Баруунд үнэн бодит байдлыг хэлсэн хүнийг ингэж хүлээн авдаг ажээ

Бельгийн парламентийн бие даасан чөлөөт гишүүн Лоран Луи (Laurent Louis)  2013 оны 1-р сарын 17-нд парламентдаа хандаж энэ үгийг хэлсэн нь ихээхэн дуулиан тариад байгаа. Энэхүү видеог Youtube-д европын үндсэн гол хэлүүд дээр орчуулж хэдэн арван хувилбараар тавьсан байгаа ба хэл тус бүр дээр хэдэн зуун мянган хүн үзээд байна. "Ардчилал, хүний эрхийн өлгий" гэж манайхны олонх нь эндүүрдэг Баруунд бодит байдал чухам ямар байдгийг жирийн хүмүүс оршин суугчид нь комментууддаа юу гэж бичиж байгааг Та бүхэн бас сонирхоорой.

Бельгийн нийслэл Брюссель хот бол Европын Холбооны гол төв байгууллагууд байрладаг, Европын Холбооны гол бодлого, үйл ажиллагааг тодорхойлж удирддаг газрын хувьд бидний анхаарлыг татах газар яах аргагүй мөн юм...

Англи хэл дээр хадмал орчуулгатай:



Орос хэл дээр хадмал орчуулгатай:



Ноён Ерөнхийлөгч өө, Танд талархая! Эрхэм ноёд сайдууд аа, эрхэм нөхөд өө!

Тийм ээ, Бельги улс үнэхээр сюрреализм - хачин жигтэй зүйлүүдийн орон юм. Өнөөдөр гэхэд л Бельгийн арми өөрийн хэт даврагч үзэл санаатай ба лалын эрс хатуу үзэлтэй цэргүүдээ хянах чадваргүй байна гэдгийг бид нар өнөө өглөөний ОНМХэрэгслүүдээс уншицгаалаа. Бид тэднийг армиасаа халах ч эрхгүй гэдгээ бас мэдэж авлаа. Учир нь үүнийг хийхэд зориулсан хууль зүйн үндэслэлүүд байхгүйгэнээ.

Гэвч харин ийм байхад манай парламент Мали улсад “терроризм” гэгчийн эсрэг хийж байгаа дайнд нь Францын талд туслах шийдвэрийг бол гаргаж чадаж байна. Бид Мали улсад хийж байгаа энэ дайнд нь зориулж Францад тээврийн сүлжээгээ мөн бусад тээвэрлэлтийн ложистикоо тавьж өгөхийг хүсч байна. Тэгээд ч бид бүхэн энэ терроризм гэгчийг "манай хилээс холхон байлгахын төлөө" гэсэн шалтгаанаар юу эсийг хийж байгаа билээ!

Бид бүхэн харин Мали руу манай эдгээр шашны эрс тэс үзэл санаа бодолтой бельги цэргүүдийг бол илгээхгүй байх аа гэж би найдаж байна. Би энд хошигнож байгаа мэт зарим хүмүүст санагдаж болох ч харин үнэн хэрэг дээрээ бол дэлхийн дахинд өнөөдөр юу болж байгааг харж ойлгож байгаа болохоор энэ бүхэн надад огтхон ч инээдтэй бус байна. Тийм ээ, надад огтхон ч инээдтэй бус байна, учир нь манай өнөөгийн энэ бодит байдал бол Барууны орнуудын засгийн газрууд өөрсдийн ард түмнүүдийг усан тэнэгүүд гэж үзэж байдгийг нь харуулж байгаа юм.

Ингэж ард түмнээ эргүү мангарууд болгон хувиргахдаа эрх баригч элит хэсгийн гар хөл үзэл суртал ухуулгын хэрэгсэл байхаас цааш хэтэрэхээ больсон "чөлөөт" ОНМХэрэгслүүдийг ашиглаж түүний тусламжтайгаар энэ бүхнээ хийж байна.

Одоо бид бүхэн дэлхийн даяар цэргийн түрэмгийллүүд үйлдэх мөн бусад тусгаар улс орнуудын засгийн газруудыг түлхэн унагаж байгаа нь улам нэмэгдсээр байгааг ажиглан харж байна. Өнөөдөр "урьдчилан цохилт өгөх" гэгч энэ эзлэн түрэмгийлэх дайнууд хэвийн үзэгдэл болчихоод байна.

