Сэрэмжлүүлэг: Замын цагдаа согтуу жолоочоос мөнгө авсан болох нь тогтоогдлоо
2018/10/05
Өөрийн йүл хөдлөлөөрөө бусад үлгэр дуурайлал болох ёстой ардын багш, шударга үнэний төлөө зүтгэх ёстой замын цагдаа хээл хахуулийн хэргээр ял сонсоод байна. Ёс зүйгүй, хууль бус энэхүү үйлдлийн талаар бид сэрэмжлүүлэг болгох зорилгоор хүргэж байна.
Ардын хүүхдийг сургах нэр хүндтэй үүргийг гүйцэтгэж яваа багш хүн болох Ц.З нь 2017 оны 05 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Хонда пит маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодсон байгаа юм. Энэ нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1-д заасан “Жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчиж байгаа бөгөөдхэв журмын эргүүлийн офицерын үүрэг гүйцэтгэж байсан Х.П-д саатуулагдахдаа өөртөө давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэгтэй нь холбогдуулан Х.П-д 75.000 төгрөгийн хээл хахууль өгсөн байна.
Тэгвэл хахууль өгөгч нь Монгол Улсын иргэн, 1981 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Завхан төрсөн, 37 настай, халх, эмэгтэй, дээд боловсролтой, англи хэлний багш, орчуулагч мэргэжилтэй, Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын .. дүгээр дунд сургуульд англи хэлний багш ажилтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Ц-ын З гэгч юм.
Харин хахууль авсан нь Монгол Улсын иргэн, 1982 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 36 настай, халх, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн Хэв журмын эргүүлийн офицер ажилтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Х-ын П гэгч юм.
Тэдний энэ үйлдэлд Х.П-г албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй байхаар бусдаар дамжуулан хээл хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн, Ц.З-г албан тушаалтанд бусдаар дамжуулан хээл хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1, 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллах дүгнэлттэйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Хахууль өгсөн гэх багш эмэгтэй болсон хэрэг явдлын талаар шүүхийн танхимд : “...2017 оны 05 сарын 11-ны өдөр манай ажлынхан мод тарьсан. Тэгээд тараад манай ажлын Ү.Н, О.О, Д.Б нар машин унаа байхгүй болохоор намайг машинаараа хүргээд өгөөч гэсэн. Би өөрөө элэгний өвчтэй, байнга эм ууж эмчилгээ хийлгэдэг болохоор архи дарс хэрэглэдэггүй. Тухайн өдөр Ү.Н багшийнд сууцгааж байгаад гарч, О.О-г хүргэж өгөх гэж явж байгаад цагдаагийн эргүүлийн машинтай таарсан. Цагдаа зогсоогоод шалгахад манай машинаас архи үнэртсэн. Ү.Н, О.О, Д.Б нар архи уусан байсан. Намайг “чамаас архи үнэртээд байна” гэхэд нь би “надаас юу үнэртэх вэ, би архи уугаагүй” гэхэд цагдаа согтуурлын зэрэг шалгах багаж үлээлгэсэн. Тэгээд надад юу ч хэлээгүй, юм яриагүй байж байгаад “та бичиг баримтаа шалгуул” гэхээр нь би бичиг баримтаа өгөхөд “та 250.000 төгрөгөөр торгууль төлнө” гэсэн. Эхлээд 500.000 төгрөг гэж байгаад, дараа нь 240.000 төгрөг торгуульд төл гэж хэлсэн. Тэгээд хэд хоногийн дараа 2016 оны 05 сарын 16-ны өдөр ажил дээр хичээл ороод байж байтал над руу Скайтелийн дугаараас залгаад “Х.