"Авьяаслаг монголчууд" шоу нэвтрүүлгийн өнгөрсөн долоо хоногийн дугаарт Рокетбэй шүүгчийн алтан баззер дартал уран бүтээлээ хүргэж чадсан Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Б.НАРАНДЭЛГЭРТЭЙ ярилцлаа.

Яг л Хөвсгалийн тайгад очсон мэт мэдрэмж төрүүлж, гайхалтай дуу авиаг хэдхэн минутад хүргэж чадсан түүнийг шүүгчид "Хөгжмийн гайхамшигт эмчилгээ хийлээ" хэмээн тодотгосон. Б.Нарандэлгэр буюу битбокс Рэй өдгөө нийслэл "Улаанбаатар" чуулгын уран бүтээлч болжээ. Түүнтэй уулзахаар очиход Монголын нэрт хөгжмийн зэмсэг урлаач, Урлагийн гавьяат зүтгэлтэн П.Байгалжавын урласан цавв цагаан морин хуураар тоглолтдоо бэлтгэж байлаа.

-Хэр баргийн зүйлд өндийдөггүй Рокетбэй шүүгчийг алтан баззер даруулж, сэтгэлийг нь хөдөлгөсөн танд баяр хүргэе. Шоуны үеэр хүргэсэн үзүүлбэрээ хэдий хугацаанд бэлтгэсэн бэ?

-Баярлалаа. Алтан баззерын эзэн болсондоо баяртай байна. Нэвтрүүлгийн бичлэг үзээд маш сайхан мэдрэмж төрлөө. Тайзан дээр уран бүтээлээ хүргэх, шоу нэвтрүүлэгт оролцсоноо үзэх ондоо юм байна. Бичлэг үзээд тухайн үеийн оршихуйг дахин мэдэрлээ. Үзэгчийн зүгээс өөрийгөө харах сайхан санагдлаа. Нэвтрүүлгийн дараа хүмүүсийн бичсэн сэтгэгдлийг уншаад маш их урам зориг авлаа. "Авьяаслаг монголчууд" шоу нэвтрүүлэгт би Рэй гэдгээрээ биш Нарандэлгэр нэрээрээ оролцсон. Гэсэн ч хүмүүс уран бүтээлийн нэрээр сэтгэгдэл бичиж, Монголд битбокс урлагийг хөгжүүлсэн үүсгэн байгуулагчдын нэг гэдгийг тодоос тод хэлсэн нь надад сайхан санагдсан. Би Монголын үндэсний битбоксын холбоог 2008 онд байгуулсан. Одоо бид 10 жилийн ойн босгон дээр ирээд байна. Энэхүү ойн хүрээнд битбокс сонирхдог залууст болон хөгжмийн бусад урлагт шамдан суралцаж буй залууст бэлэг барих үүднээс "Авьяаслаг монголчууд" шоунд оролцсон. Хүмүүс намайг битбокс хийнэ гэж таамагласан байх. Тиймээс энэ удаагийн үзүүлбэр тэдэнд бэлэг шиг бэлэг болж чадсан байх. Шоуны үеэр үзүүлсэн үзүүлбэрийг олон сар, жил бодож хийсэн дотоод сэтгэлийн илэрхийлэл гэж ойлгож болно. Бид байгаль гэж бодохоор сэтгэлдээ маш сайхан дүрслэлийг ургуулан хардаг. Тэр дундаа Хөвсгөлийн цаатнуудын нутагладаг тайгын үзэсгэлэн, байгалийн дуу чимээ үнэхээр гайхалтай.

-Цуур хөгжмөөр хичээллээд удаж байна уу?

-Үзүүлбэрээ үзүүлнэ гэж бодох үедээ цуур хөгжмийг сонирхон судалсан. Өөрийн гэсэн цуур хөгжимтэй болоод тоглоход цаатны аж байдал сэтгэлд бууснаар судалж эхэлсэн. Ингэж явсаар нэвтрүүлэгт орохын өмнөхөн үзүүлбэрийнхээ найруулгыг нэг мөр болгосон. Түүнээс өмнө янз бүрээр туршиж үзсэн.

-Ер нь байгалийн дуу чимээг сонирхон судалдаг уу. Үзэгч, шүүгчдийг тайгад очсон мэт мэдрэмж төрүүлэхийн тулд та тайгад ямар байдгийг үзэж сонирхсон байх?

-Би байгалийн чимээ, дуу авиаг сонсох дуртай. Байгальд ойр байхыг хүсдэг. Стресстэй үедээ байгалийн сайхныг мэдэрч, чөлөөт цагаа өнгөрөөхийг хичээдэг. Цаг агаар дулаан үед холбооныхоо залуустай явган аялал хийж явахдаа салхины исгэрээ, усны шуугин урсч буй чимээг сонсох дуртай. Хип хоп дуучид хүн хоорондын ярианаас санаа сэдэл авдаг шиг би байгалийн түмэн дуу авиаг сонсч уран бүтээлээ хийхийг эрмэлздэг. Би Хөвсгөл аймагт очиж байсан ч тайгын гүн хүртэл явж байгаагүй. Тиймээс энэ удаад төсөөллөө уран бүтээл болгон хүргэсэн. Ер нь тайгын гүнд нэвтэрч аялна гэж бодож байгаа. Байгалийн дуу чимээг судалдаг учир олон газраар явсан. Саяхан Киргизстанд болсон дэлхийн биет бус өвийн наадамд амжилттай оролцоод ирсэн. Киргизстан улс уулархаг, цэнгэг агаар, устай. Тэнд Ишикул буюу Ишгэн хөл нэртэй нуур байсан. Нуурыг дээрээс харахад Монгол Улсын газрын зураг шиг хэлбэртэй нь их сонирхол татсан. Хубипай хаан тэр нуурын дэргэд Их хуралдайгаа хуралдуулж байсан гэдэг юм билээ. Тэр нутгийн сайхныг харж явахдаа янз бүрийн амьтдын дууг чимээг сонирхон судлахад шинэ мэдрэмж төрсөн.

-Тухайн үед уран бүтээлийн шинэ санаа төрөв үү?

-Ишикул нуур, тэндхийн байгалийн сайхантай танилцахдаа шинэ бүтээлийн санаа төрсөн. Түүнийгээ "Авьяаслаг монголчууд"-ын тайзан дээр үзүүлнэ гэж бодож байгаа. Мөнх цаст уулыг харангаа Ишикул нууранд сэлэхэд надад үнэхээр гайхалтай мэдрэмж төрсөн.

-"Хэрвээ "Авьяаслаг монголчууд" шоуны ялагч болбол" гэж бодож байв уу?

-Язгуур урлагийг орчин үеийнхтэй хослуулсан бүтээлээ гаднынханд хүргэж, сурталчлах нь миний зорилго. Тиймээс ч хархираатай битбоксыг 2005 онд анх хийж байсан. Тэр зорилго биеллээ олж, олон улсад язгуур урлагаа сурталчлаад явж байна. Урлагийнхаа буянаар олон оронд тоглолтоо хийлээ. Гэхдээ би шоуны ялагч болно гэж одоохондоо бодохгүй байна. Надад ялах нь чухал биш. Хамгийн гол нь бэлтгэсэн үзүүлбэрээ төгсгөлийн шатанд үзүүлмээр байна. Язгуур урлаг монголчуудынх гэдгийг баталж, тамгалах сайхан бүтээл бий. Түүнийгээ залуустаа үзүүлэх гээд бэлтгэлдээ орчихсон явна. Түүнийг үзсэний дараа хүмүүс миний зорилгыг ойлгох байх. Нэвтрүүлгийн дараа миний талаар бичсэн сэтгэгдлийг уншиж байхад "Энэ бол түүний эхлэл. Та нарт амталгаа үзүүллээ" гэж байсан. Мэдээж цаана нь олон сайхан нөөц бүтээл бий.

-Та "Улаанбаатар" чуулгад ирээд хэр удаж байна вэ. Нэг хэсэг нам гүм байлаа?

-Би 2014 онд Монголд ирсэн. 2015 оноос "Улаанбаатар" чуулгад ажиллаж байна. Түүнээс хойш дотоод гэлтгүй гадаадын тоглолтод оролцож, улс эх орноо сурталчилсан. Би чуулгынхаа дууны ангид харьяалагддаг. Урлагийн чиглэлээр мэргэжил эзэмшээгүй. Гадаад харилцаа, дипломатын мэргэжил эзэмшсэн. Өөрийнхөө хоббиг мэргэжил болтол нь хөгжүүлж авч явж байна. Үр шимийг одооноос хурааж эхэлж байна ч гэж ойлгож болно.

-Өнгөрсөн хугацаанд боловсролдоо анхаарав уу?

-2009 онд Японд магистр хамгаалахаар явсан. Тэр хугацаандаа ч уран бүтээлээ орхиогүй. Тухайн үед бидэнд үндэсний өв соёлын талаарх мэдлэг чухал гэдгийг ойлгосон. Бид үндэсний өв соёлын үнэ цэнэ гэж юуг хэлээд байгааг ойлгосныхоо дараа хилийн дээс алхвал бардам байж, гадаадад Монгол Улсаа сурталчлан таниулж чадна.

-Өнгөрсөн хугацаанд шинэ цомог гаргасан уу?

-Хоёр дахь цомгоо гаргасан ч албан ёсоор худалдаалж эхпээгүй байна. Гадаадад явахдаа зарах болон бэлэглэх журмаар цөөн тооны цомог гаргасан. Цомогт шоуны үеэр сонирхуулсан шиг бүтээлүүд багтсан. Хүмүүс тийм цомог гаргавал авна гэж байсан. Магадгүй дараа жилээс энэ тал дээр ажиллаж, Рокетбэйн "Эмчилгээний аялгуу" гэдэг шиг тийм бүтээлтэй цомог гаргая гэж бодож байна. Би Төрийн хүндэтгэлийн концертод оролцож, "Уяхан замбуутивийн наран" наран дууг Үндэсний урлагийн их театрын уртын дуучин Ц.Түмэнжаргал эгчтэй хамтран хүргэсэн. Тэр бүтээлээ удахгүй онлайнаар цацна гэж бодож байгаа.