“Ардчиллыг тогтоох" мөн “терроризмтой тэмцэх” нэр халхавчийн доор нэг хэсэг улс гүрнүүд бусад улс орнуудын хэрэгт хөндлөнгөөс оролцож ард түмнийх нь сонгож гаргаж ирсэн засгийн газруудыг нь түлхэн унагах мөн эдгээр бие даасан улс орнуудын тусгаар тогтнолыг тэглэх эрхийг өөрөө өөрсөддөө өгчихөөд байна.  

АНУлсын дэлхий нийтэд зарласан нөгөө тэр худлаа нь Ирак, Афганистанд дайран орж тэнд дайн дэгдээх шалтаг болсон ба дараа нь үүний золиос болсон улсын эгнээнд Тунис, Ливи, Египет мөн нэмэгдсэн байгаа. Бидний /Бельгийн парламентын/ гаргасан шийдвэрүүдийн ачаар манай улс /НАТО-гийн цэргийн бүрэлдэхүүнд багтаж/ эдгээр улс орнуудад хүн ёсны эсрэг гэмт хэргүүд үйлдэж байхад нь, дэвшилтэт эсвэл шашны бус засгийн газруудыг нь түлхэн унагахад тэргүүн эгнээнд нь явж байсан шүү дээ. Тэгээд эдгээр шашны бус засгийн газруудыг нь дандаа лалын хэт үзэлтнүүдийн засгийн газруудаар сольж тавьж байсан банөгөөдүүл нь улс орондоо “ардчилагчид” нэрээр засгийн эрхэнд гарч ирчихээд яагаад ч юм шуудхан л Шариатын хуулиудыг тэнд тогтоож байсан билээ. Та бүхэн үүнд гайхахгүй байна гэж үү? Чухамдаа яг ийм үйл явдал одоо Сири улсад болж байгаа бөгөөд тэнд Башир Асадыг түлхэн унагахыг хичээж байгаа лалын террористуудыг зэвсэглэж дэмжихэд Бельги улс бас тусалж байна.

Тэгээд энэ бүхэн нь одоо эдийн засгийн хямрал ид өрнөж өдөр ирэх тутам улам бүр олон бельгичүүд орон сууцныхаа хөлсийг төлж чадахгүй, өөрсдийгөө хооллож мөн дулааныхаа мөнгийг ч төлж чадахгүй болж байхад шүү. Тийм ээ, тийм, та нар намайг яасан популист нөхөр вэ, энэ тэр гэж байгааг чинь би сонсож байна. Гэвч Та нар Бельгийн гадаад хэргийн сайд маань Сирид хууль ёсны засгийн газрыг унагахаар байлдаж байгаа энэ террористуудад 9 сая евро бэлэглэсэн гэдгийг мэдэж байгаа шүү дээ. Мэдээжийн хэрэг, энэ мөнгөнүүд эдгээр босогчдын хүмүүнлэгийн хэрэгцээнд зарцуулагдана гэж бидэнд итгүүлэхийг хүсч байна. Гэвч энэ бол ердөө л ээлжит нэг худлаа заль мэх нь юм.

Бельги улс одоо Хойд Африк ба Ойрхи Дорнодын улс орнуудад лалын дэглэмүүд тогтооход нь холбоотнууддаа тусалж байгааг бид бүхэн олон сарын турш ажиглан харж байгаа. Яг одоо Мали улс дахь терроризмыг нэг мөсөн бүрэн даран устгахын тулд энэ ээлжит дайныг эхэлж байна гэж зарлан тунхаглаж байгаа ч энэ бол ердөө л шал худлаа солиотой яриа юм.  Энэ бүхэн чинь шал худлаа шүү дээ! Бид Мали руу тэнд байгаа манай санхүүгийн ашиг сонирхлыг хамгаалахын тулд гэсэн гадна талаасаа бол зөв зүйтэй мэт шалтагаар тийшээ дайран орсон шүү дээ. Гэвч бид нарын энэ үйлдлийн далд санаа бол энэ улс орныг шинээр (нео) колоничлохын тулд л энэ бүхнийг хийж байгаа шүү дээ.

