Гэр рүү нь дайрч орж, хутга тулган эхнэрийг нь барьцаалсан хэрэг гарчээ
2018/10/22
Энэ сарын 20 буюу хагас сайн өдөр нийслэлийн Баянзүрх дүүргийн 24-р хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгэн айлд хутгатай этгээд дайрч, эхнэрийг нь барьцаалаад аваад явчихлаа гэх дуудлага цагдаагйин байгууллагад иржээ.
Хэргийг тодруулбал, тухайн өдөр гэртээ унтаж байсан эхнэр нөхөр хоёрын гэрт нь хоёр этгээд цонхыг нь хагалж ороод, нөхөрт нь хутга тулган эхнэрийг нь авч явсан байна. Тухайн хэргийг үйлдсэн этгээд барьцаалан авч явсан гэх бүсгүйтэй өмнө нь үерхэж байсан аж. Харин хамт гэр лүү нь дайрч орсон нэг нь түүний найз байсан бөгөөд тэд хоёул согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байжээ. Үерхэж байх үедээ тус бүсгүйг зодсон хэргээр Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгагдаж байх үедээ дахин гэмт хэрэг үйлдсэн байна. Хэрэг үйлдсэн гэх хоёр этгээд тухайн бүсгүйг гэрээс нь авч гараад приус маркийн автомашинд суулган авч явсан байна. Хүч хэрэглэн авч явсан бүсгүйгээ дээрх этгээдүүд биед нь гэмтэл учруулаагүй болох нь тогтоогдсон байна. Харин нөхөр нь гэмтэл бэртэл аваагүй бөгөөд цагдаагийн байгууллагад мэдээлж дуудлага өгөхдөө “Согтуу хүмүүс гэр лүү минь дайрч, эхнэрийг минь аваад явчихлаа” хэмээжээ. Гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цагдаагийн байгууллагынхан эрэн хайх ажиллагааны үеэр Чингэлтэй дүүргийн нутагт дэвсгэрт дайчлан баривчилжээ. Ийнхүү сэжигтнүүдийг 48 цагийн цагдан хорих арга хэмжээ авсан байна. Өнөөдөр дээрх этгээдүүдийг цаашид цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах эсэхийг шүүхээр шийдэх юм. Бүсгүйн өмнөх найз залуу байсан гэх 40 настай Э нь Баянзүрх дүүрэгт шалгагдаж, батлан даалтад байх хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдсэн учраас хорих хуулийн заалттай юм. Албаны эх сурвалжийн мэдээллээр хэрэг үйлдсэн сэжигтэн нь сэтгэцийн өвчтэй байж болзошгүй 1978 онд төрсөн Э гэх нэгэн байсан аж. Одоогийн байдлаар цагдаагийн байгууллага мөрдөн шалгаж байна.