Хуурамчаар автомашины дугаар олгох зөрчил гаргасан ЗТХЯ-ны мэргэжилтнийг хэргийг шалгаж дуусчээ
2018/10/01
Авлигатай тэмцэх газраас Зам, тээврийн хөгжлийн яамны мэргэжилтэн Н.Батсүхийн хэргийг шалгаж дуусаад шүүхэд шилжүүлжээ. н.Батсүх нь ЗТХЯ-ны Тээврийн ухаалаг систем, өгөгдлийн сан хариуцсан мэргэжилтэн юм.
Түүнийг эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, Авто тээврийн Үндэсний төвд ажиллаж байгаад өөр ажилд шилжсэн хүмүүсийн нэрээр серверт нэвтэрч, тээврийн хэрэгслийн бүртгэлийн системд хуурамч мэдээлэл оруулах, хуучин байсан зарим мэдээллийг устгаж өөрчилж байсан гэх хэрэгт буруутгаж байгаа аж. Тодруулбал, өнгөрөгч оны долоогоос арванхоёрдугаар сард тэрбээр яамныхаа төв серверт нэвтэрч, Тавантолгойн нүүрс тээвэрлэдэг Хятадын компаниудын машинд дугаар олгохоор хуурамч материал бүрдүүлж байсан нь тогтоогдсон байна. Прокурорын байгууллагаас ЗТХЯ-ны мэргэжилтэн н.Батсүхэд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэх аж.