Бид нар нэг гараараа Сири улсад Башар Асадыг түлхэн унагахад нь террористуудад тусалж дэмжиж байгаа мөртлөө нөгөө гараараа Мали дахь террористуудыг нэг мөсөн даран устгахад нь Францад туслах гэдэг бол жинхэнэ хоёр нүүртэй, солиотой хэрэг юм. Тунис болон Ливийг аль хэдийнэ самарсан шиг лалын энэ хэт даврагсад Сири улсад ч ялгаагүй Шариатын хуулиуд тогтоохыг хүсч байна.

Миний бодлоор бол одоо энэ бүх худал жүжгээ дуусгаж иргэдээ хуурч мэхлэхийг зогсоох цаг ирсээн. Үнэнийг хэлэх цаг ирлээ. Бид нар лалын хэт даврагсдыг зэвсэглэж тусалж дэмжиж байна. Ер нь Барууны орнууд үүнийг урьд өмнө нь ч хийсээр байсаан. Жишээлбэл, Бин Ладеныг, тэр америкчуудын талд, түүнийг хожим тэд нар золигт гаргах хүртэл нь ажиллаж байсан билээ.

Барууны орнууд эдгээр шинээр эзлэгдсэн улс орнуудыг өөрсдийнхөө цэргийн баазуудаар бүрхэхийн тулд бүх боломжийг ашиглаж байдаг. Гэхдээ эдгээр булаан эзлэгдсэн улс орнуудын эдийн засгийн хамгийн ашигтай бүх салбаруудыг нь барууны компаниудад өгдөг. Энэ бүхнийг аль эрт урьдчилаад бодчихсон байдаг шүү дээ!

Иракт манай америк холбоотнууд энэ улсын газрын тосыг нь булаан эзэлж авсан байгаа. Афганистанд бол хар тамхи ба опиумыг нь булаан авсан, хэрэв богинохоон хугацаанд асар их мөнгө хийхийг хүсч байгаа бол энэ бүх арга нь аргагүй сайн аргууд. Ливид, Тунист, Египетэд мөн удалгүй Сири улс дахь  Барууны эвслийн гол зорилго бол шашны бус засгийн газрыг нь түлхэн унагаж тэднийг лалын хэт үзэлтнүүдийн засгийн газруудаар солих явдал юм. Дараа нь эдгээр лалын дэглэмүүд богино хугацаанд хөрш бүх улс орнуудын хувьд том асуудал болон хувирах бөгөөд тэгэхээр нь бид нар “терроризмтэй тэмцэх” мөн “Израилийг хамгаалах” гэсэн гадна талдаа бол зөв зүйтэй мэт харагдах шалтгийн доор тэдэн үрүү дайран довтлох болно. Барууны эдгээр зорилгууд нь одоо алган дээр мэт харагдаж байгаа: дараагийн золиос нь Алжир, харин дараа нь Ираны ээлж ирнэ гэдэгт би итгэлтэй байна.

Гадна талаас дайрч довтолж байгаа харийн эзлэн түрэмгийлэгчээс өөрийгөө хамгаалахын тулд дайн хийх нь нэр төрийн хэрэг билээ. Гэвч АНУлсын ашиг сонирхлыг хамгаалахын тулд эсвэл AREVA мэтийн асар том концернуудын ашиг сонирхлыг хамгаалах эсвэл алтны орд газруудыг нь булаан эзэлж авахын тулд дайн хийж байгаа энэ бүх үйлдлүүдэд ямар ч нэр төртэй юм байхгүй, энэ нь зөвхөн Барууны улс орнуудыг түрэмгийлэгчид мөн гэмт хэрэгтнүүд болгон харуулж байгаа юм.

Энэ бүхнийг одоо хэн ч ил тод хэлэхийг зүрхлэхгүй байна, гэвч би хувьдаа энэ бүхнийг зүгээр ингээд орхихгүй ээ. Хэрэв миний энэ хэлж байгаа энэ үг хэн нэгэнд,“хүний эрхийн төлөө” гэсэн хуурамч багийн доор өөрисдйн санхүүгийн, геостратегийн мөн  неоколончлолын зорилгуудаа зүтгүүлж байдаг энэ Системийнх нь эсрэг дайрч байна гэж хүлээн авч байгаа бол яг тийм ээ! Энэ бол энэ Системийн эсрэг хийж байгаа миний дайралт юм. Энэхүү Системийн үнэн нүүр царайг илчлэх нь миний хувьд шударга үнэнч хүн бүрийн үүрэг юм. Иймээс би үүнийг хийж байгаадаа бахархаж байна.

