“Монгол модель” агентлагийн загвар өмсөгч, Mongolia’s next top model” нэвтрүүлгийн оролцогч Ч.Чамин-Эрдэнэ зуурдаар нас барсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Манай сурвалжлах хэсэг хэрэг болсон газарт очсон юм.

Хэрэг болсонтой холбоотойгоор  “Кэй Эйч” апартментийн харуул хамгаалалт эрс чангарсан байсан бөгөөд энгийн хувцастай цагдаа эргүүл хийж байлаа.

Бид талийгаачийн унасан гэсэн “Кэй Эйч” апартментийн 11-р давхарт гарахад орцны тагтны хоёр талын  дөрвөн хаалга цоожлогдоогүй буюу байсан юм.

Хэрэг гарсан өдөр талийгаач 16:00 цагийн орчимд хотхоны үүдээр орж, үүнээс цаг хүрэхгүй хугацааны дараа өөрийн амьдардаг орцны хажуугийн орцны 11 давхрын цонхноос унаж, амиа алдсан байна. Нас барсан хэргийн газарт очих үед талийгаачийн  дагзны ард хэсэгт бяцарсан, нурууны ард талын хэсэгт их хэмжээний зулгаралттай байсан аж.  Хэргийн газраас  эд мөрийн баримтаар  тамхины иш 3 ширхэг,  нэг ширхэг түлхүүр,   iPhone-6 гар утас,  нэг ширхэг шар айрагны шил олдсон байна. Хэргийн газрын камерын бичлэгт талийгаач “Кей-Эйч” апартментийн “B1” давхраас ганцаараа цахилгаан шатанд сууж 11 давхарт гарч буй хяналтын камерын бичлэг байгаа аж.

Хэрэг болсон газарт  талийгаачийн байж болзошгүй уруулын будагны мөр  тагтан дээрх цонхны бариулд үлдсэн нь анхаарал татаж байсан юм.  

Талийгаач өмнө нь хоёр  удаа амиа хорлох оролдлого хийж байсан аж.  Учир нь Ч.Чамин-Эрдэнийн хувьд сэтгэл гутралд орох үйлдэл их ирдэг байсан гэх.

Хэргийг эргэн сануулахад

2018 оны аравдугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хурд” хорооллын “Кэй Эйч” апартментийн 11-р давхраас унаж, нас баржээ. Дээрх хэргийн тухай дуудлагыг тус хорооллын үйлчилгээний ажилтан цагдаагийн 102 дугаарын утсанд мэдээлсэн байна. Дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн шуурхай албаны алба хаагчид хэргийн газарт очих үед Баянгол дүүргийн харьяат, 1996 онд төрсөн, 22 настай Чимгээгийн Чамин-Эрдэнэ өндрөөс унаж, нас барсан байдалтай олдсон байна. Улмаар талийгаачийн цогцсыг шүүх эмнэлэгт хүргүүлж, хэргийн газраас 47 кадр зураг, хохирогчийн хурууны хээг авч нотлох баримтад хавсаргажээ. Дээрх хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах  албанаас мэдээлэхдээ “Талийгаачийн үхэлд одоогоор гадны нөлөө орсон зүйл тогтоогдоогүй, анхан шатны дүгнэлтээр амиа хорлосон байж болзошгүй. Хэргийн мөрдөн шалгалт явагдаж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм.

 

Талийгаачийн ойр тойрныхон юу ярив?

Ч.Чамин-Эрдэнийн  ар гэрийнхэн болон найз нөхдийн зүгээс түүнийг амиа хорлох хүн биш гэх мэдээллийг өгч байна. Түүний ээж Г.Чимгээ: “Бидэнд охины цогцсыг харуулаагүй. Зургаас харахад нүүр нь цэвэрхэн, ам нь эцсээ хүртэл том ангайсан, царай нь цонхийсон байсан. Их айж сандарсан гэмээр харагдаж байсан. Мөн хоёр өгзөгнийх нь арьс зулгарсан, футболкны баруун мөрөн дээр толбо болсон, цамцных нь зүүн тохойн хэсэг иртэй зүйлээр зүссэн мэт урагдсан гэж харсан. Охиныг маань чирсэн гэж бодож байна” гэсэн юм.

Талийгаачийн хамаатан Т гэгч: “Чамин-Эрдэнэ яавч амиа хорлох хүн биш гэдгийг баттай хэлнэ. Амиа хорлоогүй гэдгийг хэлж чадна. Түүнийг амиа хорлосон гэж мэдэж бичсэн эх сурвалж маш сонин санагдаж байна. Алуурчин амьд яваа гэдгийг хэлье” хэмээжээ.

Ийнхүү цагдаагийн байгууллагын албаны эх сурвалж болон талийгаачийн ар гэрийнхний зүгээс дээрх хэргийн талаар хоёр өөр байр суурьтай байгаа ч шүүх эмнэлгийн дүгнэлтээс бүх зүйл шалтгаалах юм. Шүүх эмнэлэг дүгнэлтээ 21  хоногт багтаан гаргана. Шинжилгээгээр согтуурсан байсан эсэх, гадны нөлөөтэй эсэх гээд олон таамаглалд цэг тавих боломжтой.

Өөрөөр хэлбэл  талийгаач ганцаараа байхдаа амиа хорлосон байж болох ч амиа хорлох хүртэл дарамт үзүүлсэн эсэх, гадны нөлөөтэй  юу гэдгийг цагдаагийн байгууллага тогтоох болно.

Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно.