Бүх идээ бээрээ шахая
2013/03/24
Хүн бүр улс төрч болохгүй албагүй ч хүн бүр үгээ хэлэх эрхтэй. Би ганцаараа дуугарлаа гээд юм өөрчлөгдөх биш дээ гээд суугаад байх биш харин хэлж байж өөрчлөх ёстой гэсэн ухамсартай байх хэрэгтэй.
Дутагдлын хажуугаар дуугүй өнгөрч болохгүй гэсэн зарчмаар одоо ажиллах цаг болжээ. Идэвхгүй биш харин идэвхтэй амьдрах цаг болжээ. Монголын нийгэмд бий болсон бүхий л идээ бээрийг хагалах цаг болжээ. Өвчин угжирлаа, үүнээс цааш зам үгүй. Монголчууд өнөөдөр энэ маягаараа цааш хөгжих ямарч боломжгүй боллоо. Тиймээс өөрчлөн байгуулалт зайлшгүй. Юуны урьд хүн бүр үгээ хэлж, болохгүй бүтэхгүй зүйлсийг ярьж бичих цаг болжээ.
1990 оноос хойш өнөөдрийг хүртэл хуримтлагдсан бүхий л хууль бус үйлдлүүд захаасаа хагарч эхлэж байгаа боловч гол үүр нь хагараагүй л байна. Одоо бүгдээрээ бүх идээ бээрээ шахаж, өвчин зовонгоосоо салж, эрүүл болох цаг ирж байна. Гэхдээ энэ бүхэн хар аяандаа өөрөө явагдах процесс биш. Харин хүн бүрийн оролцоо чухал бас хүн бүр нууж явсан, ил хэлж чадаагүй бүх зүйлээ ярьж, хэлж, илчлэх хэрэгтэй. Төрийн хулгайгаас эхэлж болох юм. 1990 онд яг юу болсон бэ? Барууныхан ардчиллынхныг санхүүжүүлсэн гэдэг үнэн үү. Мөн алт диллерийн хэрэг гэгч юу вэ? Энэ хэрэгт хэн хэн нэр холбогдсон бэ? 20 –р тогтоол гэж юу вэ? Түүнээс ашиг хүртэгч нь хэн бэ? Хохирогч хэн байв.
Одоо үүнийг тодорхой болгох цаг болжээ. Мөн социализмын үед байгуулсан бүхий л үйлдвэр, заводуудаа устгасан. Өмч хувьчлал шударга бус явагдсан гэдгийг өнөөдөр хүмүүс хэлж байна уу? Тэгвэл өмч хувьчлалаас хэн хэн ашиг хүртсэн бэ? Экс ерөнхийлөгч Өргөө нэртэй зочид буудлыг хууль бусаар өмчилсөн хэргээр шүүхийн хаалга татсан. Гэвч үүнээс том том зочид буудлууд болон үйлдвэрүүдийг зориуд дампууруулж, дараа нь худалдаж авсныг одоо гаргаж тавих хэрэгтэй. Гутлын, гурилын, тоосгоны, барилгын, ноосны, ноолуурын, цементын, төмрийн гэх мэт үйлдвэрүүдээ устгачихаад капитализм байгуулна гэж байгааг юу гэж ойлгох вэ? Онолын төөрөгдөлд орж, тэнэгийн хараалд өртсөний илрэл дээ.
Мартагдаагүй байгаа банкнуудын дампуурлууд. Хотш банк, Ардын банкуудыг хэн хэн хуйвалдаж устгав. Хэн эндээс ашиг хүртсэн бэ? Одоо бүгд нэгэнт өнгөрсөн гээд эсвэл өнгөрсөн борооны хойноос цув нөмрөөд яах вэ гээд орхиж болохгүй.
Ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтанд байх ёстой гэж тунхагласан байгалийн баялгийг эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж авсан хүмүүсийн хэргүүдийг өнөөдөр ард түмэнд ил тод зарлах хэрэгтэй болжээ. Баялаг бүтээхийн оронд зүгээр л байгалийн баялгийг ухаад л шороотой нь гаргаж зарахийг бизнес гэж нэрлэх үү. Үүний үр дүнд монголын байгаль сүйрч бас тэр тумтнууд төржээ.
Тэд өнөөдөр төр, засгийн газарт тухлан сууцгааж байна. Өнөөдөр уул уурхай лицензүүдийг шалгах хэрэгтэй. Намаар дамжиж төрийн албанд сууж, төрийн албыг хувийн баяжих хэрэгсэл болгосон хүмүүсийг бас илчилцгээе. Тэднийг даруухнаар нэрлэвэл хууль бусаар хөрөнгөжигсөд, томоор нэрлэвэл төрөөс төрсөн тэрбумтнууд. Төрийн байгууллагуудын эд эс бүхэнд бугшсан, идээ бээрүүдийг хагалж, тэнд бий болсон хулгай, луйвар, булхайнуудыг илчлэх цаг болжээ.
Дүүрэг бүр, хороо бүр цаашлаад аймаг бүр сум бүр шударга ёсны төлөө бүхий л худлуудаа илчлэн зарлаач хэмээн уриалга дэвшүүлэх хэрэгтэй. Хүн бүр үгээ хэлэх цаг болжээ. Дуугүй суугаад л байвал сайхан нийгэм аяандаа бий болохгүй. Тэмцлээр л бий болно. Хүн бүр тэмцэцгээе.
Зочин · 2013/03/29
Монголын хөрөнгөлөг хүмүүсийн ихэнх хэсэг өөрийн хөдөлмөр, хичээл зүтгэл, оюун ухааны өндөр бүтээл чадвараар бус өөр аргаар хуримтлуулсаныг нь хэн ч маргахгүй хүлээн зөвшөөрөх байх.