Хэрэв нэгмөсөн шударга хэлэх юм бол, уучлаарай эвгүй үг хэлж байгаад, Та нар бүгдээрээ (англи fuck you гэдэг хараалын франц хувилбар) чөтгөр үрүүгээ цааш тонилцгоо. Та нар бүгдээрээ - зүүний, барууны мөн төв үзэлт намуудын нөгөө “уг нь зөв бодолтой хүмүүс” гэгддэг та нар хуйвалдаан хээл хахуульдаа живсэн энэ элитүүдийн гутлын улыг нь долоодог боловч одоо намайг дуртайяа шоолон мушилзаж суугаа. Юмны учир начир мэдэхгүй жаалхан хүүхдүүд шиг өөрсдийн энэ дайн дажин, тэсрэх бөмбөгийн тоглоомуудаа тоглосоор байгаа та нар чөтгөр үрүүгээ тонилвол таарна. Өөрсдийгөө “ардчилагчид” гэж нэрлэсэн, харин үнэн хэрэг дээрээ бол гутамшигт гэмт хэрэгтнүүдээс илүү гарахгүй тэр хүмүүс чөтгөр үрүүгээ тонилог.

Энэхүү хоёр нүүрт улстөрийн бодлогын эсрэг үгээ хэлж тэмцэж байгаа хүмүүсийг солиотой мэт болгон харагдуулж ичгүүр сонжуургүй ингэж ухуулж сурталчилж байдаг тэр сэтгүүлчдэд мөн ОНМХэрэгслүүдэд би огтхон ч хүндэтгэлтэй ханддаггүй. Гэхдээ эдгээр ОНМХэрэгслүүд нь улстөрийн ийм бодлогыг эсэргүүцэж тэмцэж байгаа тэр хүмүүсийн зөв өө гэдгийг бол өөрсдөө сайн ойлгож мэдэж байгаа.

Өөрсдийгөө манай гаригийн хэмжээлшгүй эрхэт эзэд захирагчид гэж төсөөлж байгаа мөн жирийн хүмүүс бидэнд өөрсдийнхөө тэр ёс жудаг, хуулиудыг тулган нялзааж байгаа тэр хүмүүсийг би жигшин үзэж үзэн ядахаас өөр ямар ч мэдрэмж надад төрөхгүй байна. Би өөрийгөө чин үнэний талд, шударга байдлын талд, аливаа башир арга хэрэгслүүдээр тонон дээрэмдүүлсээр байгаа ямар ч гэм буруугүй тэр жирийн хүмүүсийн талд байгаа гэж харж байна. Чухамдаа ийм учраас би Мали дахь неоколоничлолын энэ ажиллагааг явуулахад нь Францад туслах үүргийг Бельги улсад үүрүүлж байгаа энэ тогтоолын эсрэг санал өгөхөөр шийдсэн юм.

Мали улсад Францын явуулж байгаа энэ цэргийн ажиллагаа нь бүр эхнээсээ л худал хуурмаг дээр үндэслэж суурилсан байсан шүү дээ. Бидэнд ярихдаа Франц улс Малийн ерөнхийлөгчийн тусламж хүссэн гуйлтыг нь биелүүлж тийшээ цэрэг оруулсан гэж байсан биз дээ!? Гэхдээ Малийн энэ ерөнхийлөгч шударга сонгуулиар гарч ирээгүй, түүнийг 2012 оны 3-р сард болсон төрийн эргэлтийн дараа энэ суудалд тавьсан шүү дээ гэдгийг бид бүхэн зориуд мартаад байна! Харин хэн энэ төрийн эргэлтийг дэмжиж тусалж байсан, хэн энэ бүхний ард сэм зогсож байсан, Малийн энэ “ерөнхийлөгч” хэний төлөө үхэн хатан зүтгэж байгаа билээ? Энэ бол та нарын эхний худлаа заль мэх чинь!

