Миний бие Энхболд овогтой Ариунсайхан  1991.03.09 нд Ховд аймагт төрсөн.  Одоо 22 настай.  Ам бүл: 6-лаа. Ээж Дүгэрийн Бадамхорлоо 34 насандаа  1996.08.12-ний  өдөр автын ослоор нас барсан.

Түүнээс хойш өнчин ах дүү нарыг минь аав Хүүхлээгийн Энхболд   асран хүмүүжүүлж байгаад  3-н жилийн дараа  1999.08.23-ны өдөр   өвчны улмаас өөд болсон. Ээжийгээ  өнгөрөхөд би 5 настай үлдсэн. Амьдралын нарийн ширийн асуудлыг мэдэхгүй аавтайгаа л байхад жаргалтай санагдаж, ээжийгээ санаж, ааваасаа нэхэж байснаа бүдэг бадаг санадаг. Аав минь Ховд аймагт Гэрэл зургийн газарт зурагчин хийдэг байсан. Ховдынхон аавыг минь сайн мэддэг бөгөөд их хүндэлдэг байсан.   Гэтэл аав минь биднийг орхин одоход ах дүү бидэнд амьдрал дэндүү хатуу санагдаж, дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу байлаа. Ингээд бид  аавынхаа төрсөн дүү Хүүхлээгийн Алтанцэцэгийн асран хамгаалалтанд үлдсэн боловч эгч минь 2000.11.09 –ний өдөр зуурдаар нас барж бидэнд дахин хүнд байдал тулгарсан. Авга эгч минь биднийг хамтад нь өсгөж хүмүүжүүлэх нь дээр гэж бодож байсан байх.  Амьдрал нэг хатуу хандахаар нэг мөсөн л хатуу ханддаг юм шиг санагдаж байсан. Ингээд ах дүү бид нэгэнт өөрсдийнхөө амьдралыг авч явж чадахгүй учраас аав ээжийнхээ ах дүүгийн шийдвэрээр айл айлд тарж амьдрах болсон.  Зарим нь хотод, зарим нь Ховдод, зарим нь Налайхад амьдрах болсон.Нэгнийгээ санах, ээж аавыгаа санаж бэгтрэх,  амьдарч байгаа айлынхаа ааш занд нь таарч амьдрах, айлын тогоо харах энэ хэцүү амьдралыг бид 6 даван туулсаар өнөөдрийг хүрсэн. Гэхдээ дан ганц өөрсдийнхөө хүчээр энэ хэцүү амьдралын нугачааг туулсангүй. Аав ээжийн ах дүү, нутгийн ах дүү, найз нөхдийнхөө буянгаар өнөөдөр  бид хүний зэрэгтэй  амьдарч байна. Миний хувьд  2000  онд  Хан-Уул Дүүргийн  7-р сургуульд  орж  2009  онд  төгссөн.

 2010 онд /Олон Улсын Эдийн  Засаг Бизнесийн Дээд  Сургуульд /  элсэн орж , орсон цагаасаа ангийн дарга хийж, сургуулиас зохиосон олон тэмцээн уралдаанд амжилттай оролцож байсан, Ангийн болон сургуулиас зохион байгуулагдах олон нийтийн ажилд ангийхныгаа хошуучлан оролцож, манлайлж байсан. Би бүжиглэх дуртай. Сургуулийнхаа арга хэмжээн дээр өөрөө бүжгээ дэглэн оролцдог байсан. Мөн 2011 оны сургуулиас зохион байгуулсан /АХА/ тэмцээнд амжилттай оролцож 1-р байр эзэлж Алтан медаль, өргөмжлөл, мөнгөн  шагналаар шагнуулж байсан.  Элсэн орсон сургуулиа төгсөж, магистрийн зэрэг хамгаалж, эх орон, өсгөж хүмүүжүүлж өгсөн ах дүү нартаа ачийг хариулна даа л гэж бодож байлаа. Гэтэл өнөөдөр элэгний цирроз гэсэн оноштой хүнд өвчин тусаж, яаралтай элэг шилжүүлэн суулгах мэс хагалгаанд орох шаардлагатай болсон.

Ингээд амьдралд минь дахин хүнд байдал тулгарч хэцүү байдалд орсон. Амьдралд тохиолдох бэрхшээл бүрийг даван туулах сэтгэлийн тэнхээтэй байсан, байх ч болно, гэхдээ эрүүл мэндийн энэ хэцүү зовлонг даван туулахад надад сэтгэлийн тэнхээ, тэвчээрээс гадна олны хүчээр босгох мөнгөний тусламж асар их хэрэгтэй болсон.  Хамгийн түрүүнд аав ээж минь байсан бол би ингэж өвдөхгүй байх байсан, мөн өвдсөн ч аав ээж минь миний төлөө ихийг хийх байсандаа гэж бодож байсан. Бид ах дүү олны буянгаар өсөж, том болцгоосон. Хүнд өвчнөөс салахад олны хүч тус болох байх гэдэгт бүрэн итгэлтэй байгаа би. Ард түмэн минь олны хүч оломгүй далай гэж ярьдаг. Иймээс буянтай ах дүү,  олон түмэн минь өнчин надад өвчин зовлонгоос минь салгахад  сэтгэл зүрхээрээ туслаач гэж та бүхнээс хүсэж байна.

Харилцах утас: 94003622, 89857374

Дансны дугаар: ХААН БАНК- 5030343082

151020 Тусгай дугаарт 1993 гэсэн мессеж илгээнэ үү

Та бүхнийг хүдэтгэсэн: Энхболдын Ариунсайхан. /ОУЭЗБДС-ийн ГаальТатварын ангийн III курсын оюутан./

                                                                                                   

Сайн үйлс дэлгэрэх болтугай.