Р.Батсайханы найруулсан “Дундын бүсгүй” жүжгийг үзсэн хүмүүс яагаад таг дуугүй гарна вэ?
2018/10/15
Өнгөрсөн 9-р сарын 12-25-ны хооронд “Мөрөөдлийн театр”-ынхан ҮЭ-ийн Соёлын төв ордонд Шведийн зохиолч Ян Экстрёмын “Хүн алж тоглосон залуус” туужаас сэдэвлэсэн “Дундын бүсгүй” хэмээн шоу драм тавьж тоглосон билээ.
Тэрхүү жүжгийг 9-р сарын 23-нд үзэхээр очиход үзэгчийн танхим дүүрэн хүнтэй, хоосон суудал нэг ч харагдахгүй байсан нь манайхан театр, тайзны урлагт сэтгэл татагддаг болоо юу даа гэсэн таатай сэтгэгдэл төрүүлж байсан юм. Кино найруулагч Р.Батсайхан Шведийн зохиолч Ян Экстрёмын 1963 онд бичсэн “Хүн алж тоглосон залуус” туужийг орчин үеийн хувилбарт оруулан тун чадварлаг найруулж, нүдээ олсон гүн санаанууд шигтгэж өгсөн байлаа. Энэ жүжгийг манай орчин үеийн оюутан залуус олноороо үзсэн бол нэлээн олон зүйл эргэцүүлэх байсан болов уу.
Жүжигт хүний амь хороосон гэмтэнийг мөрдөгч хайх хооронд дотно найз нөхөд хэрхэн яаж хувирч бие бие рүүгээ чихэж, нэгнийхээ муу муухайг уудалж байгаагаар хүний дотоод мөн чанар, адагтаа хүрэхэд хүн зөвхөн амин хувиа л хичээдэг эгзэгтэй агшныг тодхон үзүүлсэн байлаа. Тайзны бүтээл гэдэг киноноос юугаараа илүү вэ гэхээр үзэгчдэд илүү ойр, амьд байдаг. Тайзан дээрх хүмүүсийн амьсгалж байгаа нь, хөдөлж байгаа нь, орилж хашгирч байгаа нь хүртэл амьд, бодит байдаг учраас үзэгч өөрөө дунд нь орчихсон юм шиг хүчтэй өдөөгддөг. Уг жүжгийг үзсэн олон хүн үүнийг мэдэрсэн байх. Насанд хүрэгчдэд зориулсан гэх тодотголтой уг жүжигт эрээ цээргүй үг хэллэг, илт эротик маягийн дүрслэл нэлээдгүй гарах боловч тэр нь өнөөгийн нийгмийн завхай зайдан, эрээ цээргүй бохир байдлыг бодит тусгал хойно яалтай. Үзсэн хүн үүнийг үгүйсгэх аргагүй.
Харин ч нийгмээсээ ичин нүүрээ улайлгаж суугаа нь анзаарагдсан юм. Энэ жүжигт нийгмийн хар бараан тал болох садар самуун, завхайрал, авилга хээл хахууль, хар тамхи, гэмт хэрэг, архидалт бүгдийг багтааж чадсан нь найруулагчийн ур чадвар гэдэг нь мэдээж. Хамгийн сүүлд Соко хэмээх охиныг хөнөөсөн алуурчин огт санамсаргүй байдлаар, тун жижигхээн зүйлээс болоод илрэх нь жинхэнэ сонгодог жүжиг болсныг илтгэнэ. Гэмтэн болж, хайртай охиноо хөнөөсөн буруугаа хүлээж буй залуу “Та нар л түүнийг уруу татаж эвдэж, буруу зүйлд хөтөлсөн шүү дээ. Та нар бүгд түүнтэй унтаж, эдэлж, завхайрсан. Одоо харин та нар түүнийг минь яаж ч чадахгүй” гэж гол руу ортол хэлэхийг сонссон үзэгчид таг дуугүй дор бүрнээ ямар нэг зүйл бодсон байдалтай хаалгаар гарцгааж байв. “Мөрөөдлийн театр”-ын залуус үнэхээр чадварлаг мундаг жүжигчид юм. Ялангуяа жүжигчин Л.Сөрөлт. “Дундын бүсгүй” тоглолт нь дотроо хоёр хэсэгтэй байсан бөгөөд эхнийх нь эмгэнэлт шүүмжлэлийн маягийн өнгө аястай байсан бол харин хоёр дахь хэсэг болох Оросын нэрт зохиолч Сергей Беловын “Ичгүүргүй хосууд” жүжгээс сэдэвлэсэн цэвэр хошин тоглолтон дээр Л.Сөрөлт соёлын ордоны танхимд суусан хүмүүсийг ёстой л элгийг нь хөштөл жүжиглэсэн. Түүнийг хөл гараа ганц хөдөлгөхөд л хүмүүс савж унатлаа инээж байсан нь хөдөлгөөнөө дүртэйгээ айхтар нарийн мэдрэмжээр холбож өгч байсны шинж юм. Ийм нэгэн сайхан амттай тоглолтыг үзэж суухдаа үзэгчид хошин урлагаас залхжээ, жүжигчид ч аар саар хошин жүжгээр цаг нөхцөөхөөс зайлсхийдэг болж дээ гэж бодож байсан юм. Арваад хоног үзэгчдийн танхимыг дүүрэн хүнтэй барьж чадсан энэ жүжгийн араас “Мөрөөдлийн театр”-ын хамт олон өөр олон сайхан бүтээл төрүүлэх буй за.
Эх сурвалж. Ноцтой мэдээ сонин