн зовлон үзэх тусмаа амьдралд хэрсүүжиж, чанга байдаг юм шиг санагддаг. Хүүхдээ зөв хүмүүжүүлэх юм бол хэчнээн өнчирч хоцорсон ч өөрөө зөв явчихдаг юм билээ. Тэгэхээр дөрвөн охиноо хүний дайтай хүн болгоод зөв хүмүүжүүлээрэй. Түүнээс цааш амьдрал дардан шүү” гэсэн юм.
Жижигээ, Цогтоо хоёр уг нь нэвтрүүлгийн тайзнаа гарахгүй гэдгээ урьдчилаад хэлсэн байсан боловч хөтлөгч тэднийг залуусын төлөөлөл болж хоёр жүжигчин залуу ирсэн байгаа хэмээн зарлаж тайзан дээр гарч ирэхийг урьсан тул тэд үзэгчдийн өмнө гарахаас аргагүй байдалд хүрсэн аж.
Нэвтрүүлгийг үзсэн хүмүүс тэднийг шүүмжлэлд өртөөд байдаг шигээ тийм элдэв үг хэллэгтэй, задгай хэл амтай, галзуу залуус биш болохыг гадарласан биз ээ. Тэдний “+17” төслийг шүүмжлэгчид цөөнгүй байдаг. Харин тэгвэл Жижигээ, Цогтоог шүүмжлэгчид, “+17”-г сөрөгчид энэ удаад юу гэж бодож байгаа бол?
Д.Батмөнх нь эхнэрээ алдаад 20 ч хоноогүй байхдаа гэнэтийн галын аюулд 20 жил хөдөлмөрлөн босгосон орон гэрээ алджээ. Тэрээр дөрвөн охин, өндөр настай ээжийнхээ хамт орох оронгүй оочих аягагүй болж, нялх, бага насны хүүхдүүдтэй тул ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байгаа нэгэн өрх толгойлсон эцэг хүн юм.
Эх сурвалж: Undesten.mn