Бил­гийн тооллын XYII жарны “Ялгуусан” хэмээх хөх морин жилийн хаврын тэргүүн сарын шинийн 1-ний өглөө Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиа­гийн Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд,  Ерөнхий сайд  Н.Алтанхуяг нар ахмад наст­нуу­­дын төлөөлөл болсон 10 бууралтай Төрийн орд­ны ёслол, хүндэтгэлийн тан­­­химд золголт хийсэн.  Золголтод  Увс аймгийн Цагаанхайрхан су­мын харьяат 93 настай Ш.Түмэнхүү, Увс аймгийн Зүүнговь сумын харьяат 98 настай К.Дүүдээ, Архангай аймгийн харьяат 106 настай Г.Нанжид, Баянхонгор айм­гийн харьяат 93 настай Л.Халзан, Дундговь аймгийн Өлзийт сумын харьяат 93 настай Н.Өвөг, Баянхонгор аймгийн харьяат 95 настай С.Шижээ, Сүхбаатар айм­гийн Халзан сумын харьяат 90 настай Д.Дарьмаа, Архан­гай аймгийн Хашаат сумын харьяат 95 настай Г.Цэрэндулам, Завхан айм­гийн харьяат 100 настай С.Сүрьяа, Завхан аймгийн Шилүүстэй сумын харьяат 91 настай Д.Жавзан нарын буурлууд оролцсон.

Ахмадуудтайгаа арав гаруй метр урт цагаан хадагтай золгоод, нэг л зүйлийг эс тооцвол золголт сайхан болсон. Өөрөөр хэлбэл ахмадтай золгосон  Төрийн орд­ны ёслол, хүндэтгэлийн тан­­­химд тавгийн идээг  10 үеэр зассан байлаа. Энэ талаар манай сайт мэдээлж, билэгдлээ бодсон ч, уламжлал ёсыг бодсон ч буруу гэдгийг олон нийтэд хүргэсэн.  Тодруулбал, Монголчууд ажил явдалтай байгаа үед тавгийн идээг ингэж тэгш тоотой үеэр засдаг бөгөөд  талийгаачийг хөдөөлүүлсний дараагаар  аз жаргалыг урин дуудаж байна гэсэн билэгдлээр  тэгш тоотой зассан тавгийн идээний нэг үеийг авдаг.  

Монголын   90 хүрсэн буурайнууд  тавгийн идээгээ хамгийн дээд тал нь есөн үеэр засдаг.   Өөрөөр хэлбэл тавгийн идээний эхний   үе нь жаргал, дараагийн үе нь  зовлон гэж ээлжилсээр  жаргал буюу сондгой тоотой  үеэр  засдаг.  

Тэгвэл энэ хэрэгт  хариуцлага хүлээх ёстой  Тө­рийн ёслолын албаны дарга Ж.Сэрээжав, Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга хурандаа Ж.Наранбаатар нар  уснаас хуурай гарч, Төрийн ту­с­гай хамгаалалтын газ­рын үйлчилгээний тасгийн гур­­ван ажилтныг “ажлын хариуцлага алдсан” шалт­гаа­наар  золигт гаргав.  

Үнэн хэрэгтээ бол  хэн нэгнийг ажлаас нь халах ёстой юм бол үүрэг даалгавар өгч,  түүнийг нь хянах ёстой ёстой  Тө­рийн ёслолын албаны дарга Ж.Сэрээжав, Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга хурандаа Ж.Наранбаатар нар ажлаасаа халагдах ёстой. Харин тэдний ажлын хариуцлагагүйгээс билэг дэмбэрэлгүй, Монголоо алдсан энэ үйлдлийнх нь төлөө төр нь Монголынхоо ард түмнээс уучлалт гуйх нь зүйд нийцэх хэрэг.  

Тэгтэл өнөөдрийг  хүртэл төр нь түмэн олноосоо уучлалт гуйхгүй байгааг хэрхэн ойлгох вэ?

Мэдээж хэрэг  Төрийн гурван өндөрлөг тавгийн идээг засаад суухгүй нь тодорхой.  Гэхдээ дэргэд нь суухдаа анзаарах л ёстой байсан. Анзаараагүй бол алдааг нь хэлээд өгч байхад  “Ажлын хариуцлага алдсан   байнаа. Монголчууд минь өршөө. Ямар нэгэн далд санаа утга агуулаагүй ээ.  Морин жилдээ цөмөөрөө хийж бүтээж хөгжнөө” гээд хэлчихэд  түмэн олон чинь тайван амгалан байх сан.

Нэгэнт төр улсдаа буруу зүйл  билэгдсэн алдаа гарсан болохоор  Төрийн гурван өндөрлөг нь биш юмаа гэхэд ядаж төлөөлөх хүн нь  түмэн олноосоо уучлалтаа гуйгаасай. Өнөөдрийг хүртэл алдааныхаа төлөө нэг ч үг хэлэхгүй, чимээгүй байж, фотошоп хэрэгэлэсэн,  эргүү сэтгүүлч гэсэн сэтгэгдлийг алсаас   шидэж байхаар Төр төмөр нүүрээ улалзуулахыг ард түмэн чинь хүлээж байна гэдгийг дуулгахын зэрэгцээ алдааг нь дахин сануулах зорилгоор зовлогоор төгсгөсөн тавгийн идээний зургийг хүргэе. 













 

 

 

 

 

 

 

А.Баярмаа