Пүрэв гарагт Японы автомашин үйлдвэрлэгч “Toyota” компани хажуугийн тольгүй “Lexus ES 300h” загварын автомашиныг олон нийтэд танилцуулсан бөгөөд толины оронд камеруудыг суурилуулсан ажээ.

Уг камерууд нь эгнээ шилжих болон өөр бусад тохиолдолд автомашины эргэн тойрныг тээврийн хэрэгсэл дотроосоо хянах боломжийг бүрдүүлсэн байна.

Компанийн мэдээлснээр, эдгээр камерууд нь гэрэл хязгаарлагдмал үед буюу харанхуйд болон хонгилд явж байх үед эргэн тойрныг энгийн тольтой харьцуулахад илүү тод харуулах аж.

Түүнчлэн хэрэглэгчид энэхүү системийг заавал суулгуулах албагүй бөгөөд энэ нь 2 мянга орчим ам.долларын үнэтэй бөгөөд одоогийн байдлаар зөвхөн нэг загварын автомашинд суурилуулаад байгаа юм.

“Toyota” компанийн ахлах мэргэжилтэн Ёшихиро Савагийн мэдээлснээр, өөр бусад загварын тээврийн хэрэгслүүдэд суурилуулахдаа үнийг нь хямд байлгахаар төлөвлөж байгаа аж. Мөн тус компани нь камерын систем бүхий автомашинуудыг олноор нь үйлдвэрлэсэн анхны компани болсон байна. 

Э.Хулан

Эх сурвалж: Монцамэ агентлаг