С.Билгүүн: Манайх шиг зээлийн хүү өндөртэй 20-иод улс байдаг
2018/09/28
Төвбанкны ахлах эдийн засагч С.БИЛГҮҮНЭЭС зарим зүйлийг тодрууллаа.
-Таны судалгаанд дурдсан зээлийн хүүний талаарх тоо баримт сонирхолтой санагдлаа. Манай улсын арилжааны банкуудаас олгож буй зээлийн хүүг бууруулах ямар боломж байна вэ?
-Миний энэ удаа тавьж хэлэлцүүлсэн илтгэлийн сэдэв нь олон улсын зээлийн хүүний харьцуулсан судалгаа байлаа. Олон улсад зээлийн хууль эрх зүйн орчин болон зээлийн хүүгийн хооронд сөрөг хамаарал оршдог. Үүнийг харьцуулсан судалгаа шинжилгээгээр илрүүлж гаргадаг юм. Хууль эрх зүйн орчин нь 0.1 хувиар сайжрахад зээлийн хүү 0.3 нэгж пунктээр буурдаг гэх судалгааны үр дүн гарлаа. Тиймээс зээлийн хүүг бууруулах нэг арга зам нь хууль эрх зүйн орчин, баримт бичгийг сайжруулах явдал гэж хэлж болохоор байна.
-Арай тодорхой тайлбарлаж өгнө үү. Тухайлбал, яг ямар арга зам байна вэ?
-Хууль эрх зүйн баримт манайд хангалттай ч хэрэгжилтийг сайжруулах нь чухал гэж судлаачийн хувьд хэлэх байна. Монголбанкнаас жижиг, дунд үйлдвэрлэлийн түүвэр судалгааг байнга явуулдаг. Эндээс харахад Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид хуулийн хэрэгжилт, зүйл заалтыг мөрдөх явдал хангалтгүй гэж ихэвчлэн хариулсан байдаг. Түүнээс үндэслэж ийм дүгнэлт хийгээд байна.
-Таны судалгаанд цөөнгүй улсын жишээ баримт дурдсан байсан. Үүнээс нэг улсыг тухайлан авч, зээлийн хүүг бууруулах талаар ямар арга хэмжээ төлөвлөж хэрэгжүүлснийг тайлбарлана уу?
-Жишээ нь, Хорват улс байна. Тухайн улс нь манайхтай адил шилжилтийн эдийн засагтай ч институцийн хөгжил сайтай орон юм. Тус улс 1994 он хүртэл дотоодын иргэний дайны хөлд нэрвэгдсэн. Энэ үед Төвбанкны тухай хуулиа баталж, мөнгөний оновчтой бодлого хэрэгжуүлсний үр дүнд сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд инфляцыг 7.0-гаас доош хувьд тогтмол барьсан байгаа юм. Үүний үр дүнд зээлийн хүү өнөөдөр 6.0 хувьтай байна. Ер нь Дэлхийн банк зээлийн хүүг тав ангилж үздэг. Манай улсын хувьд харьцангуй өндөр гэсэн ангилалд багтдаг. Үүний дотор хөгжлийн хувьд адилхан, Төв Африкийн зарим, Латин Америк, дундад болон бага Азийн орнууд хамаардаг нь эдийн засаг нь гадаад ертөнцөөс хамааралтай шоконд өртөмтгий байдалтай холбоотой. Тиймээс эдгээр болон манай улсын хувьд эдийн засгаа төрөлжүүлэх, тогтвортой байлгах бодлого барьдаг. Манай улсын эдийн засаг уул уурхайгаас хамааралтайг бид мэднэ. Манайх шиг зээлийн хүү өндөртэй 20 гаруй улс байгаа юм. Ер нь зээлийн эрсдэлийг бууруулах, энэ чиглэлийн эрх зүйн тогтолцоог боловсронгуй болгох, эдийн засгийг төрөлжүүлэх, банкуудын үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэх замаар зээлийн хүүг багасгах боломжтой гэж үзэж байна.
Д.Мөнхжаргал
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Зочин · 2018/09/28
ZEELIIN XYYG NEEH BUULGAH GEED HERGGUI BUUHGUI LDEEDIIN ZSAG TELEEGUI BHAD YAAJ XYY BUUHAV DEEE BUSSINES ORCHING EHLEED SAIJRUUUL TEHGUI IIM DARAMTTAI ORCHIND BUSSINES HIIJ BAHD YAAJ XYY BUURAH VEE