П гэдэг хүн байна, бичиг баримтаа ирж авдаггүй юм уу” гэхээр нь “авъя” гэхэд “Биогийн пост дээр байна, 14:00 цагийн үед ирж аваарай” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “за” гэж хэлчихээд дахиад 13:00 цаг өнгөрч байхад залгаад “чи ирж байна уу” гэхээр нь би “би очиж байна” гэж хэлсэн. Тэгээд очоод “баримт бичгээ авъя” гэхэд “чи торгуулиа авчирсан уу” гэхээр нь “надад мөнгө байдаггүй ээ, цалин буухаар банкны дансаар шилжүүлчихье, дансаа өгчих” гэхэд “тэгдэггүй юм аа” гэсэн. Тэгэхээр нь би “цалин мөнгө буухаар гүйцээж өгье, мөнгө алга, цалингийн зээлэнд авчихдаг, эм тариагаа аваад таардаг” гэж хэлээд гарах гэтэл “чи тэгвэл байгаа мөнгөө өг” гэхээр 75.000 төгрөгөө өгсөн. Тэгээд машины бичиг баримт буцааж өгөөд, жолооны үнэмлэх авч үлдээд өнөөдөртөө 240.000 төгрөгөө гүйцээж өгөөд үнэмлэхээ аваарай гэж хэлсэн. Тухайн үед Т.Б, Х.П нар хоёулаа байсан. Х.П-т 75.000 төгрөг өгснийг Т.Б хараагүй байж магадгүй, гэхдээ мэдэж байгаа шүү дээ. Би Т.Б-д мөнгө өгөөгүй, Т.Б “тамхи ундаа аваад ир” гэхээр нь тамхи, ундаа авч өгсөн. Энэ нь 12.000 орчим төгрөг болж байсан. Надад “75.000 төгрөг байна гэхэд 75.000 төгрөгийг ямар мөнгө гэх юм” гээд Т.Б, Х.П нар хоёр бие лүүгээ хараад инээгээд, “юу вэ, 75.000 төгрөгийн торгууль төлдөг болчихсон юм уу” гэхээр нь би “240.000 төгрөгийг гүйцээж өгч чадахгүй байна, цалин буухаар өгье” гэж хэлсэн. Тэгэхэд Т.Б намайг “кола, тамхи 2 аваад ир” гэсэн юм. Миний хувьд урьд нь Т.Б-ээр шалгуулж байсан зүйл байхгүй, манай нэг дүү машин барьж яваад торгуульсан гэж байсан. Энэ асуудал болоод өнгөрсөн, өмнө нь дууссан байсан. Тэгээд постноос гараад явж байхдаа нарийн бичгийн дарга Г.Э-т “намайг торгуулийн мөнгөө гүйцээж өг гээд байна, надад мөнгө байдаггүй, байгаа 75.000 төгрөгөө өгсөн, дансанд хийдэггүй, бэлнээр авдаг юм шиг байна” гэхэд Г.Э “за, би нэг таньдаг ахаасаа асуугаад үзье” гэж хэлсэн. Тэгээд Г.Э Л.Б гэх хүн лүү ярьсан байсан. Хоёр хоногийн дараа Г.Э, бид хоёр Л.Б гэх хүнээс очиж жолооны үнэмлэхээ авсан. Би өөрийгөө торгуулийн мөнгө өгч байна гэж ойлгоод, дутуу үлдэгдэл мөнгийг нь цалингаа буухаар өгнө гэж бодож байсан юм. Түүнээс биш би Х.П-д хээл хахууль гэж 75.000 төгрөг өгөөгүй. Би тухайн өдөр архи уугаагүй, айлд байхад архи өгөхөд нь ёсолж амсаад тавьсан. Тэгээд ч манай ажлын хүмүүс намайг элэг муутай, вирустэй гээд согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй гэдгийг бүгд мэднэ. Хэрвээ тухайн үед тандагч багажаар үлээлгэхэд улаан гэрэл асч, дохио өгдөг юм бол би мэдэх ёстой байсан. Цагдаа зогсоогоод бичиг баримтаа өгчих гээд аваад үлдэх үед манай машин бас оношлогоонд ороогүй зөрчилтэй байсан. Х.П нь дуудлагын дэвтэр завсар мөнгө орхисон гэж худлаа ярьж байна. Өгсөн 75.000 төгрөгийн тал мөнгө нь надад байсан, үлдсэнийг нь би ажлынхаа Д.Д-гаас зээлж авч байсан. Мөн Х.П нь намайг 75.000 төгрөгийг баярласандаа өгсөн гээд бичээд өгөөч, тэгвэл намайг гайгүй гээд байна, намайг бодооч, би 8 хувийн зээлтэй, Цагдаагийн ерөнхий газарт хэрэгтэй байна, тайлбар бичээд өгөөч гэж гуйгаад надаар тайлбар бичүүлж авч байсан. Намайг гүтгээд байна. Ийм хэрэгт холбогдох болсондоо гэмшиж байна. Би бусдад хээл хахууль өгөөгүй, цагдаагийн байранд, цагдаагийн хувцастай, цагдаа хүн надаас хууль дүрмийнхээ дагуу торгуулийн мөнгө авч байна л гэж бодсон....” гэж мэдүүлжээ.
