Э.Бат-Үүл : Муу ёрын дохио
2018/10/30
Ямарваа хэргийг хянан шийдвэрлэхэд прокурор онцгой чухал үүрэгтэй. Хүмүүс прокурорыг яллагч гэдэг талаас нь ямагт хараад байдаг.
Угтаа бол прокурор шүүхийн өмнө очихдоо мөрдөн шалгах үйл ажиллагаа хуулийн дагуу явагдсан болохыг гэрчилж байгаа төрийн "гарал үүслийн гэрчилгээ" болон зогсож байгаа юм.
Мөрдөн байцаагч бол хууль гэхээс илүүтэй хэрэг илрүүлэх, түүнийгээ нотлох баримтаар баталгаажуулах ажилдаа хөтлөгдсөн этгээд. Заримдаа улайрчихдаг. Ийм үедээ мөрдөгч ихэнхдээ хувийн логик бодомжоо хэтрүүлснээс хэргийн талаар өрөөсгөл итгэл үнэмшилтэй болчихоод, түүндээ нотлох баримтаа тааруулах гээд байдаг юм.
Хүн угаасаа рационал гэхээсээ илүүтэй хувийн итгэл үнэмшил, үзэмжиндээ автдаг иррационал амьтан. Мөрдөгч бас хүн учраас ийм иррационал байдал руу хальтрах гэнэ. Ийм үед прокурор л иргэний нэг найдвар болдог. Учир юу гэвэл прокурор бол мөрдөгчийн иррационал амбицийг төрийн нэрийн өмнөөс хянаж, хуулинд захируулж буй өндөр мэрэгжлийн хуульч учраас! Харин, прокурор маань хуулийг нулимаад мөрдөгчийн захиалгаар, эсхүл өөрөө мөрдөгч шиг улайраад эхэлбэл иргэд өнгөрөх нь тэр. Бас гай болоход манай олон прокурор социализмын үеийн арга барилаасаа салаагүйг хэлэх үү.
Олон прокурор өөрийнхөө мэргэжлийн ажлыг нэн тэргүүнд яллагч талаас нь харна. Иргэнийхээ эрх, эрх чөлөөг хууль бус халдлагаас хамгаалагч гэдгээ одоо хэр нь сайн ойлгоогүй. Хуулийн эзэнт гүрний "торгон хилийн харуулын цэрэг" гэдгээ ч мэддэггүй.
Ийм болохыг сая, Гэр хороолол хөдөлгөөний тэргүүн Батсүхийг өндөг шидсэн хэргээр шүүсэн шүүх хурал дээр прокурор яруу тод харууллаа. Тухайн шүүх хуралд Улсын яллагчаар оролцсон нийслэлийн хяналтын прокурор Батсүхийг; танхайн сэдэлтээр санаатай зөвшөөрөлгүй цуглаан хийж танхайрсан, ажлаа хийж байсан захиргааны ажилчдыг айлган сэтгэлийн гүн хямралд оруулсан л байж таараа гэх зэргээр буруутгаад, 10 цаг албадан хөдөлмөр хийлгүүлж, 14 хоног хорих санал оруулжээ. Санал оруулаад зогсохгүй шүүх хуралдааны үеэр; зөвшөөрөлгүй цуглаан хийсэн, хүмүүсийг айлгасан л байж таараа! хэмээн шазруун мэтгэн үгээ хэлж байв.
Би, эрхэм прокурорын хэлсэн үгийг сонсоод эхлээд чихэндээ итгээгүй. Бодоод үз дээ! Хүмүүсийг айлгасан байж таараа! гэж таамаглаж байгаагаа ичихгүй хэлээд зогсож байдаг прокурор гэж байх уу?! Жагсаал цуглааны тухай хуулинд "зөвшөөрөл авах" гэдэг ойлголт үг ерөөсөө байхгүй атал зөвшөөрөл аваагүй хэмээн давшлаад зогсож байдаг прокурор гэж байх уу?! Зөвшөөрөл авах, бүртгэх, мэдэгдэх зэрэг хуулийн тэс өөр ойлголтуудын ялгааг мэдэхгүй зогсож байдаг прокурор гэж байх уу?! Тэгээд хуулинд байхгүй үг, ойлголт хэрэглэн санааныхаа таамгаа зүтгүүлэн үндэслээд эрх, эрх чөлөөгөө эдэлсэн иргэндээ хорих ял ноогдуулан зогсож байгаа прокурор байдаг аа?! Прокурор хүнд заавал байх ёстой өндөр мэргэжлийн ур чадвар хаачсан бэ?!
Ер нь шүүх хурлын үед, эрхэм прокурор маань мэргэжлийн өндөр ур чадвараа гайхуулсан хуульч гэхээсээ илүүтэй өөрийнхөө сэрдлэг, таамгаараа түрээ барин дарамтлаад мэдүүлэг авчих санаатай мөрдөгч шиг "нахальный" авирлаж байв. Батсүхийг гэмт этгээд хэмээн сэтгэлдээ аль эртээс товолчихсон нь илтэд аж.
Тийм л учраас, иргэнээ хууль бус үйлдлээс хамгаалах ёстой хэмээн өөрт нь хуулиар оноосон үүрэг, тангаргаа нулмичихсан, бүр эргээд Батсүхийг хууль бусаар ял ноогдуулангуутаа, түүнийгээ шүүхээс шаардаад зогсож авай.
Харин шүүгчид эрхбиш мэргэжлийн мэдлэг, түвшин дээгүүр байж таараад мөрдөгч, прокурор хоёрт таамгаа нотолж, ойлголтоо хуулинд нийцүүлэх үүрэг өгөөд уг хэргийг буцаажээ. Үнэндээ, шүүх илтэд Үндсэн хууль болон хууль зөрчин ял төлөвлөн орж ирсэн хэргийг яагаад шууд хэрэгсэхгүй болгоогүй юм бол? гэж би бодсон шүү!
Төрийн "гарал үүслийн гэрчилгээ" хулхи байлаа шүү дээ! Дараа нь прокурор нээнтэглэнэ гэж аймааргүйсэн?!
Хэрэв зээ хуулиа үл тоож байгаа прокуророос шүүх айж байгаа бол Батсүх шударгаар шүүгдэхгүй. Батсүхээр зогсохгүй бусад хүмүүс ч шударга шүүхээр шүүлгэх эрхээ алдаж эхэлсний чимээ. Энэ бол дарангуйллын өмнөх муу ёрын дохио!
Дарангуйлагч, таамгаар ялладаг нахальный прокурор, аймхай шүүхтэй тогтолцоон дээр дөрөөлж хүний эрх, эрх чөлөөг устгамой!
Э.Бат-Үүл
Зочин · 2018/10/31
Gansvxiig Elbegdorj shydarga bysiin xongiloor (nvvrsniizoxiomol xereg vsgej) xelmegdvvlen chirj bxad naad vgee xelj bxgvi yasan be Vvlee
ард түмэн · 2018/10/30
прокурор үнэхээр тэнэг бна даа солонгос прокуророор хичээл заалгасан нь дээр юм бна да
Зочин · 2018/10/30
Зайл