Францын ерөнхийлөгч Франсуа Олланд ярихдаа (Та үүнийг ядаж төсөөлөөд үз дээ) Францын болон Европ тивийн нутаг дэвсгэрүүдэд аюул занал учруулж байгаа гэх Мали дахь тэр террористуудыг нэгмөсөн даран устгахыг хүсч байна гэж тэрээр бүх хүмүүст итгүүлэх гэж ядаж байсан билээ. Энэ худлаагаа Мали улсад дайн өдөөх албан ёсны шалтаг болгон ашигласан тэд нар өөрийнхөө иргэдийг терроризмын аюулаар байнга айлган сүрдүүлж байгаа нь манай энэ лидерүүдийн болон манай ОНМХэрэгслүүдийн үнэн нүүр царайг илчлэн харуулж байна.

Франц ба Бельги хоёр хоёулаа урьд өмнө нь Ливид мөн одоо Сирид лалын алан хядагчид террористуудыг нь зэвсэглэж тэдэнд тусалж дэмжиж байгаа мөртлөө яаж та нар өөрсдийнхөө энэ үйлдлүүдийг лалын терроризмын аюулаар зөвтгөж зүрхэлж байна вэ?

Тэд нар эдгээр улсууд дахь өөрсдийн алс хэтийн болон эдийн засгийн ашиг сонирхлуудаа нуун хаацайлахын тулд л энэ шалтагийг ашиглаж байгаа шүү дээ.Гэвч манай Барууны улсууд иймэрхүү ямар ч логикын авцалдаагүй, ам ажлын зөрүүнээс эмээдэггүй бөгөөд учир нь тэд нар энэ ам ажлын зөрүүгээ жирийн хүмүүсээс нуун далдлахын тулд бүх зүйлийг хийж байдаг. Гэвч бодит амьдрал дээр амлалт ажлын зөрүүнүүд нь байсаар байгаа. Маргааш бид малийн нэг лалын шашинтны үйлдсэн хорлон сүйтгэх алан хядах ажиллагааг үзэхгүй байж болно, үгүй ээ, ийм юм үнэхээр боломжгүй. Хэрэвзээ, мэдээжийн хэрэг, бид нар хаашаа ч юм цэргийн хүчээр дайран орох нэг шалтагтай болж авахын тулд өөрөө өөрсдөө ийм өдөөн хатгалгыг иргэдийнхээ эсрэг хийхгүй юм бол шүү дээ.

Ингэхэд бид нар “2001 оны 9-р сарын 11”-ийг манай Барууны орнуудын цэргийн түрэмгийллүүдийг, энэ хууль бус эрүүдэн тамлалтуудыг, мөн баривчилгаануудыг бас энгийн номхон иргэдийг бөөнөөр нь алж хороож байгаагаа зөвтгөж байхын тулд хийгээгүй гэж үү дээ!? Энэ бүхнийг мэдээллийн фон болгон ашиглаж одоо “малийн террорист” гэдэг хадны мангааг бий болгох нь бидний хувьд хүүхдийн тоглоом шүү дээ. Энэ бол манай цусанд дуртай энэ лидерүүдийн хувьд бол нэг их хэцүү зүйл биш ээ!

Манай Барууны цэргийн түрэмгийллүүдийг зөвтгөхөд ашигладаг өөр нэг шалтаг бол“хүний эрхийг хамгаалах” гэгч уриа юм. Малид хийж байгаа дайныг зөвтгөхийн тулд энэ шалтагийг бас ашиглаж байна.

Одоо "Бид нар нэн даруй тийшээ дайран орох ёстой, үгүй бол “хорон муу санаат энэ лалын шашинтнууд” Малид Шариатын хуулиудаа тогтоож эмэгтэйчүүдийг чулуугаар нүүлгэж алдаг, хулгайчдын гарыг тас цавчдаг болгочихно" гэцгээж байна.

Товчхон хэлэх юм бол ганцхан манай бүх юм, бидний бодож төлөвлөж байгаа бүх зүйлүүд л үнэмлэхүй зөв, хамгийн сайн сайхан зүйлүүд мэт аж! Тэгвэл яагаад бид нар Тунист, бас Ливид лалын хэт үзэлтнүүд нь засгийн эрхэнд гарч ирэхэд нь мөн тэнд Шариатын хуулиудаа тогтооход нь тусалж дэмжиж байсан юм бэ? Харин тэгвэл эдгээр улс орнууд дөнгөж саяхан л хангалттай орчин үеийн мөн дэвшилтэт улсууд байсан биш гэж үү? Улс эх орондоо урьд өмнө нь хувьсгал хийхийг хүсч байсан, юмны учир сайн мэдэхгүй тэр өсвөр залуухан тунисчуудаас одоо ямар байдалтай байгааг нь асуугаад үзэхийг би Та бүхэнд санал болгож байна. Ливи, Тунист одоо бүрэлдсэн байгаа өнөөгийн нөхцөл байдалд тэд нар аз жаргалтай байна уу гэдгийг нь асуугаач.

