“ХААН” банк “Ноцтой” алдаа гаргажээ
2018/10/27
“Хаан” банкны ажилтан харилцагч иргэн н.Ганзоригийн хадгаламжийн мөнгийг өөр хүнд өгсөн ноцтой зөрчил гаргасан байна. Иргэн н.Ганзориг өнгөрсөн долдугаар сарын 6-ны өдөр бусдын адил Солонгос улс руу явахаар “Хаан банк”-ны Ардын эрхийн салбарт 120 хоногийн хугацаатай 5 сая төгрөгийг байршуулсан байна. Гэтэл визний хариу 10 дугаар сарын 20-д хүртэл гарахгүй болохоор 10 дугаар сарын 21-нд тус салбарт очоод мөнгөө авах гэтэл мөнгө нь байхгүй болчихсон байсан аж. Тодруулбал,2018 оны долдугаар сарын 06-ны өдөр байршуулсан 5 сая төгрөг 3 хоногийн дараа буюу 2018 оны долдугаар сарын 09-ы өдөр буцаад гарчихсан байсан аж. Тодруулбал,тухайн иргэний гарын үсгийн хуурамчаар зураад 5 сая төгрөгийг нь авчихсан байсан аж.
Энэ талаар иргэн н.Ганзориг мэдээлэл өгөхдөө “Солонгос улс руу явахаар долдугаар сарын 06-ны өдөр “Хаан” банкны дансанд 5 сая төгрөгний хадгаламж нээсэн. Гэтэл данс нээснээс хойш гурав хоногийн дараа миний мөнгийг авчихсан байна. Тэгээд Ардын эрхийн хаан банкны салбарын ахлах теллер надад “Таны мөнгийг авчихсан байна. Та Ардын салбар дээр очоорой. Тэр салбар таны асуудлыг шийдэж өгнө” гэж хэлсэн. Тэгээд би тухайн салбар дээр очоод бизнес хариуцсан захиралтай нь уулзсан. Тухайн салбарын захирал миний асуудлыг шалгаад шийдвэрлэж өгнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл шийдвэрлэж өгөөгүй байна. Ийм учраас би харъяа хуулийн байгууллагад хандаж байгаа” хэмээн хэллээ.
“Хаан” банк монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа банкууд дотроос хамгийн өргөн сүлжээг хамарч байгаа монополь байгууллага. Гэтэл харилцагчийн данснаас нь дурын хүн орж ирээд данс дахь мөнгийг нь аваад дэвтэрийг нь хаалгаж байхад тухайн банкны харилцагч мэдэхгүй, ийм ёс зүйн хариуцлага алдаж болох уу. “Хаан банк”-ны хариуцлагагүй үйлдэл үүгээр дуусахгүй.
ШӨХТГ-аас өнгөрсөн тавдугаар сард иргэд, хэрэглэгч, аж ахуй нэгжээс ирүүлсэн гомдол, саналын мөрөөр хийгдсэн хяналт, шалгалтын ажил болон зарим онцлох ажлуудын талаар мэдээлэл хийж байсан. Тус мэдээллийн үеэр тус банктай холбоотой бас нэг ноцтой асуудал гарч ирсэн.
Тодруулбал, ШӨХТГ-т ирүүлсэн мэдээллийн мөрөөр шалгахад “Хаан банк” ХХК нь 2017 оны аравдугаар сарын 5-ны өдрийн 02/381 тоот тушаалаар Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрлийн дагуу уйл ажиллагаа эрхлэгч даатгал, үнэт цаас, хадгаламж зээлийн хоршоо, банк бус санхүүгийн байгууллага болон ломбардын харилцах дансны доод үлдэгдэл 20,000 төгрөг байсныг 1,000,000 төгрөг, жилийн хүү 0%, данс хөтөлсний хураамж авдаггүй байсныг cap бүр 5,000 төгрөг авах шийдвэрийг гаргасан байгаа юм. Энэхүү шийдвэртэйгээ холбогдуулан Хаан банкны зүгээс харилцагч санхүүгийн байгууллагуудад дээрх нөхцөлтэйгөөр гэрээгээ шинэчлэх, шинэчлээгүй тохиолдолд данс гүйлгээг хязгаарлаж зарлагын гүйлгээ хийхгүй байх анхааруулгыг хүргүүлсэн байдаг. ШӨХТГ-ын хийсэн шалгалтаар Хаан банк ХХК-ийн дээрх үйлдэл нь өрсөлдөөний тухай хууль, зөрчлийн тухай хууль зөрчсөн нь баримтуудаар нотлогдсон тул 493,387,520 төгрөгийн торгууль ногдуулж байсан юм.
Мөн үүнээс гадна 2018 оны дөрөвдүгээр сард Шүүхийн байгууллагын хууль бус ажиллагааны талаар сэтгүүлч М.Наранбаатар мөн хуульчид “Хаан” банк болон шүүгч нартай холбогдолтой ноцтой баримт дэлгэж байсан. Тухайн үед Сэтгүүлч М.Наранбаатар “Сүүлийн үед УИХ-ын гишүүн Х.Нямбаатар Монгол Улсын шүүхийн байгууллагатай холбоотой мэдээллийг олон нийтийн анхаалд оруулсан. Шүүгчийн талаар сайн муу олон мэдээлэл гардаг. Одоо шүүхийн байгууллагатай холбоотой нэгэн ноцтой баримт дэлгэе. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа ХААН банктай холбоотой мэдээлэл нэг ноцтой мэдээлэл ил боллоо. Дээд шүүхэд явуулсан нэг бичиг байна” гэв.
ТУС БАРИМТ НЬ:
“Монгол улсын дээд шүүх иргэний хэргийн танхим тэргүүн танаа
Орон нутгийн шүүх ажилтнуудаас ирүүлсэн санал хүсэлтийг судлан үзээд шүүхийн ерөнхий зөвлөлөөс хаан банктай хамтран бүх шатны шүүгч ажилтнуудынхаа нийгмийн ахуй амьдралыг сайжруулах зорилгоор тэдэнд санхүүгийн иж бүрэн үйлчилгээ үзүүлэх уян хатан нөхцөлөөр зээл олгох орон сууц худалдан авахад нь зориулж хөнгөлттэй нөхцөлөөр зээл авах болсноор харилцан тохиролцож хамтран ажиллах болсноос хойш даруй нэг жилийн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд шүүхийн бүх ажилтнуудад хөнгөлттэй нөхцөлөөр орон сууц хашаа байшин худалдан авахад нь зориулж хаан банкнаас 174 шүүхийн ажилтанд зээлийг олгож тэдний ахуй амьдралд нь хувь нэмэр оруулжээ. Хаан банк нь нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор дээрх ажлуудыг зөвхөн шүүхийн байгууллагатай хамтран зохион байгуулан үзүүлж байгаа бөгөөд манай хоёр байгууллагын энэхүү үйл ажиллагаа харилцан үр дүнтэй эрчимтэй хэрэгжиж байгаад сэтгэл хангалуун байдаг. Цаашдаа хамтын ажиллагаа улам өргөжин тэлж нөөц боломжийг ашиглаж чадна гэдэгт бид бүхэн итгэлтэй байна.
Эрхэм шүүгч танд энэ өөдрөг сайхан эрхэм үйлсийг дуулгахын ялдамд манай банктай холбоотой орон нутгийн шүүхийн байгууллагын шийдвэрлэсэн иргэний хэргийн хууль бус шийдвэртэй холбоотой асуудлаар хандаж байгаад хүлцэл өчье.
Иймд эрхэм шүүгч таныг энэхүү хэргийг тусгайлан авч үзэж хэргийг бүрэн бодитой тал бүрээс шинжлэн авч үзсэний үндсэн дээрээс хэргийн нотлох баримтыг зөв дүгнэн үнэн шударга гаргаж өгч туслахыг хичээнгүйлэн хүсье” гэсэн хүсэлт бүхий баримт ил болсон. Хуульчдын судалснаар 2013-2014 он хүртэлх нэг жилийн хугацаанд “Хаан” банктай холбоотой 34 хэргийг 100 хувь хаан банкны талд шийдэгдсэн байсан нь мэдэгджээ. 2008 оны байдлаар 174 шүүгчид 3,5 тэрбум төгрөгийн уян хатан нөхцөлтэй зээлийг сарын 1 хувийн хүүтэй олгосон гэх баримтыг тэд дурдаж, энэ нь шүүхийн хараат бус байдалд нөлөөлсөн байж болзошгүй гэж хардаж байгаагаа хуульчид илэрхийлж байсан юм. Олон мянган иргэдийн итгэл хүлээсэн монополь банк ийм алдаа гаргаж болох уу. “ХААН БАНК”-д мөнгө хадгалуулах нь найдвартай, итгэл дааж, данс дахь мөнгө бүрэн бүтэн байх уу гэдэгт эргэлзэж байна.
Эх сурвалж: Chuhal.mn