Төлбөрийн картын "нууц код" нууц л байх ёстой
2018/10/04
Бэлэн бус төлбөр тооцооны хэрэгсэл болох карт нь дэлхий дахины хэрэглээ болоод 60 гаруй жил өнгөрчээ. Харин манай улсад Голомт банк анх “мастер карт”-ыг 1990 онд үйлчилгээнд нэвтрүүлж байсан нь иргэд төлбөрийн нэгэн соёлтой хэрэглээнд шилжсэн юм.
Үүнээс хойш хэрэглэгчдийн тоо нэмэгдсээр одоогийн байдлаар насанд хүрсэн хүн бүр төлбөрийн картыг ашиглаж байна гэхэд хилсдэхгүй.
Карт нь мөнгө хадгалахад амар, авч явахад авсаархан, бэлэн мөнгөний зардлыг хэмнэх гээд олон давуу талтай.
Хүн бүр өөрийн гэсэн нууц кодтой учир алга болговол нууц кодоо чандлан нууцлах нь чухал. Гэтэл зарим дэлгүүр, ресторанаар үйлчлүүлэхэд тооцоо хийх гээд картаа өгөхөд нууц код асуугаад байдаг. Олон нийтийн дунд картын нууц кодоо хэлэх нь хэнд ч эвгүйгээс гадна хувь хүний нууц ч гэж ойлгож болно. Нууц код гээд нууц шүү дээ. Бусдад юмаа алдахгүйн тулд л нууц код хийж байгаа. Гэтэл нууц кодоо хэл гээд зогсох нь дээрэлхэж байгаа хэрэг үү, эсвэл бүдүүлгийн бас нэг хэлбэр үү.
Хүний төлбөрийн картын нууц дугаар асуух нь хувийн чухал асуудалд халдаж буй бүдүүлэг, соёлгүй үйлдэл. Ямар нэгэн эрсдэлээс хэн хэнийгээ хамгаалах бол иргэд бидний үүрэг. Нууц кодыг өөрөөсөө гадна, ойр дотны хүнээс өөр хэн ч мэдэх ёсгүйг банкны зөвлөмж дээр ч бичсэн байдаг. “Нууц код”-ыг нууц л байлгая.