Зүүн Азийн бүс нутгийн зарим орон, тухайлбал Малайз, Индонези, Филиппин Улсад  бага зардлаар буюу сардаа 200-300 орчим ам.доллараар сайхан нөхцөлтэй газар сурч, амьдрах боломжтой талаарх зар сурталчилгаанд хууртаж очоод таньж мэдэхгүй хүмүүст уруу татагдан, эцэст нь гэмт хэрэгт болон хүнд нөхцөл байдалд орох явдал манай зарим  иргэдийн дотор цөөнгүй  гарах боллоо. 

Оюутнуудыг тухайн улс оронд очиход сурталчлаад байсан тав тухтай дотуур байр нь байхгүй болохоор зочид буудалд түр байрлан мөнгө төгрөг нь хүрэлцэхгүй болмогц буруу хүмүүстэй нийлэх, хулгай хийх, биеэ үнэлэхэд хүрдэг байна.

Хилийн чанадад иргэдээ гэмт хэргийн золиос болохоос урьдчилан сэргийлэх үүднээс дээр дурдсан бодит байдлыг олон нийтэд урьдчилан мэдээлж сэрэмжлүүлэх нь зүйтэй гэж  Консулын газраас  үзэж байна.

Тухайлбал, 2011 оны 3 дугаар сард Малайз Улсад  хэлний курсэд  суралцахаар явж улмаар тус улсад хууль бусаар амьдарч байгаад цагаачлалын албанд саатуулагдсан иргэн Э-д  Малайз дахь монгол  оюутнууд  туслан онгоцны тийз авч өгснөөр тэрээр 1 дүгээр сарын 31-нд эх орондоо ирсэн бол Индонези, Филиппин Улсаас тус бүр нэг иргэнийг эх оронд нь  буцааж ирүүлэх чиглэлээр Бангкок, Сингапур дахь ЭСЯ-дууд ажиллаж байна гэж Гадаад харилцааны яамны Консулын газраас мэдэгдэв.