Харин хахууль авсан гэх замын цагдаа шүүхийн хэлэлцүүлэгт: “...2017 оны 05 сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд эргүүлийн үүрэг гүйцэтгэж, ахлах ахлагч Ч.Г-тай хамт үүрэг гүйцэтгэж ажилласан. Эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад шөнийн 01:00 цагийн үед байх иргэн Ц.З согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож байсныг саатуулан шалгаад “согтуугаар машин жолоодож болохгүй, 480.000 төгрөгийн торгуулийн арга хэмжээтэй, эрхийг чинь хасна, машиныг чинь ачуулна, хуулийн дагуу арга хэмжээ авна” гэж хууль журмыг Ц.З-д тайлбарлан өгсөн. Тэгэхэд Ц.З нь хувийн журмаар маш хэцүү байдалтай бичиг баримтаа гуйж уйлсан. Ц.З нь “би согтуугаар машин жолоодож яваад эрхээ хасуулах юм уу, ар гэрийнхэндээ мэдэгдэх юм бол надад ар гэр салах асуудал гарна, хэрвээ та надад одоо арга хэмжээ авах юм бол би одоо энэ жалга руу ороод амиа хорлосон ч яадаг юм” гээд байсан. Ц.З-тай хамт явж байсан хүмүүстэй нь уулзахад нөгөө хүмүүс нь надад Ц.З-ын гэр бүлийн хүн маш ширүүн ааш зантай хүн байдаг юм, хэрвээ согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад эрхээ хасуулах юм бол амьдрал нь маш ээдрээтэй болно гэж хэлж ойлгуулсан. Тэгэхээр нь би өөрөө дүгнэлт гаргаж, үнэхээр Ц.З гэх хүнд арга хэмжээ авбал амиа хорлочих юм бол нөхөр, хүүхэд, ард нь гарах үр дагаврыг нь бодоод тухайн үед хамт үүрэг гүйцэтгэж байсан цагдаагаас асуугаад явуулсан. Машиныг нь МТ колонкийн буудалд үлдээгээд, бичиг баримтыг авч үлдээд явуулсан. Уг нь бид хуулийн дагуу арга хэмжээ авах ёстой. Тэгээд бичиг баримтыг нь авч үлдээд “маргааш нь арга хэмжээ авъя” гээд байж байтал манай Хэв журмын ахлах офицер, хошууч Л.Б “манай хамаатны хүн байгаа юм, согтуугаар машин жолоодож байгаад чамд баригдсан байна, Ц.З-ын бичиг баримтыг надад өгчих” гэж гуйсан. Би тухайн үед жолооны үнэмлэхийг нь Л.Б хошуучид өгсөн. Л.Б нь хэв журмын байцаагч нарын дээд албан тушаалтан, бид нарт үүрэг даалгавар өгдөг, ажлын хуваарь хийдэг хүн. Ц.З нь надтай ярихдаа “манай нөхөр өнөөдөр Налайх билүү Багануур явах гэж байна, би машины бичиг баримтыг өгөөч” гэж хэлсэн Ингээд ирэхдээ Ц.З нь 2 багштай хамт ирсэн. Тухайн үед надтай хамт гарч байсан дэслэгч Т.Б гэх цагдаа “наад Ц.З-ыг чинь би танина, өмнө над дээр асуудалтай байгаад аргалаад явсан, багш хийдэг гэж байна уу” гэж асуухад нь би “багш хийдэг” гэсэн гэж хэлж байсан. Тэгээд Т.Б өөрийнхөө Скайтелын дугаараас яриад, Ц.З-ыг дуудаж, “Ц.