Мали улсад хийж байгаа энэ дайны цаад утга учир нь ойлгомжтой, зорилго нь тодорхой байгаа шүү дээ. Бүгд л хоёр нүүр гаргаж хэн ч энэ тухай үнэнийг ярихгүй байгаа ч би хэлээд өгье. Мали дахь энэ дайны цаад утга учир нь Африкаас Хятадыг хөөн гаргах ба манай америк холбоотнуудад Африк болон Ойрхи Дорнодод өөрсдийн байр сууриа бэхжүүлж авахад нь туслах явдал юм. Энэхүү неоколоничлох ажиллагааных нь цаад сэдлүүд нь ийм юм. Мали дахь энэ цэргийн ажиллагаа дууссны дараа Франц улс тэнд энэ дайнд зориулж барьж босгосон цэргийн баазуудаа үлдээхийг бид харах болно. Эдгээр цэргийн баазууд нь дараа нь америкчуудад бас тус болох болноо.

Тэгээд үүнтэй нэгэн зэрэг, Барууны орнууд урьд өмнө нь юу хийж ирсний нэгэн адил барууны компаниуд Мали дахь хамгийн ашиг орлоготой эх үүсвэрүүдийг нь өөрсөддөө булаан авах ба ийнхүү дахин (нео) колоничлолд орсон эдгээр ард түмнүүдийн хөрөнгө баялагууд болон бусад бүх нөөц баялагуудыг нь дахин тонон дээрэмдэх болно, бүр дахиад  шүү.

Алив одоо бодит баримт нотолгоонуудыг авч үзье. Малид энэхүү цэргийн ажиллагааг явуулахыг хамгийн их сонирхож байсан этгээд бол францын эрчим хүчний аварга компани AREVA юм. AREVA компани Малийн нийслэл Бамакаас ойролцоогоор 350 км-т орших 17 мянган хүнтэй Фалеа хотхоны дэргэдэх ураны уурхайг нь булаан авахыг олон жилийн турш оролдож байгаа билээ. Ийм болохоор яагаад ч юм бэ AREVA энэ ураны уурхайнуудыг нь сая нэг юм гартаа оруулж авах тэр цаг тун удахгүй болсоон гэж надад санагдаад байх болсон. Надад л лав ингэж санагдаад байгаа, энэ бүхнийг мэдэж байгаа учир бүр цаанаасаа гэх үү дээ... Ийм учраас миний хувьд бол энэхүү орчин үеийн неоколоничлолд нь гар бие оролцох уу гэдэг асуулт бол ямар ч яриа хөөрөөгүй – үгүй юм.

Ийм болохоор миний энэ тавьж байгаа үндэслэлүүдэд эргэлзэж байгаа тэр хүмүүст Мали улсын байгалийн ашигт малтмалын газрын зурагтай нь ойрхноос танилцахыг зөвлөж байна. Мали улс бол алтны томоохон үйлдвэрлэгч орон юм. Харин саяхнаас Мали дахь ураны олборлолт нь маш ашигтай давуу талуудтай ба хямдхан зардалтай болохыг тогтоосон байгаа.

Ингээд бид нар Ирантай дайн хийхэд нэг алхам ойрхон болоод байна. Энэ бүх шалтагуудын улмаас мөн энэ бүх худал хуурмагийн хүрээнээс сугаран гарахын тулд би Мали руу цэргийн хүчээр дайран орж эзлэхийн эсрэг санал өгөх шийдвэр гаргасан юм.

Ийнхүү би өөрийн байр суурин дээрээ үнэнч үлдэж байгаа ба учир нь би урьд өмнө нь манай арми Ливи ба Сири рүү цэргийн хүчээр дайран орох гэмт хэргүүдийн эсрэг саналаа өгч байсан билээ. Энэ нь намайг бусдын хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх зарчмын төлөө, эдгээр гэмт ашиг сонирхлуудын эсрэг тэмцэж байгаа Бельгийн ард түмний цорын ганц төлөөлөгч  болгож байна.

