2008 оны сонгуулийн будлиан, булхайгаас үүсэлтэй гэх  долоодугаар сарын 1-ны аймшигт хэрэг дахин сөхөгдөж, уг хэргийн жинхэнэ эзэд, ялангуяа таван хүний халуун амь хорооход хүргэсэн гэм буруутанг олж тогтоож таарна хэмээн хүлээх хүн цөөнгүй ажээ. Уг хэрэгт буруутан болж, 3,6 жилийн ял эдэлж буй цагдаагийн генерал Ч.Амарболд, 2,6 жилийн ялтай хурандаа Ш.Батсүх нарыг удахгүй суллах бололтой. Тэд хорих Цагдан хорих 461 дүгээр анги буюу “Ганц худаг”-т  хоригдох хугацаандаа элдэв зөрчил, дутагдал гаргаагүй, “Хамгийн сайн хүмүүжигч” болцгоосон гэж албаны эх сурвалжууд хэлж байна. Иймээс тэднийг ирэх гуравдугаар сарын дундуур магадлангаар суллана гэнэ. Өнгөрсөн оны арвандугаар сард тэдний “хам хэрэгтэн”, цагдаагийн хурандаа О.Зоригтыг биеийн эрүүл мэндийн байдлынх нь улмаас магадлангаар сулласан юм.

 

Ш.Батсүхын хувьд байлдааны зэвсгээр хүний амь хөнөөсөн хэрэг гарсан  шөнө Боловсролын их сургуулийн ойролцоох замаар машинтай давхиж явахдаа “Та нар ийм муу бууддаг юм уу, Ингэж бууддаг байхгүй юу” гээд гудамжаар гүйлдэж байсан хүмүүсийн араас өөрийнхөө буугаар буудсан” хэмээх яриа хэргийг шалгах явцад хүчтэй яригдаж байлаа. Гэхдээ Ч.Амарболд нь ч, хурандаа Ш.Батсүх ч тушаал авсан “цэргийн” хүмүүс юм.  Харамсалтай нь тэдэнд тушаал өгсөн жинхэнэ эзнийг тогтоож чадаагүй. Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан хошууч генерал Ч.Амарболд “Би хэн нэгэн хүнд иргэд рүү буудах тушаал өгөөгүй” гэдэг. Тэгвэл  Онц байдлын комиссыг толгойлж байсан Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Мөнх-Оргил шууд дээрээс нь цагдаагийн хурандаа нарт тушаал өгсөн үү. Ийм асуултын хариу өнөөдрийг хүртэл таг чиг байна. Аливаа учир битүүлэг юм бүхэн араасаа бөөн хардлага дагуулдаг хойно хүмүүс түүнийг өнөөдөр ийнхүү хардах эрхтэй болов уу. Зарим эх сурвалжууд “Генерал, хурандаа нарыг сулласан ч удахгүй Ц.Мөнх-Оргил нарыг мөрдөн шалгаж эхлэх байх. Тиймээс тэр үед Ерөнхий сайд байсан С.Баяр энэ хэргийн амьд гэрч болох биз” гэж байна.

                                                                                                              

    Б.Отгонбаяр