З-аа чи дандаа ийм асуудал гаргаж байх юм аа” гээд 12.000 төгрөгөөр юм авхуулсан байсан. Тухайн үед газар дээр нь арга хэмжээ аваагүй миний буруу. Дараа нь холбогдох газарт асуудлыг шийдвэрлэж, бичиг баримтыг нь өгье гэж бодож байсан боловч Л.Б хошууч бичиг баримтыг нь өгөөч гэж гуйсан болохоор бичиг баримтыг нь өгч, хуулийн дагуу арга хэмжээ авалгүй, албаны үүргээ гүйцэтгээгүй явуулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Анх саатуулан шалгах үед Ц.З нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсныг Цагдаагийн байгууллагад хэрэглэж байгаа тандагч багажаар шалгасан. Тандагч багажаар шалгахад улаан гэрэл асч, дохио өгдөг. Би Ц.З-д бичиг баримтыг нь өгөхдөө “За өнөөдөр би чамайг амиа хорлоно гээд байхаар чинь явуулъя, хуулийн дагуу арга хэмжээ аваад чи амиа холочих юм бол надад хэцүү, чиний ард нөхөр, хүүхэд чинь байна, багш нар чинь гуйж байна, дараа нь арга хэмжээ авъя” гэж хэлээд явуулсан. Тэр үед арга хэмжээ авахад хүндрэлтэй, айсан, гуйсан байсан. Ямар арга хэмжээ авах талаархи хуулийн санкцийг танилцуулаад 240.000 төгрөг, 480.000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авдаг гэдгийг Ц.З-д хэлж сануулсан юм. Ц.З ирж тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ авахдаа надад 75.000 төгрөг өгсөн гэж мэдүүлсэн байсан. Би энийг нь тэр үедээ мэдээгүй байсан, манай албаны ширээн дээрх байсан дуудлагын дэвтрийн завсраар хийсэн байсныг анзаараагүй, торгуулийн хуудасны мөнгийг дэвтрийн засваар хийчихсэн болохоор аваад явсан. Торгуулын тасалбарын тооцоог сарын сүүлээр хийдэг. Ц.З-ыг саатуулж шалгасан өдөр нь 2017 оны 05 сарын 13-ны өдрийн шөнө байсан санагдаж байна. Би дараа нь Скайтелын дугаараас Ц.З руу яриагүй, надтай хамт ажиллаж байсан Т.Б гэх залуу 9199... дугаартай утсаараа “би Ц.З-ыг танина” гээд утсаар ярьж дуудсан. Намайг Ерөнхий газраас байцааж байхад “Ц.З-тай уулз, өөрөөр нь хүсэлтийг нь бичүүлж авчир” гэсэн. Тэгээд Ц.З-тай уулзаж, 75.000 төгрөгийг нь төлөөд хүсэлтийг нь бичүүлж авсан. Мөнгө өгсөн, авсан баримт байхгүй. Ц.З-ын бичиж өгсөн хүсэлт нь хэрэгт байгаа. Миний хувьд зөрчил гаргагчийг тандагч багажаар үлээлгэж шалгаад, сэжиг бүхий үндэслэл байвал Замын цагдаад мэдэгдэх, ачигч машин дуудаж машиныг нь ачуулах, хүнийг нь /жолоочийг/ эрүүлжүүлэх ёстой. Албаны энэ үүргээ биелүүлээгүй гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн хүнийг торгох шийтгэл хүлээлгэх эрх хэв журмын эргүүлийн цагдаад байхгүй, зөрчил илэрвэл холбогдох бичиг баримтыг нь материалжуулаад дээд шатны албан тушаалтанд хүлээлгэж өгдөг журамтай. Гэм буруугаа ойлгож байна. ” гэж мэдүүлжээ.
Шүүх хэргийг хянан хэлэлцээд Х овогт Х.П-г албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй байх үүднээс хээл хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн, Б овогт Ц.З-г албан тушаалтанд өөрөө хээл хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон. Улмаар замын цагдаа залууд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар Х овогт Х.П-г тодорхой /төрийн албанд ажиллах/ албан тушаал эрхлэх эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн. Харин хахууль өгсөн багш бүсгүйд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар Б овогт Ц.З-г 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн.
2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Х.П-д оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 /нэг/ жилийн хугацаагаар, Ц.З-д оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус тогтоохоор шийдсэн. Өөрөөр хэлбэл хэн хэн нь уснаас хуурай гарч байгаа юм.
Хэрвээ согтуу жолооч хүн дайрсан бол, осол гаргасан бол хариуцлагыг нь хэн хүлээх байсан бэ? Замын цагдаагийн дээрэнгүй харьцаа энэ мэтээр албаны нэр хүндийг унагасаар байгаа нь бас л бодох л асуудал. Энэ мэтээр хахууль авсан замын цагдаа нарын хэрэг нэгээр дуусахгүй бөгөө бид тэр бүрийг цувралаар хүргэх болно.
А.Баярмаа
зочин · 2018/10/11
оркууд бол оркууд
Зочин · 2018/10/10
баянголын хөх өнгийн приустэй замын цагдаа баруун 4 зам дээр шөнө хахууль аваад хажууд сууж байсан эрэгтэйд нь машиныг нь өгөөд явуулж байснаа мартаагүй л байхдаа
Зочин · 2018/10/08
SDA YU CH BICHEED BAIGAA YUM
Зочин · 2018/10/08
Замын цагдаа нар баяжсан шүү. Хувидаа машингүй ЗЦ ховорхон болсон байна. Цалингаараа байгаа нь машингүй байх. 75 чинь бага байна 400 000-н ханштай юм биш үү!
Зочин · 2018/10/07
Жинхэнэ шааж өгч байна даа.
Дон дон · 2018/10/06
Цагдаагийн ёс зүй ийм доройтсон байгаа юм шүү дээ.НД-н автын цагдаа байсан Батхуяг яг ийм цагдаа байжээ гэж
Зочин · 2018/10/06
Лам залаад ном уншуулаад f-р нэг юм болж, хэл үгэнд орж сүйд болоо биз дээ Мэдүүлгүүдийг уншихад цагдааг ч нэг их буруутгамааргүй л юм байна
иргэн · 2018/10/06
Хуулийнхан минь ээ Та нар минь Өргөсөн тангарагтай Үнэнч байж жаахан ч гэсэн Ёс жудагтай байл дөө Сүүлийн үед Хууль Сахиулах үүрэгтэй Цагдаа Хуулийнханд маань ямар юм Шүглэчихсэн юм Элдэв бусын Гэмт хэрэгт холбогдох нь Эрс нэмэгдлээ ш дээ Лам хар Залж ном уншуулж Гай барцадаа зайлуулах Арга хэмжээ авдаг юмуу яадаг юм дорвитой нэг зүйл хийхгүй бол Цагдаа Хуулийн байгууллагын Нэр хүнд бүүр Намуудын Нэр хүндтэй цуг Алиагаа алдах нь байна шүү дээ
Зочин · 2018/10/06
Сбд замын цагдаагиинхан бүгд авдаг залуу дэслэгч ахлах дэслэгч нар нь бүр аймаар гэр нь хайлаастад байдаг юмшиг байна лээ ядуу арчаагүй хулгайчуул харахл нэгл цэмцгэр банди энэ залуу чи анхар
Зочин · 2018/10/05
Цалин бага хэцүү ажил
Зочин · 2018/10/05
Цалин бага хэцүү ажил
zochin · 2018/10/05
Bayarmaa yun svrtei um
Баатархүү · 2018/10/05
еэ чаваас. Энэ чинь юу ч биш шүү дээ