Хурдан морь унаач хүүхдүүдээ үнэлэх цаг болсон!!!
2014/02/09
Монголчуудын үндэсний өв соёлын нэг хэсэг бол яах аргагүй хурдан морины уралдаан. Гэхдээ соёл, уламжлалаа өнөөдрийг хүртэл хадгалж ирснийхээ хэмжээгээр бид төгөлдөршүүлэх ёстой. Гэвч бид өнөөдрийг хүртэл бүрэн утгаар нь төгөлдөршүүлж чадалгүй зугаа цэнгэлдээ ирээдүй болсон хүүхэд багачуудаа золиосолсоор байна. Тодруулбал улсаас хориглочоод байхад 2014 оны нэгдүгээр сарын 23-наас орон нутагт хаврын уралдаан эхэлсэн бөгөөд хоёрдугаар сарын 6-ны өдөр хүртэл нийт 67 уралдаан болж, давхардсан тоогоор 3623 хүүхэд хурдан морь унасан байх юм. Тэдний 27 нь мориноос унаж, нэг нь хүнд бэртсэн. Хөвсгөл аймгийн Мөрөн суманд шинийн 8-нд болсон хурдан морины уралдааны үеэр 14 хүүхэд мориноос унаж, нэг нь тархиндаа хүнд гэмтэл авчээ. Өөрөөр хэлбэл он гарсаар 42 хүүхэд морин уралдааны үеэр мориноос унаж хүнд, хөнгөн гэмтжээ. Хориглосон үед уралдаан зохон байгуулсан бүх хүнд хуулийн дагуу хариуцлага тооцуулах ёстой. Өөрөөр хэлбэл Засгийн газрын 2005 оны 119 дүгээр тогтоолоор баталсан “Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны дүрэм”-д намрын дунд сарын 17-ноос дараа жилийн хаврын тэргүүн сарын шинийн 3 хүртэл хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглосоор байхад зугаа цэнгэлдээ хөтлөгдөн хүүхдүүдийг хүнд хөдөлмөрт татан ороцуулсан байгаа юм.
Өнөөдөр унаж бэртсэн хүүхдүүдийн эмнэлэгийн зардал, сэтгэл санааны хохирол зэрэг олон асуудлыг морины эзэн хариуцах нь юу л бол... Өөрөөр хэлбэл хурдан морийг хэдэн сая, бараг тэрбум төгрөгөөр авдаг байж унаач хүүхдийг ар гэр, царайгаар нь дүгнэж л хөлсөлдөг. Өөрөөр хэлбэл уралдааны дүрэмд унаач хүүхэд шан харамж, шагнал авах ёстой, мөн унасан морь нь айргийн тавд багтсан бол тусгай шагнал авах “хуультай”. Харамсалтай нь энэ мөрдөгдөх нь битгий хэл унаач хүүхдийн хөдөлмөрийг хэрхэн үнэлэхээ уяач, хурдан морины эзэн тааллаар л шийднэ.
Өнөөдөр хурдан морины уралдаанд оролцож байгаа унаач хүүхдүүд хувцас, хамгаалалт, гутал, эмээл, бүр морины хазаарт нь хүртэл стандарт тогтоож өгсөн байдаг ч дагаж мөрдөх нь ховор. Стандартын дагуу хувцас хэрэглэл өмсүүлээгүй иргэнийг 10-20 мянган төгрөг, аж ахуй нэгжийг 50-100 мянган төгрөгөөр торгодог. Өөрөөр хэлбэл нэг унаач хүүхдийн амь насыг хэдэн халтар төгрөгөөр л үнэлж байгаа хэрэг. Хариуцлагыг нь чангатгаад өгмөөр байгаа юм.
Ядаж л морь унаач хүүхэддээ дээд зэргийн хамгаалалтын хувцас хэрэглэл авч өгөөд, морь унуулахад тогтсон тариф тогтоогоод, унасан бэртсэн тохиолдолд бүх хариуцлагыг нь уяач үүрдэг болох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл уяачид морио л бордоод тордоод байхаас “хүний хүүхдийг нэг л удаа” гэсэн хүйтэн сэтгэлгээг хүний хүүхэд хүүхэд миний хүүхдээс ялгаагүй гэсэн сэтгэлгээтэй болгочихмоор байна.
Т.Энгүүн
Зочин · 2014/02/10
> ugasa ene hurdan morinii bolson boloogui uraldaaniig tsegtsleh ****rdlagatai arai denduu baina odo hen durtai ni mori uralduuljiinshdee huuli gargaj horigloh heregtei tegehgui bol mongold hudulmuriin chadwartai humuus uldehgui shu