Танилц: Сонгуулийн тухай хуульд дараах өөрчлөлт орно
2018/10/19
Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж гишүүн гаргасан байна. Тэрбээр хуульд хоёр өөрчлөлт оруулах юм байна. Тодруулбал,
- Сонгуулийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дахь хэсгийн “жил бүрийн” гэсний дараа “гуравдугаар сарын сүүлийн Ням гараг,” гэж нэмэх.
- Сонгуулийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.5 дахь хэсгийн “албан үүргээ гүйцэтгээгүй байна.” гэсний дараа “Хэрэв дээрх албан тушаалтнууд нөхөн сонгуульд нэр дэвших бол тухайн нөхөн сонгуулийн санал авах тов тогтсон өдрөөс 3 сарын өмнө ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байх ба нэр дэвшигчээр бүртгүүлсэн өдрөөс хойш ажил, албан үүргээ гүйцэтгээгүй байвал зохино” гэж нэмэх юм байна.
Ингэж нэмэлт шаардлагаа УИХ-ын гишүүн дараах байдлаар тайлбарласан байна. Тодруулбал, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.9 дахь хэсэгт Монгол Улсын иргэн нь шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. Сонгох эрхийг арван найман наснаас эдэлнэ. Сонгогдох насыг төрийн зохих байгууллага, албан тушаалд тавих шаардлагыг харгалзан хуулиар тогтооно гэж заасан байна. Гэвч Монгол Улсын Их Хурлын 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 62 дугаар тогтоолын 1, 2 дахь заалтаар Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт нөхөн сонгуулийг 2018 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс товлон зарлаж, санал авах өдрийг мөн оны 10 дугаар сарын 7-ны өдрөөр тогтоогоод байсныг нэр бүхий иргэд Үндсэн хуулийн зарим заалтыг зөрчсөн хэмээн үзэж мэдээлэл гаргасан бөгөөд Үндсэн хуулийн дунд суудлын хуралдаанаас Монгол Улсын Их Хурлын 2018 оны 62 дугаар тогтоолыг түдгэлзүүлэх дүгнэлт гаргаад байгаа билээ. Иймд төрийн албан хаагчдыг нөхөн сонгуульд оролцуулах хуулийн зохицуулалтыг орхигдуулж, хууль зүйн баталгаа хангах үүргээ төр биелүүлээгүй байхад нөхөн сонгууль зарласан нь төрийн жинхэнэ албан хаагчдыг нөхөн сонгуульд оролцох боломжгүй болгож, улмаар иргэн хүн сонгогдох эрхээ эдлэхэд тэгш бус шаардлага тавьж байгааг, Төрийн жинхэнэ албанд ажилласных нь төлөө иргэнд хуулиар биелүүлэх боломжгүй шаардлага тавьж, сонгогдох эрхээ хязгаарлуулж байгаа зэрэг иргэн хүнд Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж чадахгүй байгаа хуулийн учир дутагдалтай зүйл, заалтыг засч сайжруулах, нөгөө талаас Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн 27.052 иргэд, сонгогчид төрийн эрх барих дээд байгууллагад одоо болтол төлөөлөлгүй байгаа тул уг хуулийн төслийг боловсруулсан байна.
Хэрвээ хуулийн төслийг УИХ-аар хэлэлцээд батлах юм бол батлагдсан өдрөөсөө эхлэн дээрх өөрчлөлтүүд мөрдөгдөх юм.
Хууль батлагдсаны дараа хууль тогтоомжийн уялдаа холбоо сайжирч, хуулийн хийдэл, зөрчил арилах хийгээд иргэд, хууль хэрэгжүүлэгч болон түүнийг хэрэглэгчдэд нэг мөр ойлгомжтой болох эерэг нөлөөтэй. Улсын болон орон нутгийн төсвөөс ямар нэгэн нэмэлт зардал гарахгүй юм байна.
УИХ-ын нэгдсэн чуулганаар энэ хуулийн төслийг хэлэлцэх явцад хэн ямар байр суурьтай байгаа талаар эргэж мэдээлэх болно.
N · 2018/10/20
Songuuliin huulind songuulid ner devshigch songuulid garah zardlaa bodit baidlaar tailagnana! Tegj baij mungunii songuuliig hazaarlana!!!