Одоо бид нар, Бельги улс НҮБ болон НАТО-д гишүүнээр оролцохоо зогсоох мөн түүнчлэн Европын Холбооноос ч гарах хэрэгтэй цаг ирлээ гэж би бодож байна. Учир нь Европын холбоо /17 их наяд еврогийн өртэй болоод байгаа!/ санхүү-эдийн засгийн ашиг сонирхлуудынхаа төлөө хүмүүнлэг байх ашиг сонирхлуудаа бүрэн умартсан ба Европын холбоо энхтайванг хамгаалагч гэж байсан бол одоо тусгаар тогтносон улс орнуудыг тогтворгүйжуулах зэвсэг болон хувирсан байгаа.

Ийм учраас Мали улсад цэргийн ажиллагаагаа явуулахдаа цэргийн олзлогсдын тухай Женевийн Конвенцийг дагаж мөрдөхийг Францын ерөнхийлөгч Франсуа Олландад сануулахыг би Бельги улсын засгийн газраас шаардаж байна. Францын ерөнхийлөгчийн Малид хүрэх гэж байгаа зорилгыг - лалын террористуудыг устгахгэсэн тэр төлөвлөгөөг нь би ТВ-ээр сонсоод үнэхээр цочиролд орсон юм. Тэр үүнийгээ устгах гэж, яг ингэж хэлсэн юм шүү.

Мали дахь өнөөгийн тоглоомын дэглэмийг эсэргүүцэж байгаа хүмүүсийг, сөрөг хүчнийг террористууд гэж нэрлээд устгуулахыг би хүсэхгүй байна. Өнөө үед цэргийн олзлогсдын эрхүүдийг хүлээн зөвшөөрөх тухай ярих хэрэгтэй байхад, хэрэв аливаа ардчилсан тогтолцооны энэ үндсэн тулгуур зарчмуудыг тойрон гарахыг хүсвэл, шууд л “лалын террористууд” гэж ярьж тэднийг цоллож эхлэх нь тохиромжтой болсон бололтой.

Түүхэнд анх удаа (1789 оны Францын Хувьсгалаар) хүний эрхийг хамгийн гол үнэт зүйлээ болгон гаргаж тавьсан Франц улсаас өнөөдөр бид цэргийн олзлогсдын эрхүүдийг хүлээн зөвшөөрөхийг нь хүлээж байна.

Эцэст нь, бид бүхэн аливаа дайн эхлэхийг ямар амархан хөнгөмсөг шийдэж байгаад Та бүхний анхаарлыг хандуулахыг би хүсч байна. Манай засгийн газар парламентынхаа зөвшөөрөлгүйгээр үүнийг хийж ирсэн ба тэд ингэх эрхтэй мэт аашилцгааж байсан шүү дээ.

Засгийн газар маань Мали руу манай цэрэг дайчдыг мөн зэвсэг техникийг нэгэнт илгээчихсэн нь тодорхой болсон хойно манай парламент араас нь "өнгөрсөн борооны хойноос цув нөмрөх" үйлдэл үзүүлэх (тогтоол батлах)-ээр шийдсэн энэ үед одоо парламентын гишүүдийн 1/3 нь л хүрэлцэн ирж хуралдаанд оролцож байна. Хэдийгээр энэ байдал нь намайг нэг их онцгой гайхшруулахгүй байгаа ч энэ бол  бид бүхэн аливаа дайнд оролцохыг аймшигтай хөнгөн хуудуу шийддэг байдлыг харуулж байгаа ба учир нь манай парламент дотор улстөрийн намуудын хатуу хяналтан доор захирагдсан утсан хүүхэлдэйнүүд л сууцгааж байдаг шүү дээ...

Анхаарал тавьсанд баярлалаа.

Энэхүү видеог Youtube-д европын үндсэн хэлүүд дээр орчуулж хэдэн арван хувь тавьсан байгаа ба хэл тус бүр дээр хэдэн зуун мянган хүн үзсэн байна. Та бүхэн жирийн хүмүүс комментуудад юу гэж бичиж байгааг сонирхоорой.

Судлаач Х.Болорболд