-Олон дуу авиаг гаргахын тулд хөгжмийн зэмсгийг тоглож сурах шаардлагатай байх. Хэчнээн хөгжмийн зэмсгээр хөгжимдөж байна вэ?

-Сурч л байна. Аман хуур, хэл хуур, хулсан хуур, цуур, бишгүүр тоглож байна. Морин хуур, шанз хөгжим сурч байна. Монголын анхны цагаан морин хуурыг 2007 онд хөгжим урлаач, Урлагийн гавьяат зүтгэлтэн П.Байгалжав ах надад урлаж өгснөөс хойш өнөөдрийг хүртэл тоглож байна. Ер нь хэл хуурын цуглуулгатай болсон. Шоуны хагас шигшээ шатанд төмөр хуурын гайхалтай аялгууг танилцуулахаар бэлтгэж байна.

-Өөрийн дуу хоолойгоор гаргадаг байгалийн юмс үзэгдлийн авиаг та маш гайхалтай гаргасан. Усны дуслах чимээ, шувуудын жиргээн, сапхины исгэрээг гаргах хэцүу юү?

-Ямар нэгэн хөгжим бүтэцтэй байх ёстой. Түүнийг бодолцож би бүтээлээ хийдэг. 2010 онд "Хүн ба техникийн хөгжилдөөн" нэртэй шру тоглолт хийж байв.

-Шоу нэвтрүүлгийн дараа тоглолтоо хийх бодол бий юү. Таны уран бүтээлийг хүмүүс маш их сонирхож байна шүү дээ?

-Битбокс хүмүүсийн сэтгэлд ойр байдаг урлаг юм. Нэгэн тод жишээ нь манай холбоо юм. 10 жилийн өмнө бидний уран бүтээлийг сонсч байсан хүүхдүүд өнөөдөр тэр бүтээлээ дахин сонсоод санаж байна. 2008 онд битбоксын тэмцээн зохион байгуулахад шилдгээр шалгарч байсан хүүхдүүд одоог хүртэл уран бүтээлээ хийж байна. Үүнийг бид маш том ургац гэж бодож байна. Холбоо цаашид ч зорилгынхоо төлөө ажиллана. Хувь хүний хувьд би олон зорилгынхоо ихэнхийг биелүүлсэн. Манай холбооныхон томоохон төслийн ард саяхан гарлаа. "Үндэсний өв соёлын үнэ цэнийг таниулах нь" сэдэвт сургалтыг нийслэлийн алслагдмал дүүрэг, есөн дүүргийн 60 сургуулийн ахлах ангийн сурагчдад хүргэсэн. Тэдэнд үндэсний биет болон биет бус өв хөөмэй, уртын дуу, морин хуурын урлагийн талаар танилцуулж, тайлбар тоглолт хийж явсан. Ирэх оны нэгдүгээр сараас баримтат киногоо цацна. Дараа нь төслийн хоёр дахь шатны ажлаа эхлүүлнэ. Бид ерөнхий боловсролын 80 сургуулийн ахлах ангийн сурагчидтай уулзах юм. Бидэнд 21 аймгаар явж үндэсний биет болон биет бус өвийнхөө талаар танилцуулаач гэсэн санал ирж байна. Үүнийг төслийн гурав дахь шат болгон хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Бид өвөг дээдсээс уламжилж ирсэн өв соёлыг хүүхдүүдэд таниулан сурталчлах зорилготой.

-Цаашид урлагийн чиглэлээр сурах уу. Эсвэл эзэмшсэн мэргэжлээрээ ажиллах бодолтой байна уу?

-Урлагийн чиглэлээр сурах бодол алга. Одоо сурахаас илүү өөрийн мэдсэн сурснаа бусадтай хуваалцах ажилд түлхүү анхаарал хандуулна. Холбооныхоо үйл ажиллагааг өргөжүүлж, урын сангаа баяжуулъя гэж бодож байна. Миний Японд эзэмшсэн мэргэжил гадаад харилцаан дотроо олон улсын байгаль орчны чиглэлээр түлхүү мэргэшсэн. Тухайн үед би агаарын бохирдол гэсэн сэдвийг сонирхож судалсан. Японоос ирэхэд мэргэжлээрээ ажиллах боломж байсан ч тухайн салбар асуудалтай байсан учир азнахаар шийдсэн юм. 2014 онд Японд болсон 52 орны ардын урлагийн наадамдоролцож, Гран-при шагналыг нь аваад ирсэн. Хүмүүс ч тэр талаар сонирхож, би ч урлагийн салбартаа ажиллахаар шийдсэн юм. Үүнийхээ хажуугаар мэдээлэл, технологийн чиглэлээр бизнес хийж байна.

 

 

Б.Сэлэнгэ

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин