Хүү нь сургууль дээрээ хүн хороож байхад ээж нь шархадсан хүмүүсийг нь аврахаар оролдож байжээ
2018/10/18
Өнгөрсөн лхагва гарагт Оросын Керчийн политехникийн коллежийн нэгэн оюутан галт зэвсгээр гал нээж, дэлбэрэлт үйлдсэний улмаас 19 хүн амь үрэгдэж, 50 хүн бэртэж гэмтсэн аймшигт хэрэг гарсан билээ. Сэжигтэн хэргийг ганцаараа үйлдсэн бөгөөд халдлага үйлдсэний дараа тэрбээр амиа хорложээ.
Энэ аймшигт хэргийг тус коллежийн 4 дүгээр курсын оюутан үйлдсэн бөгөөд 18 настай сэжигтэн Владислав Росляков нь сэтгэцийн хувьд эрүүл нэгэн байсан ба тэрбээр өнгөрсөн 9 дүгээр сард хууль ёсны үндсэн дээр ангийн буу худалдан авч байжээ.
Влад ээжийн хамтаар Крым хотод байр түрээслэн амьдардаг байжээ. Түүний эцэг эх салсан бөгөөд тэрбээр аавтайгаа ямар нэг холбоогүй байдаг байж. Влад гэмт үйлдэл хийж байхад ээж Галина нь хүүгийнхээ шархадуулсан сурагчдын амийг аврахаар эмчилж байсан гэнэ.
Учир нь түүний ээж сувилагчийн ажил хийдэг бөгөөд тухайн үед хүү нь энэ аймшигт хэргийг хийж буй гол хүн гэдгийг мэдээ ч үгүй байсан аж. Тиймээс хэрэг болсны дараа ээжийг нь ажлаас нь шууд цагдаагийн газар аваачин байцаалт авчээ. Тэрбээр хүүгээ яагаад ийм үйлдэл гаргасныг огт мэдэхгүй байгаа аж.
Владын ангийнхны ярьснаар тэрбээр тийм ч нийтэч нэгэн байгаагүй гэнэ. Үргэлж л цуврал аллага, гэмт хэргийн холбогдолтой кино үздэг байсныг ярьжээ. Үүнээс гадна олон нийтийн сүлжээ сайтад зөвхөн хоёр найздаа л өөрийн үйл явдалаа харуулах тохиргоотой харин бусад найздаа хаалттай тохиргоо хийсэн байжээ. Энэ хоёр найзынх нь нэг нь түүний найз охин аж.
Влад олон нийтийн сүлжээ сайтнаа бичсэн хамгийн сүүлчийн мессеж нь "Би чамд хайртай, хонгор минь" гэсэн үг байжээ.