Хүний гавлын яс мэт хэлбэртэй 2015 TB145 гэдэг сансрын чулуулаг биет /астериод/ 11 дүгээр сарын 11-ний өдөр Дэлхийд ойртож ирнэ гэж Live Science сэтгүүлд мэдээлжээ.

Сансрын уг биет манай гарагт 38 сая км зайд дөхөж ирэх бөгөөд энэ нь Дэлхийгээс Нар хүртэлх зайны ¼ юм. Ер бусын хэлбэр дүрстэй уг биетийг эрдэмтэд 2015 оны намар анх олж ажигласан байна. Тухайн үед уг сүүлт од 10 дугаар сарын 31-ний өдөр Дэлхийн дэргэдүүр гарч өнгөрсөн учраас “халлоуны сүүлт од” гэдэг нэртэй болжээ.

Сансрын биет манай гарагт 486 мянган км ойртох үед нь одон орны физикчид зургийг нь авсан байна. Өөр нэгэн онцлогийг дурдвал, 2015 TB145 сүүл одыг “сөнөсөн сүүлт од” гэж НАСА-гийн судлаачид үзэж байгаа бөгөөд учир нь, Наранд олонтоо дөхөж ирдэг учраас уг биет сүүлгүй болсон аж. Нөгөөтэйгүүр, уг сүүлт од нь өөр дээрээ бууж буй гэрлийн 94 хувийг шингээдэг учраас хав хар өнгөтэй гэнэ. Одоогоор “халлоуны сүүлт од” хүний гавлын ясан хэлбэрээ алдсан байхыг эрдэмтэд үгүйсгэхгүй байна. Дараагийн удаад 2082 оноос нааш уг сансрын биет Дэлхийд ойртож ирэхгүй ажээ.

Э.Аянзаяа 

Эх сурвалж: Монцамэ агентлаг